Х.Нямбаатар: Төрийн алба, бизнесийнхээ аль нэгийг сонгох зохицуулалтыг хуулийн төсөлд оруулж өгсөн
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
2017.01.24

Х.Нямбаатар: Төрийн алба, бизнесийнхээ аль нэгийг сонгох зохицуулалтыг хуулийн төсөлд оруулж өгсөн

Засгийн газраас өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгг иргэний нийгмийн төлөөллүүд оролцож, санал дүгнэлтээ хэлсэн юм.

Засгийн газраас оруулж ирсэн хуулийн зорилго нь Төрийн албан тушаалтан буюу хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгдөг этгээд гадаад улсад данс нээх, мөнгөн хөрөнгө байршуулах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд байгуулах асуудлыг хориглох явдал юм.

Харин тусгай зохицуулалт буюу гадаад улсад тодорхой хугацаанд суралцах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, Монгол Улсаас гадаад улсад сууж байгаа элчин сайдын яам, консулын газарт албан үүргээ гүйцэтгэж байгаа хүн хуулийн зохицуулалтаас ангид байх ёстой гэж хуулинд заасан байна. Уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ажиллаж байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсгийн ахлагч X. НЯМБААТАРААС дараах зүйлийг тодрууллаа.

-УИХ хуулийн өөрчлөлтийг хийхдээ ямар зарчим барьж, хуулийн ямар тодорхой өөрчлөлтийг хийх шаардлага байна гэж үзэж байгаа вэ?

Монгол Улсын Засгийн газраас 2016 онд өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  замаар нийтийн албанд ажиллаж байгаа хүн гадаадын аль нэг  улсад данс, хадгаламж эзэмших, хамтарсан компани байгуулах, хувьцаа эзэмшихийг хориглосон эрх зүйн зохицуулалтыг оруулж, өргөн барьсан.

Энэ нэмэлт өөрчлөлтийн гол агуулга нь сүүлийн жилүүдэд улстөрчидтэй нэлээд холбогдож буй оффшор данс эзэмшиж, хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүс гадаадад хадгаламж эзэмшиж байгаа нь илэрсэн. Цаашлаад мартсан сая ам.долларын асуудал гээд олон нийтийн анхаарлыг татсан асуудал ар араасаа хөврөх болсонтой холбоотой. Тиймээс цаашид нийтийн албанд зүтгэж буй 39 мянган хүн гадаадын аль нэг улсад данс эзэмшихгүй байя.

Нэг бол та төрийн албаа сонго, эсвэл хувийн бизнесээ эрхэлж болно гэсэн зохицуулалтыг оруулж ирж байна. Мөн гадаадад илэрсэн данс хадгаламжийнхаа эх үүсвэрийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, ямар эх үүсвэрээр тухайн хөрөнгийг олсон гэдгээ нотлох, энэ эх үүсвэрээ нотолж чадахгүй бол Эрүүгийн хуульд заасан хууль бусаар хөрөнгөжсөн, татвараас зайлсхийсэн болон бусад төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгахаар зохицуулсан.

-Хуулийг баталж гаргахад олон нийтийн саналыг авах, төрийн бус байгууллага, улс төрийн намуудын төлөөллийг оролцуулах ёстой гэж үзэж байгаа. Тиймээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг цаашид яаж хийх вэ. Олон нийтэд хүргэх талд хэрхэн ажиллаж байна вэ?

Хуулийн төслийг 2016 онд өргөн барьсан талаар дээр дурдсан. Энэ хооронд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг, ажлын дэд хэсгүүд таван удаа хуралдлаа. Тиймээс юуны түрүүнд иргэний нийгмийн байгууллага, хэвлэлийнхэнд хуулийнхаа танилцуулгыг явуулна.

Дараа нь гадаад улс оронд байгаа нуугдмал эд хөрөнгийг хэрхэн татан авчрах талаар онол арга зүйн асуудлаар хэлэлцүүлэг явуулна. Цаашлаад иргэний нийгмийн байгууллагаас гаргасан саналыг байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх, ажлын хэсгийн дүгнэлтүүдэд тусгаж өгөхөөр ажиллаж байна.

-Хуулийг баталж гаргах, мөн хэлэлцүүлгийн явцад бусад улс орны жишиг, туршлагыг хэрхэн авч үзэж байна вэ?

Судалгаагаар төрийн албан хаагчид гадаадад данс эзэмшихийг хориглосон, хуулиараа зохицуулсан хоёрхон улс байдаг юм байна лээ. Тухайлбал, манай хоёр хөрш байна. 2013 онд ОХУ-ын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, дараа нь хууль баталжээ. Харин БНХАУ 2014 онд энэ төрлийн хуулийг гаргасан байдаг. Мөн ХБНГУ яг энэ төрлийн хуулийн төслийг өргөн бариад байгаа. Түүнчлэн гадаадын улс орнуудад данс эзэмшихийг хориглох, оффшор данс эзэмшихийг хориглох гэсэн хоёр харилцан адилгүй ойлголт бий.

Одоогоор хууль тогтоомжоороо татварын хөнгөлөлттэй бүс болгоод зарлачихсан бидний нэрлээд байгаагаар оффшор гээд байгаа улс орон 60 гаруй байна. Манай хоёр хөрш бол “гадаад” гээд нэрлэчихсэн. ГХЯ болон гадаад албаныхан, оффшор бүсэд данс эзэмшихийг хориглоно гэж нэрсийг нь дурдах, гадаад орон гэж зааглах нь хоорондоо ялгаатай ойлголт. Гадаад харилцааны үүднээс улс орнуудыг энэ улс оффшор гэж олон улсын эрх зүйн ялгамжийг үүсгэж болохгүй гэдэг талаас нь зөвлөж байгаа.

-Оффшор дансны хуулийг татварын орчинд бүрдүүлж өгье гэсэн санал гарч байна. Ийм боломж бий юү?

Монгол Улсын Татварын багц хуулийн хувьд өргөн хүрээнд зохицуулалт хийсэн. Тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэрт бүхий л төрлийн орлогоос албан татварыг татаж, төсөвт төвлөрүүлэхээр заасан. Харин зарим хүний яриад байгаа татварын орчинд оруулах гэдэг нь арай өөр зүйл шиг байна. “Тухайн улсын иргэн гадаадад ямар нэгэн байдлаар орлого олсон тохиолдолд татвар авдаг тогтолцоог бий болгооч” гэсэн зүйл юм.

-Зарим гишүүний зүгээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь учир дутагдалтай. Тиймээс тусад нь хууль гаргах шаардлагатай гэж байгаа. Үүнд та ямар бодолтой байна вэ?

Нэг ижил төрлийн харилцааг хоёр өөр хуулиар зохицуулах нь өөрөө эрх зүйн онолын хувьд зохимжгүй байх. Яагаад гэвэл, манай улс2012 онд Нийтийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зохицуулах хуулиа баталсан. Тэгэхээр өнөөдөр бид- ний зохицуулахыг зорьж байгаа харилцаа юу вэ гэхээр гадаадад төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс ашиг сонирхлын зөрчил гаргаж, хадгаламж, данс эзэмшиж болохгүй. Тэр нь хууль бус байвал эрүүгийн хэрэг үүсгэе. Хууль ёсны байвал Монголдоо оруулж ир гэсэн санааг агуулж энэ хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж байна.