Сургалтын хөтөлбөрийн нэрийг өөрчилсөн нь зогсоосон гэсэн үг биш
Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь
2017.01.10

Сургалтын хөтөлбөрийн нэрийг өөрчилсөн нь зогсоосон гэсэн үг биш

Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьтай ярилцлаа. 

-Аймгуудын Засаг дарга нар боловсролын салбар хамгийн их өртэй байгаа тухай ярьж байсан. Орлого олох боломжоор тааруухан болохоор ингэж байна уу? 

Өнгөрсөн онуудын өр төлбөрөөс 12 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд нэмж тусгаад, 2015, 2016 оны эхний хагаст үүссэн байсан өрүүдийг тэглэсэн. Тиймээс өнгөрч буй 2016 оны өр гэж байх ёсгүй гэж би тооцож байгаа. Яг одоогийн байдлаар тайлан, баланс зэрэг үр дүнгийн асуудлууд нэгтгэгдээгүй учраас чухам хаана, юуны өр байгааг тооцож мэдэхгүй байна.

Засгийн газар шинээр байгуулагдсаны дараа төсөвт тодотгол хийгээд, түүгээрээ өмнөх өрүүдийг бүгдийг тэглэсэн юм. Мэдээж манай салбарын тухайд сургууль, цэцэрлэгээс эхлээд барилга, байшин ихтэй. Тэдгээрийн түлш, халаалтын үнийн зөрүү гэхчилэн гардаг. Айхтар их өр гарахгүй байх гэж бодож байгаа. 

-Ер нь орон нутагт салбартай холбоотой ямар асуудлыг хөндөж байна вэ?

Барилгын хүртээмжийн асуудал л их хөндөгдөж байгаа. Улсын хэмжээнд орон нутагт дуусаагүй маш олон барилга бий. Өнгөрсөн Засгийн газрын эхлүүлээд царцаачихсан, 3-4 жил барьж байгаа нэрээр хөрөнгө оруулалт авчихсан, үлдэгдэл өртгийг нь шийдвэрлэх боломжгүй обьектууд ч байгаа. Эдгээрээс энэ оны төсөвт дуусгахаар заримыг нь чадал чинээгээрээ тусгасан. Улсын хэмжээнд дуусаагүй 360 гаруй барилга бий. Оны эцэст ихэнхийг нь дуусгаж, дутуу барилга нэмэхгүй байхаар бодлого барина. 

-Салбарын хувьд энэ жил орон нутагт ямар бодлого барьж ажиллахаар төлөвлөсөн бэ?

Энэ жил Засгийн газрын үйл ажиллагаанд тусгагдсан, салбарын өмнө тулгамдсан зорилтуудаа хэрэгжүүлж эхлэх чухал он. Тиймээс эдгээрээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, цэцэрлэгийн хүртээмж, сургуулийг хоёр ээлжид шилжүүлэх зэрэгт хүчин чармайлт гарган ажиллах, гадны зээл, тусламж болон концессын гэрээгээр боловсролын салбарын барилгуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр анхаарлаа хандуулахаар болж байгаа. 

-Зөвхөн боловсролын салбарыг л авч үзэхэд уламжлалт чанараа хадгалж байх учиртай. Гэтэл салбарын сайд солигдох бүрт шинэчлэлийн асуудал хөндөгддөг гэх шүүмжлэл бий. Таны хувьд ямар бодлогоор ажиллахаар төлөвлөж байгаа бол?

Бид бүх шатны сургалтын чанарыг сайжруулах тал дээр онцгой анхаарч ажиллана. Сургалт гэдэг өөрийн хөтөлбөртэй, дэлхийн жишигт нийцсэн, олон улсын стандартыг хадгалах асуудал. Сургаж буй арга, технологи, хэлбэрийн хувьд ч янз бүрийн өөрчлөлт явагддаг. Өөрөөр хэлбэл сургалтын хөтөлбөрийг иж бүрнээр нь өөрчилнө гэсэн ойлголт бол байхгүй. 

Бүрэн дунд боловсрол олгож буй түвшний тухайд хүүхдүүд бүрэн дунд сургуулиа төгсөөд дэлхийн аль орны их, дээд сургуульд элсэхэд шаардлага хангасан байх ёстой. Түүнд л нийцсэн бүрэн дунд боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж, явуулах шаардлагатай. Энэ нь хадгалагдсаар ирсэн. 

Мэдээж болж, бүтэхгүй байгаа зарим зүйлийг сайжруулан, шинэчлэх ажил бол цаг ямагт үргэлжилж байдаг үйл явц. Энэ чиглэлээр цааш явна. 

-Гэхдээ таныг өмнөх сайд нарынхаа хэрэгжүүлж ирсэн хөтөлбөрүүдийг зогсоох гэж байна гэсэн яриа гараад эхэлсэн шүү дээ. Сайжруулж байгаа нэрээр зогсоох юм уу?

Өнгөрсөн онд Бага, дунд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулаад, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг “Цөм хөтөлбөр” гэж нэрлэнэ гэчихсэн. Түүхийн хугацаандаа сургууль, сургалтын үйл ажиллагаа бага, дунд боловсролын салбарт 1990-ээд оныг хүртэл сургалтын программ гэдэг нэрээр явж ирсэн.

Түүүнээс хойш 5-6 удаа тухайн хөтөлбөрийн нэрийг өөрчилсөн юм билээ. Хүмүүс нэрийг нь өөрчилчихөөр л тухайн хөтөлбөр өөр болчихсон, зогсчихсон гэсэн ойлголт аваад байдаг. Угтаа хөтөлбөр нь өөрчлөгдөх бус сургалтын арга барил л өөрчлөгдөн, шинэчлэгддэг.

Сургалтын хөтөлбөр, сурах бичгийг Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт гээд салбарын эрдэмтэн, багш нараас бүрдсэн хүмүүс зохиож, хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөр хэвээр үргэлжилж байгаа. Олон нийтийн дунд “Цөм хөтөлбөр”-өөр ахлах ангийн сурагчдад хичээл сонголт явагдана, сонгосноос нь өөр хичээл заахгүй гэх мэтчилэн ойлголт байсан юм билээ.

Түүнийх нь бэлтгэл хангагдаагүй, сурах бичиг нь зохиогдоогүй гэх мэт шалтгаанаар хойшлуулсан, боломжгүй зүйл. Ерөнхий боловсролын сургалт гэдэг дэлхий дахинд стандарттай байдаг. Тэрний л дагуу бүх хичээлийг үзэж, бүрэн дунд боловсрол эзэмших ёстой. Түүнээс сурагчид математикийн хичээл үзэхгүй, хэлний чиглэлийн хүн болно, тиймээс зөвхөн гадаад хэл үзэж төгсөнө гэвэл байж болохгүй зүйл.