Дүр: "Бохь зажилагч"-аас бодит санал дэвшүүлэгч рүү
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа
2017.01.24

Дүр: "Бохь зажилагч"-аас бодит санал дэвшүүлэгч рүү

Түүнийг бохь зажилдаг гишүүн гэдгээр сошиал сүлжээний идэвхтэй хэрэглэгчид таньдаг болсон. Бохь бол хүн бүрийн хэрэглээ. Харин хаана, хэзээ хэрэглэх нь зохимжтойг Н.Амарзаяагийн үйлдэл хэн бүхэнд сануулсан. 

Нэг талаас УИХ-ын гишүүн хүн байнгын хорооны хуралдаанд оролцож байхдаа бохь зажилсан нь зохимжгүй байв. Нөгөө талаас улстөрч хүний хувьд энэ үйлдлээрээ сошиал хүрээнд танил болсон гэдэг нь давуу тал болж байна. Тиймдээ ч өнөөдөр түүнийг юу ярих бол гэж ажиглах хүн цөөнгүй болсон. 

Тэгвэл он гарсаар тэрээр байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанд идэвхтэй оролцож, Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдэд өөрийн саналаа нэмэрлэж сууна. Энэ нь Н.Амарзаяа нэгэнтээ "бохь зажилагч"-ийн дүрээр танигдсан бол одоо төрийн бодлогод өөрийн санаа бодлыг нэмэрлэж суудаг ажил хэрэгч гишүүн гэсэн имиж бүрдүүлэхээр мэрийж буйн илэрхийлэл юм. Эрчээ бүү алдаарай гэж хүсье.

Ингээд УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн чуулган, байнгын хорооны хуралдааны үеэр ямар хуулийн төсөлд ямар байр суурь илэрхийлснийг тоймлон харцгаая. 

2017.01.19

Хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг үнэ төлбөргүй болгох бодлого барих хэрэгтэй. Элэг, бөөр, чөмөг зэрэг эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийх мэс заслын багт хагалгааны төлбөрийн тодорхой хувийг урамшуулал болгон олгох нь зөв байх. 

2017.01.19    

/Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл: УИХ-ын чуулган/

Эхийн сүү орлох бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэх зорилгоор сүүний үйлдвэрүүдийг дэмжих шаардлагатай. Энэ нь ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлоготойгоо ч уялдах ёстой. Сүүний үйлдвэр тэр дундаа жилийн дөрвөн улиралд сүүний гарц харьцангуй сайн байдаг ингэний сүү боловсруулах үйлдвэрийг үндэсний хэмжээнд бодлогоор дэмжих хэрэгтэй байна.

2017.01.17

/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл: Төсвийн байнгын хороо/

ЖДҮ-ийг дэмжих зорилготой зээлийн нэр төрлийг олшруулах шаардлагатай байна. 10 аж ахуйн нэгжид зээл олголоо гэхэд 5 нь талх, нарийн боов, 5 нь эсгий үйлдвэрлэл байж болохгүй шүү дээ. Төслөө онож санхүүжүүлэх, зээлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, зээлийн эргэн төлөлт зэрэгт онцгой анхаарах шаардлагатай бөгөөд одоогийн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг Хөгжлийн банктай адилтгаж болохоор байна. Тус сангийн удирдлага нь хэн нэгнээс хараат бус байж, олгосон зээлийн тайлангаа Төсвийн байнгын хороонд хүргүүлдэг байх нь зүйтэй.

2017.01.16

/Хог хаягдлын тухай шинэчилсэн найруулгын төсөл: УИХ-ын чуулган/

Хуулийн төсөлд “Электрон хог хаягдал” гэсэн дэд бүлэг оруулж, энэ төрлийн хог хаягдлыг хүлээн авдаг, устгалд оруулдаг бүтцийг бий болгох шаардлагатай байна. Мөн айл өрх, аж ахуйн нэгжүүд хог хаягдлаа ангилан ялгадаг байх асуудлыг нарийвчлан тусгах хэрэгтэй. Хог хаягдлаа ангилан ялгахыг замын хөдөлгөөний дүрэм шиг ягштал мөрддөг байх нь зөв.

2017.01.16

/Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл: УИХ-ын чуулган/

Өндөр хөгжилтэй орнуудад нэгэнт хэвшил болсон хувийн Хөдөлмөр, зуучлалын байгууллагыг дэмжих хэрэгтэй. Эдгээр хувийн биржийг Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сангаас урамшуулдаг байх нь зүйтэй. Нөгөөтэйгүүр ажил олгогчийг цагийн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тохиолдолд 5-10 сая төгрөгөөр торгоно гэдэг нь хатуу заалт гэж бодож байна.

2017.01.06

/Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл: УИХ-ын чуулган/

Сум, багт ахуйн хүрээний гал гарлаа гэхэд түүнийг унтраах бага оврын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл зайлшгүй шаардлагатай байна. Энэ зардлыг эдийн засгийн нөхцөл байдал сайжрах үе буюу 2018 оны улсын төсөвт суулгаж болох юм.

2017.01.05

/Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл: УИХ-ын чуулган/

Согтуугаар жолоо барьж байгааг тогтооход хялбар болсон. Хамгийн гол нь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэсэн болохыг илрүүлдэг багаж, тоног төхөөрөмжөөр мэргэжлийн байгууллагыг хангах хэрэгтэй байна шүү дээ.

2017.01.05

/Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл: УИХ-ын чуулган/

Сонгуулийн хэсгийн хороонд ажиллаж байхдаа хууль зөрчвөл тухайн төрийн албан хаагчид хүлээлгэх хариуцлагыг улам чангатгах хэрэгтэй. Нөгөө талаас сонгогчдын саналыг мөнгө, эд зүйлээр худалдан авахыг завдсан тухай хууль, хяналтын байгууллагад мэдэгдсэн иргэнийг урамшуулах хэрэгтэй. Мөн УИХ-ын сонгуулийн үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй харуулсан хэлбэрийг ч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглах нь зөв.