Энэ онд 70 мянган оюутанд сургалтын төлбөрийн зээл олгоно
Монгол Улсын Засгийн газраас Боловсролын зээлийн сан байгуулж, сургалтын төлбөрийн зориулалттай Оюутны хөгжлийн зээлийг олгох шийдвэрийг 2016 оны аравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар гаргаадбайна. Боловсролын зээлийн сангийн нээлт өнгөрөгч мягмар гарагт Багшийн хөгжлийн ордонд боллоо. Энэ талаар БСШУС- ын сайд Ж.Батсууриас тодрууллаа.
-Боловсролын зээлийн санг албан ёсоор нээлээ. Энэ сангийн ач холбогдол нь юу вэ, энэ талаар мэдээлэл өгөөч?
Боловсролын зээлийн сан байгуулагдсанаар их, дээд сургууль, коллежийн оюутнууд сургалтын төлбөрийн дарамтгүй суралцах нийгмийн нөхцөл боломж бий болж байна. Боловсролын зээлийн сан нь сургалтын төлбөрийн зориулалттай оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээг зохион байгуулах үүргийг гүйцэтгэнэ.
Боловсролын зээлийн сангийн нээлтийн арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан их, дээд сургуулийн оюутан суралцагчдыг сургалтын төлбөрийн дарамтгүй болгох, Боловсролын зээлийн санг байгуулж, оюутан суралцагчдад олгох санхүүгийн дэмжлэг, зээлийн үйлчилгээг ил тод нээлттэй болгох, гурав ба түүнээс дээш хүүхэд нь их, дээд сургуульд зэрэг суралцаж байгаа өрхөд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилтуудыг ажил хэрэг болгож эхэлснийг илэрхийлж байна.
-Харин Оюутны хөгжлийн зээл гэж?
Оюутны хөгжлийн зээл нь Монгол Улсын магадланитгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан бүрт нээлттэй, сургууль төгссөний дараа, ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн төлбөрийг төлөх нэн тааламжтай нөхцөлтэй, зээлийн хүүгийн дарамтгүй, хамгийн бага хүүтэй хөгжлийн зээл байх болно.
Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээ бий болж байгаа нь оюутан, суралцагчдыг сургалтын төлбөрийн дарамтгүйгээр амжилттай суралцах, төгсөөд ажилтай, орлоготой болох хариуцлагыг бий болгох, өрхийн санхүүгийн зардлыг бууруулж, амьжиргааг нь тэтгэхээс гадна дээд боловсролын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулах болно.
-Зээлийн үйлчилгээ тогтвортой үргэлжлэх хууль, эрхзүйн орчинг хэрхэн бүрдүүлсэн юм бэ. Өөрөөр хэлбэл, зээл олгож эхэллээ гэхэд бэлтгэлээ бүрэн хангасан уу?
Монгол Улсын Засгийн газраас Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээг тасралтгүй, тогтвортой байлгахтай холбогдуулан Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Дээд боловсролын удирдлага, санхүүжилт, нийгмийн баталгааны тухай хууль, Дээд боловсролын тухай хуульд холбогдох зохицуулалтуудыг бий болгосон.
Мөн Засгийн газраас Боловсролын зээлийн санг байгуулах шийдвэрийггаргаж, Оюутны хөгжлийн зээл олгох харилцааг зохицуулсан журмыг баталж (Засгийн газрын 111 дүгээр тогтоол) 2016 онд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн тодотголын хуулиар шийдвэрлээд байна.
-Эргэлтийн хөрөнгийг хэрхэн шийдвэрлэсэн бэ. Улсын төсөвт энэ онд болон ирэх онд хэдэн тэрбум төгрөгийг тусгасан бэ?
Оюутны хөгжлийн зээлийн эргэлтийн болон хуримтлалын хөрөнгийг үүсгэхэд 2020 он хүртэл улсын төсвөөс санхүүжилт хийх бөгөөд.Боловсролын зээлийн сан 2020 оноос эхлэн улсын төсвийн санхүүжилтгүйгээр, оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээг тогтвортойгоор тасралтгүй зохион байгуулдаг болно. Энэ онд 90 тэрбум, ирэх оны төсөвт 100 тэрбум төгрөгийг тусгаад байна. Боловсролын зээлийн сан оюутны хөгжлийн зээлийг арилжааны банкаар дамжуулж олгох ажлыг энэ сараас эхлэн зохион байгуулна.
-Энэ онд хэчнээн оюутан сургалтын зээл авах боломжтой вэ?
Энэ онд 70 мянга орчим оюутанд сургалтын төлбөрийн зээлийг олгоно. Мөн Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Боловсролын зээлийн сан энэ сараас эхлэн гурав ба түүнээс дээш хүүхэд нь дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын сургалтад суралцаж байгааөрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгож эхэлнэ.