МҮОХ-ны 60 жилийн ой энэ жил тохиож байна
МҮОХ-ны 60 жилийн ой энэ жил тохиож буй билээ. Оны босгон дээр түүхт ойгоо тэмдэглэн өнгөрсөн 60 жилийн хугацаанд туулж өнгөрүүлсэн түүхэн замналаа эргэн дурсаж, бахархаж, суралцаж буй спортын салбарын эрхэм хүндтэй тамирчид өнөөдөр баярын хуралдаа оролцлоо. Баярын хурлын нээлтийн үеэр БСШУС-ын сайд Ж.Батсуурийн хэлсэн үгийг бүрэн эхээр хүргэж байна.
БСШУС-ЫН САЙДЫН ХЭЛСЭН ҮГ
Монгол Улсын биеийн тамир, спортын салбарын бүрэлдэхүүн хэсэг болсон олимпийн зүтгэлтэн, олимпийн медальтанууд та бүхэнд түүхт ойн баярын мэнд хүргэе.
Манай орон биеийн тамир, спортын салбарт 1956 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хөгжлийн шинэ үе, олон улсын олимпийн хөдөлгөөнд нэгдэх эхлэл тавигдсан түүхэн өдөр юм. Энэ өдөр Монгол төрийн шийдвэр гарч Монголын Үндэсний олимпийн хороо байгуулагдсан билээ. Ийнхүү Монголын алдар цуут тамирчдын олимпийн амжилтын гараа эхлэх, манай улсад олимпизмийн үзэл санааг дэлгэрүүлэх үндсэн нөхцөл бүрдсэн юм.
Олимпийн үзэл санааг өөрийн оронд дэлгэрүүлэн хөгжүүлсний үр дүнд идэвхитэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маяг, спортын шударга өрсөлдөөний талаарх ойлголт иргэдэд төлөвшиж биеийн тамир, спортоор хичээллэх явдал жилээс жилд хүрээгээ тэлсээр ирсэн билээ. Энэ нь олимпийн хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр юм.
Монголын үндэсний олимпийн хороо нь түүхийн явцад өөрчлөгдөн, нийгмийн шинэчлэлтэд зохицон олон улсын эрх зүйн дагуу төрийн бус байгууллага хэлбэрээр амжилттай ажилладаг жишгийг тогтоож чадсанд баяр хүргэе.
Монголын Үндэсний олимпийн хороо нь олон улсын олимпийн хороо болон олон улсын тавцанд Монгол Улсыг амжилттай төлөөлж байгааг энд цохон тэмдэглэх нь зүйтэй.
Монголын спортын тулгуур байгууллагуудын нэг болсон Монголын Үндэсний олимпийн хорооны биеийн тамир, спортын салбарт оруулах хувь нэмэр их бөгөөд цаашид олон улсын эрх зүйн хүрээнд Монголын биеийн тамир, спортын хөгжилд оруулах хувь нэмрийг улам нэмэгдүүлж , спортын холбоодыг манлайлж ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Олимпийн хөдөлгөөний их гэр бүлийн гишүүн Монголын үндэсний олимпийн хороо байгуулагдсан түүхт 60 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, олимпизмийн үзэл санааг дэлгэрүүлэх их үйл хэрэгт тань амжилт хүсье.