МАН-ын дарга М.Энхболд намын ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Монгол Ардын нам ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд болон бусад албаны хүмүүс оролцлоо.
УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд намынхаа ахмадууддаа баяр хүргэж хэлсэн үгэндээ “...МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон ахмадуудын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ ЗГ-ын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт бүрэн тусгагдлаа.
Төрөөс ахмадын талаар баримтлах бодлогыг боловсруулж батлах, ач санах тухай хуулийг боловсруулж батлах, ахмадууддаа насны хишиг хүртээх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, ахмадуудын тэтгэвэрийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, ахмадын сургаалийг сонсож байх бүтэц бий болгох, ахмадуудаа асарч хамгаалж, үйлчилж байх газруудыг төрийн болон хувийн хэвшлийн оролцоотойгоор олноор бий болгож ая тухтай амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх бүтэц бий болгох гэсэн зорилтуудыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Эдгээр зорилтуудаа үе шаттайгаар хэрэгжүүлэх болно...” гэлээ.
МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүн Д.Төмөр-очир хэлсэн үгэндээ “2016 он Монголын ард түмэнд, Монгол Ардын намд ээлтэй жил боллоо. МАН улс орныхоо эдийн засгийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг мөрийн хөтөлбөртөө тусгаж ард түмнийхээ дэмжлэгийг авсан амжилттай жил байлаа.
Ард түмэн ийнхүү илүү итгэл хүлээлгэсэн явдал нь биднээс бас их хүчин чармайлтыг шаардаж байна. Тийм учраас улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө чармайн ажиллах он жилүүд хүлээж байна.
Манай нам болон УИХ болон ЗГ ард түмэнтэйгээ ойр байж, тэдний санаа сэтгэлд тулгуурлан ажиллах юм бол үүрэг зорилтоо хангалттай биелүүлж чадна аа. Мэдээж Монгол орны хөгжил цэцэглэлт ахмад үе, дунд залуу үеийн залгамж холбоо, эв нэгдэл, хүчин чармайлтаас ихээхэн шалтгаална гэдгийг онцлон хэлмээр байна.” гэлээ
Хүндэтгэлийн үйл ажиллагаа урлагын тоглолтоор үргэлжилж амжилттай өндөрлөлөө.