Өнөөдрөөс хүйтэрч, 29, 30, 31-нд хүйтний эрч бага зэрэг сулрах төлөвтэй байна
2016.12.20

Өнөөдрөөс хүйтэрч, 29, 30, 31-нд хүйтний эрч бага зэрэг сулрах төлөвтэй байна

ОБЕГ-аас ЦУОШГ-тай хамтран өвөлжилтийн нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр "Манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 15 аймгийн 110 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилт хүндэрсэн байгаа.

Баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар тал газраа 25-35 см, уулархаг газар, гуу жалгандаа 40-90 см-ийн зузаан нягтарч хатуурсан цастайгаас бод, бог малын хошуу, туруу, шилбэ халцарсан, аргал, янгир зэрэг ховор ан амьтад идэш хоолгүйн улмаас уулнаас буух, цасанд дарагдах явдал зэрэг хүндрэл гарсан.

Цас орсны дараа дулаарч эргээд хүйтэрч байгаа нь цас хатуурах нөхцлийг бүрдүүлж байна. Мөн хатуу цасны доор хайлж мөстсөн байдалтай байгаа. Энэ нь малын туурай мөсөнд гэмтэх эрсдлийг бий болгож байгаа" гэв.

Улсын хэмжээнд 60.8 сая мал өвөлжиж байгаагаас аймаг, сум дундын, тусгай хэрэгцээний болон хилийн зурвас отрын бүс нутгаар 16,148 малчин өрхөд 6.6 сая толгой мал өвөлжих юм байна.

ЦУОШГ-ын урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал "Өчигдөр баруун аймгуудаар орж эхэлсэн цас өнөөдөр төвийн нутаг, зүүн аймгуудын баруун хэсгээр орж, маргааш зүүн аймгуудаар орно. Цасны үргэлжлэн орох хугацаа 12 цагаас их, мөн урьд нь харьцангуй дулаан байсан болохоор зам даваанд  халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа.

Цас орсны дараагаас хүйтрэлт эхэлдэг. Өчигдрөөс баруун аймгууд бага зэрэг хүйтрээд эхэлж байна. Маргаашнаас нийт нутгаар бага зэрэг хүйтэрнэ. Энэ нь арванхоёрдугаар сарын 24-н хүртэл үргэлжилж, 24, 25-нд төвийн болон зүүн аймгуудаар дахин цас орж, зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй байна. Үүний дараа дахин бага зэргийн хүйтрэлт ажиглагдаж 26, 27, 28-нд ихэнх нутгаар одоогийн байдалтай харьцуулахад 10-15 градусаар хүйтрэх төлөвтэй байна. Гэхдээ хүйтрэлт огцом биш. Арваннэгдүгээр сарын сүүлээр ажиглагдсан шиг огцом гэнэтийн хүйтрэл болохгүй. Арванхоёрдугаар сарын сүүлээр иймэрхүү хүйтрэл болох нь жирийн үзэгдэл байдаг.

Ингээд 29, 30, 31-нд буюу оны сүүлчийн өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг сулрах төлөвтэй байгаа. Гэхдээ ард иргэддээ хандаж хэлэхэд цаг агаарын төлөв байдал байнга өөрчлөгдөж байдаг учраас өдөр бүр шинэ мэдээлэл авч байгаарай гэж зөвлөмөөр байна. Мөн баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авахгүй бол "Дархадын хотгор орчмоор жилийн энэ үед -50 градус хүрч хүйтэрдэг" гэсэн манай уур амьсгалын мэдээллийг нийт нутгаар хүйтрэх гэж байгаа мэтээр мэдээлэх тохиолдол гарч байна" хэмээн ярилаа.

Их цас, цасан шуурганы үед Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорнод, Говь-Аптай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг 14 аймгийн 88 суманд 142 даваа, 30 тал хөндий газарт хүндрэл бэрхшээл үүсдэг тул гамшгийн үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангажээ.

Цаашид Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад нэмж цас орвол цагийн байдал улам хүндрэх төлөвтэй, мөн Ховд, Завхан, Хөвсгөл аймгуудын уулархаг нутгаар өвөлжиж байсан малчид цас их орж байгаа тул мал сүргээ тарга тэвээрэг алдаагүй байгаа дээрээ говийн бүс рүү отор нүүдэл хийх ажлыг аймаг, орон нутгийн удирдлагуудтай хамтран зохион байгуулах юм байна.