Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн өдөрт зориулсан Үндэсний бөхийн барилдаан боллоо
2017.01.16

Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн өдөрт зориулсан Үндэсний бөхийн барилдаан боллоо

Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр /2017.01.13/ Монгол бөхийн өргөөнд боллоо.

Хүчит бөхийн барилдааныг Улсын Их Хурлын дарга М.Энхболд нээж үг хэлсэн юм. Тэрээр, өдгөөгөөс 25 жилийн тэртээ, идэр есийн хүйтэн жавар тачигнасан, ирээдүйгээ тодорхойлох шинэ сонголтын босгон дээр ирсэн түүхэн цаг үеэр монгол түмэн шинэ Үндсэн хуулиа өлгийдөн авч байлаа.

Шинэ Үндсэн хуулиараа бид Монгол Улс бол ардчилсан улс болохыг, ардчиллын замаар цаашид тууштай замнахаа дэлхий ертөнцөд зарлан тунхагласан. Хүний эрх, эрх чөлөө, шударга байдал, тэгш ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, улс үндэстнийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг тамгалан баталгаажуулсан. Үндсэн хуулиараа тунхагласан, эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм үйл хэрэгт иргэн бүхэн хувь нэмрээ оруулахыг баярын энэ өдөр уриалж байна. Монгол Улсын минь сүлд хийморь ямагт мандан бадарч, төр түвшин, түмэн олон амгалан жаргах болтугай  хэмээлээ.

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны нээлтэд УИХ-ын дэд дарга, Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссын дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын зарим гишүүд болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Б.Пүрэвсайхан, Ш.Уламбаяр, А.Цацавшир, Т.Баасанхүү, Э.Энхбат нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглов.

Үндсэн хуулийн ойд зориулсан энэхүү барилдааныг анх 1992 онд зохион байгуулж, улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж, дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэж байжээ. Харин өнгөрсөн жилийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь түрүүлж, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэсэн билээ.

Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Пүрэвдорж, МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж болон албаны бусад хүмүүс үзэж сонирхлоо.

Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдааны их шөвөгт улсын харцага А.Цацавшир, Л.Жаргалбаяр, улсын начин Д.Цэрэнтогтох, Э.Даш нар шалгарч үлдсэнээс улсын харцага А.Цацавшир улсын өсөх идэр начин Д.Цэрэнтогтохыг амалж, улсын харцага Л.Жаргалбаяр, улсын начин Э.Даш нар тунасан юм. Ингээд улсын харцага А.Цацавшир, улсын начин Э.Даш нар учраа бөхөө давж үзүүр түрүүнд шалгарч үлдсэнээс Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Э.Даш найм даван түрүүлж, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат, улсын харцага А.Цацавшир үзүүрлэв.

Үндсэн хуулийн 25 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд түрүүлж үзүүрлэсэн болон их шөвөгт шалгарсан бөхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд нар бай шагнал гардуулж баяр хүргэлээ