“Оюуны элч” болох оны шилдэг залуу багш нарыг шалгарууллаа
“Оюуны элч-2016” оны шилдэг залуу багшийг шалгаруулах ёслолын ажиллагаа
2016.12.23

“Оюуны элч” болох оны шилдэг залуу багш нарыг шалгарууллаа

“Yes! Mongolia” Монголын  залуу багш нарын холбоо 21 аймаг, нийслэлийн боловсрол соёлын газруудтай хамтран “Оюуны элч-2016” оны шилдэг залуу багшийг шалгаруулах ёслолын ажиллагаа Төрийн ордны их танхимд болж байна.

УИХ-ын Н.Учрал гишүүний тэргүүлдэг Монголын залуу багш нарын холбооны "Оюуны элч-2016" оны шилдэг багш шалгаруулах ёслолын ажиллагаанд БСШУС-ын  сайд Ж.Батсуурь, Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга, НББСШУ байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан зэрэг албаны хүмүүс оролцож, санамж бичиг байгууллаа. 
Ёслолын ажиллагааг нээж БСШУС сайд Ж.Батсуурь “Монголын залуу багш нарын холбоо  боловсролын салбарыг дэмжиж, тэр тусмаа манай залуу шилдэг багш нарыг шалгаруулж байгаад баяртай байна. Энэ ёслолыг зохион байгуулж байгаад УИХ-ын эрхэм гишүүн Н.Учралд болон ивээн тэтгэж оролцож байгаа бүх хүмүүст БСШУСЯ-ны нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлж байна. Шавийн эрдэм багшаасаа гэдэг. Тиймээс ч манай багш нар шилдэг тэргүүний байх хэрээр бидний шавь нар оюунлаг тэргүүний, суралцах хүсэл эрмэлзлэл дүүрэн сайн хандлага, зөв чиг тогтох болно. Энэ ч үүднээсээ багш нарынхаа нийгэм болон бусад үйл ажиллагааг дэмжих, мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг нь цогцоор нь шийдвэрлэхийн төлөө манай яамны хамт олон өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийж байгаа. 
Боловсролын салбарыг тэр дундаа залуу багш нарыг дэмжиж байгаад холбооны удирдлага хамт олонд дахин баярлаж байгаагаа илэрхийлэхэд таатай байна. Тун удахгүй хэдхэн хоногийн дараа бид нэгэн оноо үдэж,  шинэ онтой учран золгох гэж байна. Бидний хувьд улиран одож байгаа он маань амжилт бүтээл арвинтай байлаа. Одоо ирж байгаа 2017 он та бүгдийн санасан сэдсэн бүхэн сэтгэлчлэн бүхэж, амжилт бүтээл арвин байхыг ерөөж байна” гэлээ. 
Харин “Yes! Mongolia” Монголын  залуу багш нарын холбооны Ерөнхийлөгч Н.Учрал “Хүүхэд залуусыг хөгжүүлэх, төлөвшүүлэх, нийгэмшүүлэх үүргээ амжилттай биелүүлэн сургалтын ажиллаа өнөөдрөөр хязгаарлах бус ирээдүй рүүгээ харж, олон талын мэдлэг чадвараа тасралтгүй  хөгжүүлж ирсэн залуу багш нар болон эрдэм шинжилгээ судалгааны ажлын чадвахаараа нийгэм дэх оролцоо эерэг өөрчлөлт бүтээх үйлдлээрээ “Оюуны элч”-ээр тодорч буй шилдэг залуу багш нартаа Монголын  залуу багш нарын холбооны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. Монголын  залуу багш нарын холбоо маань анх 2008 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн залуу багш нарын санаачилгаар үүсгэн байгуулагдаж байсан. 
Улмаар 2015 онд үндэсний хэмжээний байгууллага болох зорилт дэвшүүлэн бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, дэлхийн 150 гаруй орны 3500 байгууллага, 10 мянга гаруй гишүүд дэмжигчидтэй олон улсын багш нарын холбооны гишүүн Юнескод зөвлөх эрхтэй байгууллага болгон өргөжүүлж ажилласан байна. Одоогоор Монголын  залуу багш нарын холбоо нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт салбар зөвлөлтэй үндэсний хэмжээний томоохон байгууллага болон өргөжин хөгжөөд байна. Бид багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдэх олон асуудалд анхаарч ажиллаж ирсэн. Тухайлбал, нийслэлийн залуу багш нарын зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан. Түүнчлэн 1000 багшийн уулзалт, багш нараа сонсоё гэдэг аяныг улс орон даяар зохион байгуулж байлаа. Энэ бүх ажлын үр дүнгээ нэгтгээд, ер нь багш нарын дунд ямар, ямар асуудал тулгараад байгааг шигшин гаргаж тавьсан. 
Өөрөөр хэлбэл, залуу багш нарт тулгамдаад байгаа 19 асуудлыг жагсаагаад, тухайн үеийн МАН-ын болон АН-ын бүлэг, Шударга ёс эвслийн бүлэгт албан бичгээр хүргүүлсэн байсан. Багш нарт тулгамдаад байгаа эдгээр асуудлыг парламентад суудалтай болоод суудалгүй намуудын мөрийн хөтөлбөрт тусгасан байх ёстой гэдэг саналыг хүргүүлсэн юм. Энэхүү ажлын маань үр дүн ч гарсан. Тухайлбал, МАН-ын мөрийн хөтөлбөрт залуу багш нарыг дэмжих, цалин хөлс болон урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох, үр дүнгээрээ буюу сурагчид болоод эцэг, эхчүүдийн сэтгэл ханамжид тулгуурлан цалин хөлсний системийг нь шинэчлэх, багш нарын хөгжих бололцоог нь олгох, давтан сургах зэрэг олон асуудлыг суулгаж чадсан. 
Багш нарын болон боловсролын чиглэлийн олон санал, санаачилгуудыг маань МАН-ын бүлэг хүлээн аваад, энэ удаагийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч багш нарыг дэмжих асуудал бодитойгоор ороод, явж байгаад миний бие их баяртай байгаа. Миний бие төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаа учир багш нарын шаардлагуудыг тодорхой төвшинд нь сонсгох, хүргэхийг нэлээд анхаарч ажиллана” гэлээ. 
Ийнхүү Монголын залуу багш нарын холбооны “Оюуны од“ цол тэмдэг, “Оюуны элч” цомын эздийг шалгарууллаа. Тодруулбал, Оны шилдэг их, дээд сургуулийн багш, Оны шилдэг ерөнхий боловсролын сургуулийн багш,  Оны шилдэг МСҮТ-ийн багш, Оны шилдэг цэцэрлэгийн багш, Оны шилдэг сургалтын төвийн багш нар шалгарлаа.
Үүнд: “Оюуны элч” цомын эздээр Л.Тэлмэнбаяр /ШУТИС-ийн Механик инженерийн сургууль/, С.Буяндэлгэр /Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургууль/, Д.Сарантуяа /Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 139 дүгээр цэцэрлэг/, С.Батаа /Ховд аймгийн политехник коллеж/, Б.Баасандорж /Монголын оюун ухааны академи/ багш нар тус тус тодорлоо. Харин “Оюуны од“ цол тэмдгээр Б.Ганболд /Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль/, П.Пүрэвдорж /Завхан аймаг Лаборатори сургууль/, П.Түвшинтөр /МУИС-ийн харьяа Орхон сургууль/, О.Нандин-Эрдэнэ /Эрдэнэт МУИС-ийн харвяа Орхон сургууль/, З.Гантунгалаг /Багануур дүүрэг 139 дүгээр цэцэрлэг/, Э.Оюунгэрэл /Өмнөговь аймаг 24 дүгээр цэцэрлэг/, Г.Амар /УБТЗ МСҮТ/, Г.Намуунцэцэг /Эрдэнэт ХАА-н МСҮТ/, С.Энх-Амгалан /Монголын хүүхдийн ордон/, Б.Мягмарзул /Хүүхдийн урлан бүтээх төв/-ийн багш нар тус тус шагнагдлаа.