Д.Оюунхорол: Аялал жуулчлалын цогцолбор төвүүдийг байгуулна
БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой аялал жуулчлалын салбарын зарим асуудлаар ярилцлаа.
-Засгийн газрын хуралдаанаар Аялал жуулчлалын хөгжлийн төв байгуулах шийдвэрийг гаргасан. Олон нийт таатай хүлээж авч байх шиг байна. Энэ төвийг ямар бүтэц, чиглэлтэйгээр байгуулах вэ?
Монгол Улс аялал жуулчлалаа хөгжүүлж, эдийн засгийнхаа тулгуур нэг салбар болгохоор төр, засаг бодлогоо тодорхойлоод багагүй хугацаа өнгөрч байгаа. Гэхдээ энэ хугацаанд салбарын хөгжил төдийлөн ахицтай урагшлаагүй нь аялал жуулчлалын бодлогыг хэрэгжүүлэх тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн байгууллагын бүтэц байхгүй байсантай шууд холбоотой гэж үзэж байгаа.
Тийм учраас аялал жуулчлалын хөгжлийн талаар баримталж буй бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг үр дүнтэй болгохын тулд Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас БОАЖЯ-ны дэргэд “Аялал жуулчлалын хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулах шийдвэр гаргасан. Тус төв нь салбарын бодлогын хэрэгжилтийг хангаж, яамны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, статистик мэдээ мэдээллийг нэгтгэн боловсруулж, судалгаа, дүн шинжилгээ хийх, зах зээлийн судалгаа шинжилгээг хийх чиг үүрэгтэй ажиллана.
Мөн зорилтот зах зээлийг тодорхойлох, гадаад сурталчилгааны ажлыг зохион байгуулах, жуулчдад зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, холбогдох сургалтуудыг тогтмол зохион байгуулах, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран ажиллана. Аялал жуулчлалын салбар нь хөгжсөн улс орнуудын туршлагыг харахад салбар хариуцсан яамны дэргэд үндэсний аялал жуулчлалын байгууллага ажилладаг. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас 2006 онд хийсэн судалгаагаар 97 улсын 60 нь буюу 62 хувь нь аялал жуулчлалын үндэсний байгууллагатай байна.
- Аялал жуулчлалын төвийн үйл ажиллагааг явуулах зардлыг хэрхэн зохицуулах вэ?
Эхний ээлжинд БОАЖЯ-ны дэргэд гадаад, дотоодын хамтын ажиллагаа, хандив, буцалтгүй тусламж, олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн дэмжлэгээр үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байна.
-Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр бүлэг жуулчдад хөнгөлөлт үзүүлэхээр болсон. Мөн 72 цагийн хугацаанд визгүй зорчих нөхцлийг бүрдүүлнэ гэсэн. Дээрх ажлууд хэрхэн хэрэгжих вэ?
Засгийн газар хоорондын болон салбарын яам хоорондын санамж бичиг, гэрээг үндэслэн аялал жуулчлалын компаниудаар зуучлуулан ирэх гадаадын бүлэг жуулчдад Монгол Улсад зорчих визийн хөнгөлөлттэй нөхцөл олгох Засгийн газрын тогтоол баталсан. Мөн дамжин өнгөрөх гадаадын иргэнд дараагийн улсад зорчих виз, нислэгийн тийзийг үндэслэн Монгол Улсад 72 цагийн хугацаанд визгүй зорчих орчин бүрдүүлэхээр боллоо.
Цаашид Монголын үндэсний агаарын тээвэрлэгч компанийн шууд нислэгтэй чиглэлээс ирэх гадаадын жуулчдын нислэгийн үнэ тарифыг жил бүрийн аравдугаар сарын 1-нээс дараа оны тавдугаар сар хүртэл бууруулах, хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулахыг Зам тээврийн хөгжлийн сайдад Засгийн газраас үүрэг болгосон. Ер нь бүлэг жуулчид, транзит жуулчид, нислэгийн үнэ тарифыг хөнгөлөх асуудлууд өмнө яригдаж байсан асуудлууд. Энэ удаа асуудлуудыг илүү оновчтой, цогцоор нь шийдвэрлүүлж чадсандаа баяртай байна. Гадаадын зочид, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор гаргаж буй энэ шийдвэрүүд Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна.
-Нислэгийн тарифыг аравдугаар сарын 1-нээс тавдугаар сар хүртэл хөнгөлөхөөр боллоо. Хөнгөлөлтийг эдлэхэд ямар шаардлага хангах ёстой вэ. Визний үнэ хөнгөлсөн зөрүү мөнгийг нислэгийн компаниудад улсын төсвөөс гаргаж өгөх үү?
Манай орны хувьд аялал жуулчлалын улирал маш богино байдаг учраас уртасгах шаардлага бий. Монгол Улсад 2016-2018 онд нийт 95 олон улсын томоохон хурал, чуулган, арга хэмжээ зохион байгуулах тухай Засгийн газрын тогтоол батлагдсан. Эдгээр төлөвлөгдсөн хурал зөвлөгөөн, бусад арга хэмжээг жуулчны оргил үеэс бусад улиралд зохион байгуулах нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой гэж үзсэн. Нислэгийн тарифыг хөнгөлөхтэй холбоотой асуудлыг зохицуулах тусгай журмыг Зам тээврийн хөгжлийн яам боловсруулна.
-Та Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Монгол Улс нүүдлийн аялал жуулчлалын төв болно гэж мэдэгдсэн. Энэ зорилгын хүрээнд тодорхой ямар ажлууд хийгдэх вэ?
УИХ-аас баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д “Монгол Улс нүүдлийн соёл-аялал жуулчлалын төв болно” гэж тусгасан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх цогц зорилт тусгагдсан. Засгийн газраас анх удаа Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг 2016-2025 онд хэрэгжүүлэхээр батлаад байна.
Эдгээр бодлого, зорилтоо хэрэгжүүлэх бүрэн нөөц бидэнд бий гэж үзэж байгаа. Монголд ирсэн гадаадын жуулчдын дунд явуулсан судалгаагаар, нийт жуулчдын 60 гаруй хувь нь “байгалийн гоо үзэсгэлэнг”, 42 орчим хувь нь “нүүдлийн түүх, соёл, уламжлалт зан заншлыг” үзэхээр ирдэг бөгөөд тэдгээрийн 60 гаруй хувь нь манай оронд дахин зочлох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байдаг. НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас Монгол Улсыг дэлхийн нүүдлийн аялал жуулчлалд манлайлан ажиллахыг дэмжихээ илэрхийлсэн.
Өнгөрсөн аравдугаар сард “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын анхдугаар бага хурлыг ДАЖБ-ын дэмжлэгээр Улаанбаатар хотноо зохион байгуулж, Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийн 21 гишүүн улсын 150 гаруй олон улсын төлөөлөгчид оролцсон. “Нүүдэлчдийн замаар аялахуй” аяллын брэндийг хөгжүүлэн түүний манлайлагч орон байх, олон улсын зах зээл дээр өрсөлдөхүйц аяллын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх алхамд маань саяхан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд томоохон түлхэц болно.
Цаашдаа бид салбарын эрх зүйн орчноо улам боловсронгуй болгох, аялал жуулчлалын салбарт мөрдөгдөх стандартуудаа шинэчлэх, олон улсын жишигт нийцүүлэх, аялал жуулчлалын томоохон цогцолбор төвүүдийг байгуулах, жуулчдын ая тухтай, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх, аялал жуулчлалын гол чиглэлд зам дагуу түр буудаллах цэгүүд, авто замын дэргэдэх боловсон ариун цэврийн байгууламжийг шат дараатай барьж байгуулах зэргээр хийхээр төлөвлөсөн олон ажил байна.