Шатрын багш дасгалжуулагчийн ангийн анхны төгсөлт боллоо
2017.01.04

Шатрын багш дасгалжуулагчийн ангийн анхны төгсөлт боллоо

Хүн төрөлхтний оюун санааны гайхамшигт бүтээлүүдийн нэг шатар гэгддэг. Тиймээс ч шатар хүүхдийн төлөвшил,  хүмүүжил, хөгжилд үнэлж баршгүй олон эерэг нөлөө үзүүлдэг шилдэг загвар болдог гэдгийг сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэд нотолсон байдаг. Тэгээд ч өнөөгийн хэт цахимжсан үед шатрын хүнийг байгалиар нь сэтгэн бодуулж чадах ач холбогдол нь улам илүү болж байгаа юм.

Угаас шатрыг нүүдлийн ахуй амьдралтайгаа нягт уялдаа холбоотойгоор уламжлан хөгжүүлж, төр улсаа ч “Шатар ухаан”-аар урлаж ирсэн баялаг түүхтэй шатарч ард түмэн бол монголчууд. Тэгвэл МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал, Монгол Туургатны шатрын холбооны гүйцэтгэх захирал Н.Түвшинтөгс нарын санаачлагаар Монгол улсад анх удаа  шатрын багш дасгалжуулагч бэлтгэх ангийг нээсэн байна. Энэхүү ангийн нэг жилийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, өнөөдөр анхны 13 төгсөгчдөд  багшлах эрхийн дипломыг нь гардууллаа. 
Сүүлийн үед өсвөрийн шатарчдыг системтэй бэлтгэх, сургах асуудал тулгамдсан асуудал болоод байгаа. Тиймээс ч ийнхүү мэргэжлийн шатрын багш дасгалжуулагчдыг бэлтгэж эхэлсэн байна.
Хөтөлбөрийг санаачлагчид МУБИС-ийн дэргэд “Шатрын багш” нэртэй клубыг МШХ-ны дэмжлэгтэйгээр байгуулж, олон улсын чансаа тооцдог тэмцээнүүдийг тогтмол зохион явуулдаг болсон нь бага зардлаар олон улсын ур чадвараа  дээшлүүлэх боломжийг шатарчдад олгодог болжээ. Цаашид шатрыг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулахад энэ ангийг нээсэн нь чухал алхам болох юм гэдгийг МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал онцолж байлаа. 
Шатрын багш, дасгалжуулагчийн ангийн оюутнуудад манай улсын шилдэг гэж хэлэж болох бүх шатарчид хичээл заасан байна. Тухайлбал, Монгол улсын гавъяат тамирчин ОУМ Л.Мягмарсүрэн, Гавъяат дасгалжуулагч ОУМ П.Жигжидсүрэн, Гавъяат багш, ахмад мастер Д.Ламжав, ОУШХМ, Улсын долоон удаагийн аварга Ж.Лхагва, ОУМ Ц.Лхагвасүрэн, ОУШХМ Ч.Хүрэлбаатар, спортын мастер, Улсын аварга, профессор Г.Чилхаасүрэн, Төрийн соёрхолт, спортын мастер профессор Р.Энхбат, спортын мастер Ц.Энхбат, С.Болдбаатар,  дэд мастер Д.Дамдин, дэд мастер Л.Үржиндорж, ОУХМ Л.Тогоохүү, МУБИС-ын эрдэмтэн багш нар болон ОХУ-ын Их мастер А.Фоминых зэрэг мундаг хүмүүс урилгаар хичээл заасан байна.