Оюутны сургалтын зээлийг энэ долоо хоногоос олгоно
Оюутнууд сургалтын төлбөрөө зээлээр авах боломж бүрдсэн билээ. Тэгвэл энэхүү зээлийг арилжааны банкуудаар энэ долоо хоногоос олгож эхлэхээр болжээ.
Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Сургалтын зээл олгоход шаардагдах бэлтгэл ажлыг дуусгасан. Оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгох бэлтгэл ажил дуусч, бэлэн болсон” гэж мэдээллээ.
Сайд Ж.Батсуурийн мэдээлснээр 2016-2017 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө төлөх боломжгүй 74 мянган оюутан байна. Мөн хоёр болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж буй өрхийн нэг хүүхдэд олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 1,500 орчим оюутанд олгох тооцоо гаргажээ.
Улсын хэмжээнд 164 мянган оюутан төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуульд суралцдагийн 125 мянга нь бакалаврын өдрийн ангид сурдаг гэх тооцоо гаргажээ.