БСШУС-ын сайд Ж.Батсуурь:
2016.12.21

Утааг бууруулах үүднээс төсөл боловсруулж ЗГ-т танилцуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр /2016.12.21/ БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нарт Улаанбаатарын утааг эрчимтэй бууруулах шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн боломжит шийдлийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

 БСШУС-ын сайд Ж.Батсуурь:

Манай шинжлэх ухааны салбарынхан Ерөнхий сайдаас томоохон үүрэг даалгавар авлаа. Сая Ерөнхий сайдын өрөөнд бидний ярьснаар бол энэ төслийг хоёр үе шаттай явуулна. Эхлээд утааны асуудлыг төгс биш юмаа гэхэд их хэмжээгээр, илүү үр дүнтэй бууруулах хамгийн боломжит арга бүхий төслөө боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Дараа нь түүнийгээ хэрэгжүүлнэ.

Тийм учраас манай Монгол Улсын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлыг хэсгийг нэн яаралтай байгуулж, томоохон тооцоо судалгааны үндсэн дээр шинжлэх ухааны үндэслэлтэй томоохон төсөл боловсруулж, ойрмогхон Засгийн газрын хуралдаанд танилцуулна.