Л.Болд: Хүн бүр шалгуулж болно. Энэ бол гайхах асуудал биш
УИХ-ын гишүүн Л.Болд
2016.12.02

Л.Болд: Хүн бүр шалгуулж болно. Энэ бол гайхах асуудал биш

УИХ-ын гишүүн Л.Болдоос цаг үеийн зарим асуудлаар тодруулга авлаа.

-УИХ дахь АН-ын бүлэг Хөгжлийн банкны шалгалтын дүнг хэлэлцэх асуудлаас завсарлага аваад байгаа. Хөгжлийн банкийг улсгөржүүлэх шалтгаан байгаа юм уу.Ер нь бизнесийн байгууллага энэ банкнаас зээл авч болно биз дээ?

Энэ асуудлыг бүтэн жил улстөржүүлж, Хөгжлийн банк дандаа улс төрийн зээл олгосон гэсэн худлаа мэдээлэл олон нийтэд өглөө. Асуудал байгаа юм бол үүнийгээ шалгаж, тогтоо гээд ажлын хэсэг байгуулахаар томилолтын зардал хэтэрсэн, ханшийн зөрүүний алдагдал хүлээсэн, тендерийн үнэлгээ зөрүүтэй гэх мэтчилэн тэс хөндлөн юм оруулж ирдэг.

Хөгжлийн банкийг шалгаад юуг тодорхой болгох ёстой вэ гэвэл, олгосон зээл нь ажил биш, улс төрийн зээл болоод явчихсан байвал түүнийг төлүүлэх арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй. Он гараад 500-600 сая ам.долларын зээлийн төлбөр төлнө. Тэр мөнгийг төлөх чадал улсад байхгүй. Тиймээс зээлээ төлж чадахгүй байгаа компаниудад хариуцлага тооцож, улсыг хохиролгүй болгох арга хэмжээ авах хэрэгтэй.

Ажил нь хэвийн явагдаж байгаа компаниудыг зүгээр орхих ёстой. Хөгжлийн банкнаас гарсан тэр мөнгө чинь алга болчихоогүй, аль нэг компанид л байгаа шүү дээ. Гэтэл үүнийг бүхэлд нь улстөржүүлж, худлаа ярин, хөндлөнгийн асуудлаар гишүүдийг төөрөгдүүлээд байна. Ингэвэл энэ шалгалт ямар ч үр дүнгүй болно. Үүнийг би хатуу шүүмжилж байгаа.

-Таны хувь эзэмшдэг компаниуд Хөгжлийн банкнаас зээл авсан уу?

Хөгжлийн банкнаас би нэг ч төгрөг аваагүй. Яаж ч шалгасан болно.

-Танай намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр (уржигдар) хуралдсан. Ямар асуудал хэлэлцсэн бэ?

Намын Их хурлын бэлтгэл, дүрмийн төс- лөө ярьсан.

-Н.Алтанхуягийг АТГ-т сэжигтнээр татаж, байцаалт авсан. Энэ асуудлаар байр сууриа илэрхийлээч?

Аливаа асуудал хуулийн хүрээнд байх ёстой. Хүн бүр шалгуулж болно. Энэ бол гайхахаар асуудал биш. Гагцхүү энэ нь захиалгатай, улс төрийн нөхцөл байдалд зориулж, аль нэг намын хурлыг угтуулан, түүнд шахалт хийх зорилготой байх ёсгүй.

Хуулийн башууллага өнгөрсөн хугацаанд шалгаагүй байж, намын Их хурлын өмнөхөн энэ асуудлыг босгож байгаа нь цаанаа улс төрийн захиалгатай байж магадгүй гэсэн хардлага үүсгээд байна. Үүнийг тодорхой болгож, нэг мөр хариу гаргах ёстой. Энд нам байр сууриа илэрхийлэх ёстой.