Өвөрхангай, Хөвсгөл, Увс аймгийн улсын төсвөөс авах санхүүжилт нэмэгджээ
Өвөрхангай, Хөвсгөл, Увс аймгийн Засаг дарга нар
2016.11.22

Өвөрхангай, Хөвсгөл, Увс аймгийн улсын төсвөөс авах санхүүжилт нэмэгджээ

Манай сайтаас Монгол Улсын 2017 оны төсөв батлагдсантай холбогдуулан цувралаар төсөвтэй холбоотой материал бэлтгэн хүргэж байна. 

Энэ удаад улсын төсвөөс орон нутгийн хөгжлийн санд олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг хөндлөө. Ингэхдээ 9 дүгээр сарын 30-нд УИХ-д өргөн барьсан 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлд зааснаас хэрхэн өөрчлөгдсөнийг батлагдсан хуультай харьцуулан хүснэгтээр харуулж байна.

Хүснэгтэд Монгол Улсын 15 аймагт улсын төсвөөс ирэх онд олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг харьцуулан харууллаа. Эдгээр 15 аймагт улсын төсвөөс олгох мөнгө анх хуулийн төсөлд тусгагдсанаасаа багагүй өөрчлөгдөж батлагдсан байна.

2017 оны улсын төсвөөс орон нутгийн хөгжлийн санд олгох санхүүгийн дэмжлэг, сая төгрөгөөр

- 15 аймгаас 12-ынх нь төсөв хасагдсан дүнтэй байна.

- Сэлэнгэ аймагт олгох санхүүгийн дэмжлэгийг 205,6 сая төгрөгөөр хасч батлагдсан нь төсвөө хамгийн их хасуулсан аймаг болж байна.

- Төв, Дорнод, Ховд аймгуудад улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэгийг 152-191 сая төгрөгөөр хасчээ.

- Төсвөө хамгийн бага хасуулсан аймгаар Дундговь аймгийг нэрлэж болох бөгөөд хуулийн төсөлд анх тусгагдсанаасаа 98,9 сая төгрөгөөр багасч, 5,7 тэрбум төгрөгийг ирэх онд улсын төсвөөс авах болж байна. 

- Ирэх онд гурван аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө бусад аймгуудтай харьцуулахад 2-6 дахин их байна. 

- Хөвсгөл аймагт ирэх онд 17,9 тэрбум төгрөг улсын төсвөөс төсөвлөсөн нь хамгийн их дүнтэйд тооцогдож байгаа бөгөөд төсөв батлагдах үедээ анхны дүнгээсээ 1,2 орчим тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 

- Увс аймагт анх 11,2 тэрбум төгрөг төсөвлөнө гэж оруулж ирсэн бол 11,6 тэрбум төгрөг буюу 457,3 сая төгрөгөөр нэмэгдэж, төсөв батлагдлаа. 

- Өвөрхангай аймагт улсын төсвөөс ирэх онд 11,4 тэрбум төгрөг төсөвлөсөн нь анхны дүнгээсээ 1,7 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, төсвөө хамгийн их дүнгээр нэмүүлсэн аймаг болж байна.

- Улсын төсөвт хамгийн бага жин дарах аймаг бол Дорнод бөгөөд ирэх онд тус аймгийн орон нутгийн хөгжлийн санд 2 тэрбум 499,3 сая төгрөг хуваарилагджээ. 

- Хэдийгээр 15 аймгаас 12 аймгийн төсвийг танасан ч 3 аймгийн төсвийг нэмснээр ирэх онд улсын төсвөөс орон нутгийн хөгжлийн санд олгох санхүүгийн дэмжлэг 1 тэрбум 58,4 сая төгрөгөөр нэмэгдээд байна. 

- Өвөрхангай, Увс, Хөвсгөл гурван аймгийн төсвийг тус тус нэмснээр нийт дүнгээр 3 тэрбум 411,1 сая төгрөгөөр улсын төсөвт ирэх ачаалал нэмэгдээд байна. 

- Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай зэрэг 12 аймгийн төсвийг тус тус тодорхой дүнгээр танаснаар нийт дүнгээр эдгээр аймгийн төсвийг 1 тэрбум 753,3 тэрбум төгрөгөөр хасчээ.