Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр нь хэн нэгний бус Монголын ард түмний өмч
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь
2016.11.28

Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр нь хэн нэгний бус Монголын ард түмний өмч

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьтай сургалтын хөтөлбөрийн тухай ярилцлаа.

-Сүүлийн үед цөм хөтөлбөрийн асуудал хөндөгдөх боллоо. Та сургуулийг хөтөлбөргүй болгочихсон юм уу?

Юуны өмнө тантай ярилцаж буй энэ завшааныг тохиолдуулж нийт уншигч, олон түмэн. багш нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн жилүүдэд нийгмийн сүлжээгээр хэн нэгэн хүн, эсвэл хэсэг бүлэг хүмүүс өөрсдийн хувийн санаа бодол, явцуу эрх ашгийн нэрийн өмнөөс ярьж, бичиж, бодит байдлыг гуйвуулах, харлуулах оролдлогыг ихээр хийх болжээ. Цөм хөтөлбөрийн тухайд яг л ийм зүйл болж байна.

-Цөм хөтөлбөр гэж юуг хэлээд байна вэ?

Цөм хөтөлбөр гэж байгаа нь сургалтын хөтөлбөрийг хэлж байгаа юм. Сургалтын хөтөлбөр гэдгийг дэлхий нийтэд англи хэлээр curriculum карриклиум/ гэж түгээмлээр нэрлэдэг. Сургалтын хөтөлбөр гэдэг нь сургалтыг зохион байгуулах ажлын удирдамж гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн анги, танхимын сургалтын зохион байгуулалтад суурилсан сургуулийг байгуулж, ажиллуулж эхэлсэн тэр цагаас эхлэн сургалтын хөтөлбөр бий болсон.

Дэлхийн хамгийн анхны анги, танхимын сургалтын зохион байгуулалттай сургууль болох Оксфордын их сургууль 1096 онд ажиллаж байсан бол манай улсад анги, танхимын сургалтын зохион байгуулалттай анхны дунд сургуулийг Сайн ноён хан Намнансүрэн 1913 онд нийслэл хүрээнд байгуулсан түүхтэй. Дэлхий дээр анхны сургууль, сургалтын хөтөлбөр бий болсон тэр цаг үеэс хөгжлийн хэрэгцээ, шаардлагын дагуу боловсронгуй болж, өнөөг хүртэл өөрчлөгдөн хөгжиж байна.

Цаашид ч тасралтгүй шинэчлэгдэн өөрчлөгдөнө. Манай улсад 1990-ээд оныг хүртэл дунд сургуулийн сургалтын хөтөлбөрийг “Хичээлийн программ” гэж нэрлэж байсан. 1998 оноос бага, дунд боловсролын агуулгын стандарттай болж сургалтын хөтөлбөрийг “Цөм хөтөлбөр” гэж нэрлэсэн. 2004 оноос цогц чадамжид суурилсан бага, дунд боловсролын стандарт хэрэгжсэнээр сургалтын хөтөлбөрийг “Агуулгын үлгэрчилсэн хүрээ”, 2007 оноос “Үндэсний хөтөлбөр”, 2010 оноос “Сургалтын хөтөлбөр”, 2014 оноос “Цөм хөтөлбөр” гэж нэрлэж байна.

Одоо хэрэглэж буй ерөнхий боловсролын сургуулийн сургалтын цөм хөтөлбөр нь өмнө үед хэрэглэж байсан бүх хөтөлбөрийн ололт амжилтын үргэлжлэл, үр дүн гэж хэлж болно.

-Гэтэл иргэд цөм хөтөлбөр гэж цоо шинэ зүйл бий болгоод түүнийг нь алга болгочихсон юм шиг ойлгоод байна шүү дээ?

Сургалтын хөтөлбөр бол нэг талаасаа шинжлэх ухаан. Ерөнхий боловсролын сургуульд шинжлэх ухаанаар нотлогдсон, батлагдсан үнэнийг л заадаг. Менделеевийн үелэх систем, Дарвины хувьслын онол, Ньютоны таталцлын хууль, Пифагорын теорем, шулууны аксиом гэх мэт шинжлэх ухааны үнэнийг өөрөөр заах, тайлбарлах ямар ч боломжгүй. Монголд ч, өөр оронд ч ялгаагүй шинжлэх ухаанд тулгуурласан сургалтын хөтөлбөрийг хэрэглэнэ. Өмнө нь ч үүнийг судалж байсан, зааж байсан. Одоо ч судалж байгаа, цаашдаа ч судална, заана. Энэ бол хөдлөхгүй, үгүйсгэгдэхгүй, өөрчлөгдөхгүй.

Дэлхийн шилдэг 100 сургуульд 164 хүүхэд элсэн орсон нь Монголын сургалтыг харуулах баримт

Харин шинэ мэдлэг, ойлголтоор баяжина, хөгжинө. Энэ утгаараа сургалтын хөтөлбөр бол хүн төрөлхтний оюун санаа, шинжлэх ухааны үнэт зүйлсэд суурилсан дэлхий нийтийн өмч юм. Шинжлэх ухааны үнэн бодитой мэдлэг, туршлагад суурилан хүүхдийг хөгжүүлдэг, ертөнцийг таньж мэдэх, мэдлэг бүтээх арга ухаан, чадварт сургадаг.

Боловсрол судлал, сэтгэл судлал, дидактикийн шинжлэх ухааны онол, арга зүй, туршлагад тулгуурлаж, хүүхдийг сургаж, суралцуулж, хөгжүүлдэг. Хөгжлийн хэрэгцээ, шаардлагын дагуу сургалтын хөтөлбөрийн арга зүй байнга баяжин хөгжиж байдаг. Уламжлалт сургалтад багш зааж сургадаг байсан бол орчин үед суралцагч өөрийн идэвхтэй үйл ажиллагаагаар мэдлэг, чадвараа бүтээдэг онолын чиглэлийг баримталж байна.

Шинжлэх ухааны ойлголт, мэдлэгийг хүүхдэд мэдлэг, ур чадвар болгох ажлыг боловсрол судлаач, сэтгэл судлаач, дидактикийн болон салбар шинжлэх ухааны эрдэмтэд, судлаач, багш нар хөгжлийн хэрэгцээ, шаардлагын дагуу уламжлан хөгжүүлж, шинэчилж байдаг.

Энэ утгаараа сургалтын хөтөлбөрийг бүхлээр нь үгүйсгэж, бас цоо шинээр зохиодог, бүтээдэг гэдэг ойлголт бол бүр байхгүй. Өнөөдөр манай оронд хэрэглэж буй сургалтын хөтөлбөр нь манай улсын үе үеийн эрдэмтэн судлаачид, багш нарын нөр их хөдөлмөрийн үрээр бий болж, уламжлан хөгжиж байгаа зүйл.

Тухайлбал, өнөөдрийн хэрэглэж байгаа сургалтын хөтөлбөр нь Б.Долгормаа, Г.Батсүх, Б.Бор, Э.Раднаа, Д.Санжжав, Ш.Шагдар, Л.Жамц, Д.Адъяа, Д.Шагдар, Н.Жадамба, Д.Дашхүү, Б.Жадамба, Н.Бэгз, Г.Содномваанчиг, С.Дүнчээ, С.Батхуяг, У.Доёд, Б.Бурмаа Н.Нэргүй зэрэг үе үеийн олон зуун сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн, судлаач, багш нарын ажлын үр дүн, тусгал нь гэж ойлгож болно.

Энэ өдрүүдэд Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн үүсэж хөгжсөний 60 жилийн ой тохиож байна. Мөн МУБИС байгуулагдаад 65 жил, МУИС байгуулагдаад 74 жил болжээ. Үндэсний боловсролын эрдэм, шинжилгээ, судалгаа, арга зүй, сургалтын эдгээр байгууллага үүссэн цагаасаа эхлээд үе үеийн сургалтын хөтөлбөрийг судалж, хөгжүүлж, боловсронгуй болгож ирсэн. Эдгээр байгууллагын түүх нь сургалтын хөтөлбөрийн хөгжилтэй шууд холбоотой.

Энэ утгаараа ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр нь хэн нэгний бус, Монголын ард түмний өмч байдаг юм. Боловсролын хүрээлэн сургалтын хөтөлбөрийг судлах, боловсронгуй болгох эрдэм, шинжилгээ, судалгааны ажлыг өмнө нь хийж байсан, одоо ч хийж байгаа, цаашдаа ч хийнэ. Сургалтын хөтөлбөрийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг байнга, тасралтгүй хэрэгжүүлэх нь Боловсролын хүрээлэнгийн хуулиар олгогдсон эрх, бас үүрэг юм.

-Тэгвэл манай сургалтын хөтөлбөр одоо ямар түвшинд байна вэ?

Сүүлийн жилүүдэд манай эрдэмтэн, судлаач, багш нар ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг хөгжингүй орны сургалтын хөтөлбөрт тавьдаг шаардлагын түвшинд хүргэхээр ажилласаар ирсэн. Үр дүн ч гарч байна.

Тухайлбал, энэ онд манай ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөсдэлхийн шилдэг 100 сургуульд 164 хүүхэд элсэн  орсон нь Монголын ерөнхий боловсролын сургалт ямар хэмжээнд байгааг харуулах нэг баримт болно. Манай ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид алдарт Харвард, ксфорд, Кембриж, Стэйнфорд, :ассачусетсийн шаардлагыг хангаж байна.

Хэрэв энэ үзүүлэлтийг нийт хүн амд эзлэх хувиар нь хэмжиж үзвэл манай ерөнхий боловсролын сургалтын чанар, үр т дэлхийд дээгүүр үнэлэгдэнэ. Манай улсын залуучууд аль ч орны залуучуудаас мэдлэг, чадвар, төлөвшил-боловсролоороо дутахгүй, бүр илүүрхдэг байх шаардлагатай.

Манай залуучуудын мэддэг чаддагийг бид өөрсдөө хүлээн зөвшөөрөхөөс гадна дэлхий хүлээн зөвшөөрч гэмээ нь бид өрсөлдөх чадвартай боловсролтой боллоо гэж өөрсдийгөө үнэлэх боломжтой болно. Ийм учраас л Монгол Улсын үндэсний боловсролын систем олон улсын түвшинд үнэлэгддэг, өрсөлддөг чадамжтай байх ёстой. Сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсронгуй болгох суурь шаардлагын нэг нь өрсөлдөх чадамжаар тодорхойлогдоно. Гэхдээ сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн харилцан адилгүй байгаа тал бий.

Тухайлбал, улсын хэмжээнд ажиллаж байгаа ерөнхий боловсролын 784 сургууль байгаль цаг агаар, амьдрал, ахуйн хэвшил, дэд бүтэц, харилцаа холбоо, нийгмийн үйлчилгээ, амьдралын чанар, багшлах боловсон хүчний мэргэжлийн чадварын хувьд ялгаатай нөхцөлд хичээллэж байна. Мөн манай сургуулиуд хоёр ээлжээр хичээллэж байгаа, байр танхим, лабораторийн хүрэлцээгүй байдал зэрэг нь сургалтын үр дүнд шууд сөргөөр нөлөөлж байна.

-Цаашдаа сургалтын хөтөлбөрийг сайжруулах чиглэлээр юу хийх вэ?

Хүүхэд бүрийг монгол хэлний хэрэглээний бүрэн чадвартай болгох, монгол соёл, зан заншил, уламжлалыг өвлөх, уламжлах, хөгжүүлэх чадамжтай болгох нь монгол сургалтын хөтөлбөрийн язгуур шаардлага болдог. Энэ шаардлагын үүднээс хөтөлбөрийг дахин үнэлэх, боловсронгуй болгох ажил хийгдэж байна. Монгол хэлний сургалтад онцгой ач холбогдол өгнө. Ерөнхий боловсролын сургууль хүүхдэд зөвхөн шинжлэх ухааны мэдлэг, боловсрол, чадвар эзэмшүүлдэг газар биш.

Ерөнхий боловсролын сургууль хүүхдийг хүмүүжүүлж, төлөвшүүлж, хөгжүүлдэг нийгмийн институци байх ёстой. Ерөнхий боловсролын сургуульд хүүхэд амьдрах ухааны ур чадвартай болох ёстой. Сургалтын хөтөлбөрийн  шинэчлэх шаардлага нь энэ агуулгаар тодорхойлогдоно. Бид үүнийг хэрэгжүүлж, хөтөлбөрийг боловсронгуй болгож, шинэчилнэ. Мөн ахлах ангийн сургалтын, агуулгын бодлогыг тодорхой болгоно. Ахлах ангид сонголттой, уян хатан сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлнэ.

Гэхдээ ахлах ангид төрөлжсөн, гүнзгийрсэн сургалт гэж юу байх вэ, яаж зохион байгуулах вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Мөн ахлах ангид заавал судлах, сонгон гүнзгийрүүлэн судлах хөтөлбөрийн агуулгад тавигдах иийтлэг шаардлага, агуулгын хүрээ, багтаамж, хязгаар, гүнзгийрэлт болон заавал судлах, сонгон гүнзгийрэн судлах цагийн багтаамж, харьцааг оновчтой болгохоор зорьж байна.

Хамгийн гол нь сургалтын үр дүнгээ хэрхэн үнэлэх, хэмжих чиглэлээр сургалтын хөтөлбөрт онцгой өөрчлөлтүүд хийгдэнэ. Явж, явж сургалтын хөтөлбөр нь багш нарт бичиг цаасны илүү дараатай ажиллагаагүй, ойлгомжтой, тодорхой байх ёстой. Энэ шаардлагыг бидний хийх хөтөлбөрийн шинэчлэл ньбас хангах ёстой.

-Боловсролын салбарт тулгамдаж буй ямар асуудал байна вэ?

Таны энэ асуултад манай ерөнхий боловсролын сургуулийн мянга мянган багш, сурган хүмүүжүүлэгч, захирал, менежер, сурагчид шууд хариулж чадах байх гэж бодож байна. Юу болохгүй байгаа, юу байхгүй байгааг тэд хамгийн сайн мэдэж байгаа. Яривал зөндөө зүйл бий. Өнгөрсний зарим асуудлыг засах, залруулах ажил нь бидний цагийг их барж байна. Энэ байдал нь одоо ч дуусаагүй. Гэхдээ бид өнгөрсөнд буруу өгөөд суухаасаа илүү, асуудлаа шийдэж, урагшаа явах болно.