Нийслэл хотод хүн амын төвлөрөл ихсэж, барилгажилтын нягтрал нэмэгдэж, ихэнх барилга хуучирсан, шинэ барилгууд нь норм стандартыг хангаж байгаа эсэх нь тодорхойгүй зэрэг нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа учир газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэр
2016.12.07

“Мэдлэгээ түгээцгээе” үндэсний семинар болж байна

Монгол Улсын Шадар сайдын санаачлагаар зохион байгуулагдаж буй “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт үндэсний семинар өнөөдөр /2016.12.06/ Төрийн ордонд болж байна.

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх тус семинарыг нээж үг хэлсэн. Тэрбээр “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа нь зөвхөн Засгийн газар, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хүч чармайлтаас бус, иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн түншлэл, хамтын ажиллагаа дээр тулгуурлан хэрэгжсэнээр Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах, улмаар тогтвортой хөгжлийг хангах чадавх дээшлэх учиртай.

DSC_5304

Иймд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлаа хангахад суралцан цаашид энэ чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг хамтдаа тодорхойлж түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд та бид энд цуглараад байна.

Монгол орны нутаг дэвсгэрт тохиолдож буй газар хөдлөлтийн тоо, давтамж жил бүр өссөн үзүүлэлттэй байгаа ба жилд дунджаар 30 мянга орчим газар хөдлөлт бүртгэгдсэнээс 60 орчим нь 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт байна. Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2006 онд 318 удаагийн газар хөдлөлт бүртгэгдэж байсан бол 2016 оны 10 дугаар сарын байдлаар 1260 болж өссөн байна.

Нийслэл хотод хүн амын төвлөрөл ихсэж, барилгажилтын нягтрал нэмэгдэж, ихэнх барилга хуучирсан, шинэ барилгууд нь норм стандартыг хангаж байгаа эсэх нь тодорхойгүй зэрэг нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа учир газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, иргэдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэхэд онцгой анхаарах шаардлага бий болж байгаа юм” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.

Мөн тус семинарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт ирүүлсэн юм. Тэрбээр илгээлтдээ “Гамшгийн эрсдэлийг бууруулах, түүнээс бүрэн хамгаалах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг шинэ шатанд гаргах нөхцөл шаардлага бий болж байгаа. Гамшгаас хамгаалах нь зөвхөн онцгой байдлын газрын албан хаагчдын ажил биш, үүнд бүх нийтийн оролцоо мэдлэг чухал” гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Түүнчлэн семинарт НҮБ-ын суурин зохицуулагч, хатагтай Биатий Транкманн, НҮБ-ын Хүн амын сангийн суурин зохицуулагч, хатагтай Наоми Китахара, Дэлийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Су Нюунт У, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, Жайка олон улсын байгууллагын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, доктор Такаяа Кимио, БНХАУ-ын Иргэний хэргийн яамны харьяа Гамшиг бууруулах ба онцгой байдлын удирдлагын академийн гүйцэтгэх захирал Лиан Юу Лиу нарын хүндтэй зочид оролцож, сонирхолтой илтгэлүүд тавьлаа.

Дэлхийн хүн амын 60 хувь амьдардаг Ази тив нь газар, хөдлөлт, цунами, далайн шуурга, үер, зуд, ганд өртөх эрсдэлтэй бүс нутаг юм. Монгол орны хувьд ч  газар хөдлөлтийн давтамж жил бүр өссөн үзүүлэлттэй байгаа ба жилд дунджаар 30 мянга  орчим газар хөдлөлт бүртгэгдсэнээс 60 орчим нь 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт болж байна. Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2006 онд 318 удаагийн газар хөдлөлт бүртгэгдэж байсан бол 2016 оны 10 дугаар сарын байдлаар 1260 болж өссөн байна.

Тэгвэл Монгол Улсын нутаг дэвсгэрийг газар хөдлөлтийн бүсээр нь багцлан авч үзэхэд есөн баллын бүсэд нийт барилгын 25 орчим хувь, найман баллын бүсэд 28 орчим хувь, долоон баллын бүсэд 30 орчим хувь, 5-6 баллын бүсэд 15 хувь нь байрладаг гэсэн судалгаа бий. 1970 оноос өмнө барьж  ашиглалтад оруулсан  барилгуудын газар хөдлөлтийн хүчийг тооцоолох боломжгүй юм байна. Өөрөөр хэлбэл, 1970 оноос өмнөх барилгуудыг барихдаа газар хөдлөлтийн  хүчийг тооцоолоогүй нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэж Мэргэжлийн хяналтын байгууллага үздэг юм байна. 2016 оны байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглаж байгаа нийт барилга 121 мянга 15, шинээр барьж буй 912 барилга байдаг. Нийт барилга байгууламжийн 30 хувь нь их эрсдэлтэй, 40 хувь нь дунд эрсдэлтэй, 30 хувь нь бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна. Мөн 1961-1996 онд ашиглалтад орсон томоохон станцууд газар хөдлөлтийн үед тэсвэржилт муу гэдгийг албаныхан хэлж байна. Тодруулбал, Дулааны цахилгаан станц-2, 3, “Даланзадгад” дулааны станц, Дархан дулааны станц зэрэг байгууламжуудын хугацаа дууссан, насжилт өндөр учраас газар хөдлөлтөд тэсвэргүй гэж үздэг юм байна.

Сүүлийн жилүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт хүчтэй газар хөдлөлтөөс үүсэх аюулын түвшин өндөрсөж байгаа гэнэ. Тухайлбал, 1991-2009 оны хооронд Улаанбаатар хот болон түүний орчмын бүс нутагт 2000 гаруй дун зэргийн хүчтэй буюу 4,2 магнитудаас доош газар хөдлөлт болсон байна. Эрдэмтэд болон Одон орон судлалын төв газар хөдлөлтийг урьдчилан тогтоох боломжгүй учраас газар хөдлөлтөөс учрах хохирол түүний дотроос хүний амь нас эрсдэх аюулыг багасгах боломжтой байдаг юм байна.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 95 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах, эрх, үүрэг бүхий байнгын ажиллагаатай, орон тооны бус зөвлөлийг байгуулсан.

Энэ хүрээнд тус байнгын ажиллагаатай зөвлөлийг тэргүүлэн ажилладаг Монгол Улсын Шадар сайдын санаачлагаар “Мэдлэгээ түгээцгээе: газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт үндэсний семинарыг ийнхүү анх удаа зохион байгуулж байгаа юм.

Монгол орны газар хөдлөлтийн нөхцөл байдал, эрсдэлийг бууруулах менежмент, олон нийтийн оролцоо, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, томоохон үйлчилгээний  газрын аюулгүй байдлын талаар хэлэлцэж буй тус семинарт Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, эмнэлэг, томоохон үйлчилгээний байгууллагуудын удирдах албан тушаалтан, 21 аймгийн Боловсролын газрын дарга нар зэрэг 650 гаруй төлөөлөгч оролцож байна.