УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.11.17

О.Баасанхүү: Цэц улстөржсөн байгууллага болсон

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү дэмжиж үг хэллээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Дарангуйлагч төр гэж  хариуцлага тооцож, хяналт тавих боломжгүй төрийг хэлдэг. Төрийн байгуулалтын байнгын хороо яаралтай Засгийн газрын сайдуудад хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцэх хууль зүйн бололцоог гаргаж өгөх хэрэгтэй байна.

Сайдууд гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд хийж байгааг шударга иргэд хэлж байна. Ийм сайдуудад хариуцлага тооцох хууль байдаггүй. Засгийн газрын бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахаас өөр арга байдаггүй.

Үндсэн хуулийн цэц зөвхөн хуулиа дагамаар байна. Миний бие цэцийн хуралд хоёр удаа суухад УИХ-ын чуулган дээр ярьсан яриаг хүртэл нотлох баримт болгож ашиглаж байсан. Үүний оронд хуулийн зүйл заалтыг үндэслэн дүгнэлт гаргах хэрэгтэй. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзэж байна.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг Үндсэн хуулийн цэц өөрөө санаачлахгүй бол УИХ-ын гишүүд санаачлах ёс зүйгүй үйлдэл болно. Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаагаа намын харьяаллаар явагддаг нь илт байна.

МАХН гэсэн 4 үсгийг авахаар би цэцэд хандаж байсан. МАХН-ын дарга Н.Энхбаяр эрхээ хамгаалуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандахад бичиг үсгийн боловсролгүй хүн гэсэн дүгнэлт гаргаж байсан. Эндээс харахад Үндсэн хуулийн цэц хэнд зориулаад юу яриад байна вэ?

Цэцийн энэ мэт утгагүй үйлдлийг хараад цэцэд итгэх итгэл нь суларсан. Уг нь бол бидний дээр Үндсэн хууль бий. Үндсэн хуулийг зөрчсөн хэн боловч том алхаж, том ярих боломжгүй баймаар. Тиймээс Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн манаач юм бол хуулиа баримтлах хэрэгтэй байна.

Мөн Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнд нийт 9 хүн байдаг. Одоогоор 8 гишүүнтэй байгаа учраас нэг гишүүнийг шинээр томилох хэрэгтэй байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүн бол нэр хүндтэй алба."