Мэндчилгээ
2016.10.01

Мэндчилгээ

Эрхэм хүндэт ахмадууд аа!

Нийслэлийн ажил амьдрал, бүтээн байгуулалттай салшгүй холбогдож үе үеийн түүхийг бичилцсэн эрхэм хүндэт та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн гал халуун мэндийг хүргэе.

Та бүхэн бол Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, бүтээн байгуулалтын төлөө залуу халуун нас, эрдэм мэдлэг, оюун ухаан, хүч чадлаа зориулан ажиллаж, бидний өмөг түшиг болж ирсэн хүмүүс билээ.

“Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш” гэж үгүй. Улс эх орныхоо хөгжил дэвшлийг улбаалан тээж өнөөдрийн амжилт бүтээлийг тавилцсан манай нийгмийн үнэтэй, гавъяатай хүмүүс болсон ахмадууд та бүхнийхээ эрх ашгийг огтхон ч орхиж, цалгардуулах ёсгүй.

Нийслэл, дүүргүүдийн төр захиргааны байгууллагаас ахмад настанаа хайрлан хүндэтгэж, ачлан энэрч, эрхэмлэн дээдлэх нь төрийн бодлогын анхаарлын төвд байвал зохих амин чухал асуудлуудын нэг. Өнөөдрийн байдлаар нийслэлд 106 мянган ахмад байна. Манай ахмадууд нийслэл, дүүргийн ахмадын 10 хороо, 152 зөвлөлд харьяалагдаж байгаа. Цаашид бид ахмад настны хөгжил хамгаалал, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн амьдралд оролцох оролцоог хангах талаар төр, засгаас гаргасан бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавих ажлыг эрчимжүүлж ажиллах болно.

Улс орны хөгжил дэвшил хойч үеийнхээ ирээдүйн сайн сайханы төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмадууддаа баярын мэндийг дахин өргөн дэвшүүлж, нийслэл дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэнд өөрсдийн хуримтлуулсан мэдлэг, туршлага, ухаанаараа цаашдаа ч үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Төр түмнийхээ түшиг болсон ахмадууд Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, дүүрэн баян, түвшин жаргалыг хүсэн ерөөе.

НИТХ-ын дарга Цэндсүрэнгийн САНДУЙ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сундуйн БАТБОЛД