Мэндчилгээ
МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Т.БЯМБАА
2016.12.30

Мэндчилгээ

Эрхэм хүндэт авто замчид, зам хэрэглэгчидээ

Монгол Улсын бүтээн байгуулалтад оюун ухаан, бүтээн босгох эрдэм мэдлэгээ зориулж, авто замын сүлжээний хөгжил, дэвшлийг олон улсын түвшинд хүргэхээр гар бие оролцон ажиллаж байгаа үе үеийн замчид, ахмад буурлууд, салбарын нийт ажилтан албан хаагчид, тэдний гэр бүлийнхэн, нийт зам хэрэглэгчиддээ  шинэ оны гал халуун баярын мэндийг дэвшүүлж,  ирж буй 2017 ондоо эрүүл энх, аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн байж элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж мэндчилж байна.

Энэ онд Монголын авто замчдын холбоо Зам, тээврийн яамтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд нэлээдгүй ажлыг хийж гүйцэтгэлээ. Тухайлбал зайлшгүй шинэчлэх шаардлагатай “Зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв бодох заавар”, “Авто замын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм”, “Авто замын салбарын ажил мэргэжлийн стандарт”-ыг 18 мэргэжлээр боловсруулан батлууллаа.  

Гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр ХБНГУ-ын Саксон-Анхалт муж улсын Инженерүүдийн танхимтай хамтран ажиллах төлөвлөгөөг баталж авто замын салбарын мэргэжилтэн бэлтгэх урт, богино хугацааны сургалтуудыг хамтран зохион байгуулах талаар тохиролцоонд хүрч авто зам, гүний байгууламжийн мэргэжлээр 32 монгол залуусыг 3 жилийн хугацаатай суралцуулах гэж байна.

Мөн Казахстан улсын авто замын эрдэм шинжилгээ судалгааны институттай хамтарсан  шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх, мэргэжилтэн бэлтгэх, шинэ техник технологийг  үйлдвэрлэл практикт нэвтрүүлэх, сургалт, семинар зохион байгуулах талаар хамтран ажиллахаар тохиролцон санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд хамтарсан судалгааны ажлаа эхлүүлээд байна.

Улс орны дэд бүтцийн чухал хэсэг болох авто замын салбарыг хөгжүүлж, авто зам, гүүр барьж, засаж, арчилдаг буянтай үйлстээ амжилт бүтээл гарган, ард иргэдээ ая тухтай, сайхан замаар саадгүй үйлчлэх үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж   байгаа нийт замчид та бүхэнд Монголын Авто Замчдын Холбооны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж, та бүхнийг алтан шар замын хишиг буян ашид мөнх ивээж ажил үйлс нь өөдрөг байх болтугай гэж ерөөе.

МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Т.БЯМБАА