УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.12.09

О.Баасанхүү: Чуулганы хуралдаандаа ирээгүй гишүүдийн цалингаас хасч болдоггүй юм уу?

12 дугаар сарын 9-ний УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан. Үүний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн эргэлзэж буй асуудлаар хэд хэдэн асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

“Сахил хүртээд шал дордов” гэдэг шиг . УИХ-д 65 суудалтай МАН-ын хувьд надтай, надгүй ирцээ бүрдүүлж, хуралдах боломж бий шүү дээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудал хэлэлцье гэхээр УИХ-ын дэгийн тухай хууль зөрчигдөхгүй юу? Баасан гараг бүрийн үдээс хойш хуралдаанаар УИХ-ын гишүүнээс тавьсан асуулгын хариуг сонсдог шүү дээ.

Энэ дагуу өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нараас “Монгол Улсын Засгийн газраас Оюу толгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, төслийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, гэрээний талуудын үүргийн биелэлт, далд уурхайн бүтээн байгуулалтын явц байдлын талаар” Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох ёстой шүү дээ.

АН-ыг хуралдаанд оролцуулж өгөөч. УИХ-д АН-аас 9 хүн сонгогдсон байдаг. АН-ын гишүүд чуулганы хуралдаанд оролцохоо больчихлоо. Байнгын хороо хуралдсан. Миний мэдэж байгаагаар байнгын хорооны хурлаас 30-аад гишүүн чуулганы хуралдаанд орж ирэх ёстой. Чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хорооны хуралдаанууд хэд дэх өдрүүдэд болох ёстой нь ойлгомжгүй болоод байна.  

МАХН-аас УИХ-д нэг суудалтай учраас чуулганы хуралдаанд оролцохгүй болохоор МАХН чуулганы хуралдааныг “хаяж гарлаа” болчих гээд байх юм. Энэ мэт хошин шог гэхэд хаашаа юм, төрийн эмгэнэл болчихоод байна.

Чуулганы хуралдаандаа суудаггүй гишүүдэд захиргааны хариуцлагын нэг хэлбэр болох цалингаас нь хасах тухай хуулийн төсөл санаачилж болдоггүй юм уу?

Өнөөдөр хариуцлагатай өдөр. Авлигатай тэмцэх олон улсын өдөр. Маргааш Хүний эрхийн өдөр болно. Сонсогчдынхоо эрхийг хүндлэхгүйгээр яаж хүний эрхийг дээдлэх юм бэ? Биднийг ард түмэн сонгосон. Ард түмэн нэгдүгээрт байх ёстой. Иргэдээ хүндлэхгүй их хурал байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг хэзээ хэлэлцэх вэ? Ажлын хэсгийн дүгнэлт гартал чимээгүй байя.

Юу болохыг нь харъя. 65-уулаа гарлаа. Хүч дутаагүй л байлтай.

Яг одоо үдээс өмнөх асуудлаа хэлэлцэх юм уу, үдээс хойших асуудлаа хэлэлцэх юм уу, ойлгомжгүй байна шүү дээ.