2016 онд багтаж шинээр 21 цэцэрлэг ашиглалтад орно
2016 оны 10 дугаар сарын 21-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд цэцэрлэг, сургуулийн хүртээмж, хүчин чадлын талаар мэдээлэл хийнэ. Уг мэдээлэлд цэцэрлэгийн хүрэлцээ, хангамжийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ тусгажээ.
Нийт 1371 цэцэрлэг ажиллаж байна
2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 2012 онтой харьцуулахад 61317 хүүхэд буюу 33,9 хувиар, 2015 онтой харьцуулахад 7,5 хувь буюу 16898 хүүхдээр нэмэгдүүлнэ.
2016 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг улсын хэмжээнд 1,1 хувиар нэмж, 242 286 хүүхэд хамруулна.
Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 865, хувийн өмчийн 506, нийт 1371 цэцэрлэгт 242 286 хүүхэд суралцаж байна. Үүнээс 44 хувь болох 106 711 хүүхэд Улаанбаатар хотод, 55 хувь болох 135 569 хүүхэд хөдөөд байна.
Улаанбаатар хотод 625 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 106 717 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж байна. Үүнээс 23,6 хувь болох 25 165 хүүхэд хувийн өмчийн 404 цэцэрлэгт суралцаж байгаа нь өмнөх оноос 11 252 хүүхдээр нэмэгдсэн үзүүлэлт юм.
2017 онд 9 цэцэрлэгийн барилгын ажил үргэлжилнэ
Одоогийн байдлаар улсын төсөвт 2016 онд тусгагдсан барилгаас нийт 585 хүүхдийн 6 цэцэрлэг, нийслэлийн төсөвт тусгагдсан барилгаас нийт 380 хүүхдийн 2 цэцэрлэг ашиглалтад ороод байна. 2016 онд багтаж улсын төсвийн хөрөнгөөр 16 цэцэрлэг, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 14, Японы тусламжаар 8, нийт 21 цэцэрлэг ашиглалтад орж, цэцэрлэгийн хүчин чадал 5375-аар нэмэгдэнэ.
Мөн 2017 онд ашиглалтад орох нийт 850 хүүхдийн хүчин чадал бүхий 9 цэцэрлэгийн барилгын ажил үргэлжилж байна. Энэ 9 цэцэрлэгийн барилгын төсөв 2017 оны төсвийн төсөлд тусгагдсан.
Цэцэрлэггүй 27 хороо байна
Улаанбаатар хотын хувьд нийт цэцэрлэгийн 37 хувь болох 79 цэцэрлэгт нь хамран сургах тойргийн хүүхдүүд хамрагдахгүй байна. Мөн нийслэлд цэцэрлэггүй 27 хороо байна.
Улаанбаатар хотод 2016 онд багтаж, улсын төсвийн хөрөнгөөр 6, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 14, Японы тусламжаар 1, нийт 21 цэцэрлэг ашиглалтад орж, цэцэрлэгийн хүчин чадал 6700-гаар, улсын төсвийн хөрөнгөөр он дамжин баригдах 2 цэцэрлэг 2017 онд ашиглалтад орж, 175-аар тус тус нэмэгдэнэ.
Төрийн өмчийн бус цэцэрлэг байгуулахыг дэмжиж, хүүхдийн аюулгүй байдлын нөхцлийг хангасан тохиолдолд бусад шаардлагыг хангах уян хатан нөхцөл тавьж ажилласнаар 2016-2017 оны хичээлийн жилд нийслэлд 72 төрийн бус өмчийн цэцэрлэг шинээр нэмэгдэж, үйлчилгээний хүчин чадал 4307-аар нэмэгдсэн байна.
Нийслэлийн цэцэрлэггүй хороодын болон цэцэрлэгийн хүчин чадал нь хүрэлцэхгүй байгаа хороодын хүүхдийг ашиглалтгүй сул суудалтай төрийн бус өмчийн цэцэрлэгт хамруулснаар 3087 хүүхэд цэцэрлэгт явах боллоо.
ХХААЯ, УУЯ тус тус дэргэдээ цэцэрлэгтэй болно
Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжсэнээр Гадаад хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дэргэдээ цэцэрлэгтэй болж, ажиллагчдынхаа 100 хүүхдийг цэцэрлэгт хамрууллаа. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн яам, Уул уурхайн яам дэргэдээ цэцэрлэг байгуулахаар ажиллаж байна.
Засгийн газар байгуулагдсан эхний сард цэцэрлэгийн хомсдлыг шийдвэрлэх талаар хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргасны нэг нь 9-өөс дээш давхар барилгын зураг төсөлд цэцэрлэг төлөвлөж байх, орон сууцны хороолол, хотхоны ерөнхий төлөвлөлтөд цэцэрлэг, сургуулийг тусгаж байх талаар Барилга хот байгуулалтын яамад даалгасан юм.