Оюун-Эрдэнэ.Л 2016.11.17 | Сайт: Vip76.mn

Л.Оюун-Эрдэнэ: Элчин сайдууд нэгд иргэдээ, хоёрт улс орны эрх ашгаа тавих хэрэгтэй

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2016.11.17/ Элчин сайд нарыг эгүүлэн татах, тохоон томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

"Та бүхэн 4 жилд ажил хэрэгч хандах нь зүйтэй байх. Ирэх жилүүдэд гадаад харилцаа хийгээд салбар яамны бодлого, Элчин сайдуудын үүрэг роль батлан хамгаалах салбараас ч илүү ач холбогдолтой байж болох юм.

Элчин сайдуудад нэр дэвшигчдэд бүгдэд нь амжилт хүсье. Ийм цаг үед төрийн туршлагатай, зангарагтай хүмүүс улс эх орноо төлөөлж, дипломат чиг үүрэг хэрэгжүүлэхэд явахад болох байх.

Тухайн улсад суугаа Монголын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нь энд ажиллаж, амьдарч буй иргэдээсээ хол гэдэг нь үнэн. Тусламж хэрэгтэй оюутан, залуус олон байдаг. Хүнд хүчир ажил хөдөлмөр хийж буй иргэд ч цөөнгүй бий.

...Иргэдтэйгээ илүү ойр ажиллах нь маш чухал. Элчин сайдын чиг үүрэгт эхлээд иргэд, дараа нь улс орны эрх ашиг гэж байдаг. Тиймээс энэ чиг үүргээ биелүүлэх хэрэгтэй....

Манай улсад гадаад хэлээр нэвтрүүлдэг телевизийн суваг, радио байдаггүй. Тийм учраас олон улсад бид сайн танигдаж чадаагүй байна. Ихэнх тохиолдолд Өвөр Монголтой андуурагддаг. Оросын Монгол уу, Хятадын Монгол уу гэж асуух нь элбэг. Энэ бол сэтгэл эмзэглүүлэх зүйл.

Эх орноо сурталчлах гэсэн үндсэн чиг үүрэг бол Элчин сайдуудад ногдож байна. Элчин сайдууд зөвхөн төрийн удирдлагуудтай харилцана гэхээсээ илүү иргэдийнхээ дунд орж, ХМХ-үүдтэй хамтраад бусад салбар яамдуудтай хамтарч ажиллах нь зүйтэй.

Өнөөдрийг хүртэл Засгийн газрын албан ёсны сайт ч тогтмол англиар мэдээ материалаа бэлтгэдэггүй. “Google” хайлтын системээс Монгол Улсын талаар мэдээлэл хомс байна.

Монгол-Кувейтын парламентын даргаар ажилладгийн хувьд З.Чинтүшигт амжилт хүсч байна. Манай парламентын бүлэг тантай маш ойр хамтарч ажиллах болно."

Аялал жуулчлалын чиглэлээр нилээдгүй төлөвлөгөөнүүдийг Кувейт улсаас Монголд хэрэгжүүлэхийг хүсдэг. Тиймээс үүнд ажил хэрэгч, шуурхай хандаж чадвал аялал жуулчлал, боловсролын чиглэлээр хамтарч ажиллах өргөн боломж байна."