Зэвсэгт хүчний стратегийн цугларалт Б.Бат-Эрдэнэ сайдын хэлсэн үг
2017.01.19

Зэвсэгт хүчний стратегийн цугларалт Б.Бат-Эрдэнэ сайдын хэлсэн үг

Эрхэм генерал, офицер, ахлагч нар аа, Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. 

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн Та бүхэнтэй шинэ оны эхэнд уулзаж байгаадаа баяртай байна. 

Би Монгол Улсын Батлан хамгаалахын сайдаар томилогдсоноос хойш үндсэндээ хагас жилийн хугацаа өнгөрч байна.

Сайдын хувьд Зэвсэгт хүчнийг төрийн захиргааны удирдлагаар хангахдаа юуны өмнө Зэвсэгт хүчний хууль эрх зүйн хангамжийг төгөлдөржүүлэх, Засгийн газрын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн хэм хэмжээ тогтоох, хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллаа. 

"МУ-ын батлан хамгаалах бодлогын үндэс"-т нийцүүлэн "Батлан хамгаалах тухай", "Зэвсэгт хүчний тухай", "Цэргийн албаны тухай", "Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай" хуулиуд шинэчлэгдэн батлагдлаа.

Энэ бол Батлан хамгаалах тогтолцоог шинэчлэсэн, Зэвсэгт хүчнийг хууль эрх зүйн шинэ орчныг бүрдүүлсэн томоохон ажил боллоо.

Шинэчлэгдэн батлагдсан хуулиар батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллага, нийт иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа мөн болохыг хуульчлан баталгаажууллаа.

 Энэ бол улс орноо батлан хамгаалах үйл ажиллагааг шинэчлэх төрийн бодлогын гол зорилт болж байгаа бөгөөд энэ зорилтыг хэрэгжүүлэгч нь зөвхөн батлан хамгаалах яам төдийгүй төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны бүх шатны байгууллага болж байна.

 Иймч учраас улс орны хэмжээнд батлан хамгаалах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүргийг Батлан хамгаалах яаманд ноогдуулж, манай яамыг Ерөнхий чиг үүргийн яамны статустай болголоо.

Энэхүү төрийн бодлогыг  бид талархан хүлээн авч, аливаа асуудалд салбарын үүднээс биш улс эх орныг батлан хамгаалах эрх ашгийн үүднээс хандаж байх чиг үүрэгтэй болж байгаа юм.  

Төрөөс ноогдуулсан энэ чиг үүргийг манай батлан хамгаалах яам нэр төртэй  хэрэгжүүлэхээр шамдан ажиллаж байна.

Батлан хамгаалахын шинэчлэн баталсан багц хуулиар "Зэвсэгт хүчнийг мэргэжлийн цэрэгт суурилсан байх зарчим"-ыг тунхагласан нь Монгол Улсын төрөөс Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ үеийг эхлүүлж байгаа хэрэг болно. 

Хуулиар Зэвсэгт хүчний удирдлагын тогтолцоог шинэчиллээ. Урьд мөрдөж байсан хуулиар  "Зэвсэгт хүчний удирдлага нь  ерөнхий болон цэргийн мэргэжлийн удирдлагаас бүрдэнэ" гэж тодорхойлж байсан, энэ хэт ерөнхий заалтыг  шинэ хуулиар                                       

"Зэвсэгт хүчний улс төрийн дээд удирдлага,

Төрийн захиргааны удирдлага,

Цэргийн мэргэжлийн дээд удирдлага,

Цэргийн захиргааны удирдлага,

Цэргийн мэргэжлийн удирдлага" гэж зааглан тогтоож, удирдлагын субьектуудын бүрэн эрх, чиг үүргийг "Зэвсэгт хүчний тухай" хуулиар маш тодорхой болгож зохицуулагдлаа.

Ийнхүү зохицуулахдаа Парламентын засаглалтай, тэгэхдээ Ерөнхийлөгч нь Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч байдаг манай улсын төрийн тогтолцооны онцлогыг харгалзан үзсэн болно. 

Эдүгээ Зэвсэгт хүчин нь "Хуурай замын цэрэг", "Агаарын цэрэг"-ээс бүрдэхээр хуульчлагдаж, Төрлийн цэргийн командлалын нийтлэг бүрэн эрхийг "Зэвсэгт хүчний тухай" хуульд тусгайлан заалаа.

Төрлийн цэргийн командлалууд байгуулагдан бие даан үүрэг гүйцэтгэж эхэлж байна. Командлалуудыг зохион байгуулалын хувьд бэхжүүлэх, үйл ажиллагааг эхнээс нь зөв төлөвшүүлэхийг Сайд би ЗХЖШ-ын удирдлагад даалгаад байгаа болно.

Батлан хамгаалах яам "Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс", батлан хамгаалах багц хуулийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх цогц арга хэмжээ, арга замыг тодорхойлсон "Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030"  баримт бичгийг төрийн цэргийн байгууллагуудын удирдлагын  идэвхитэй оролцоотойгоор боловсруулан МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын АБГББХ, Засгийн газарт өргөн мэдүүлээд байна. 

Энэхүү урт хугацааны стратегиэр мэргэжлийн өндөр бэлтгэлжилт бүхий бие бүрэлдэхүүн, шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан орчин үеийн зэвсэглэл, техник бүхий чадварлаг Зэвсэгт хүчинХилийн цэрэгОнцгой байдлын байгууллагыг бэхжүүлж, хөгжүүлэх зорилго, зорилтууд, хэрэгжүүлэх арга замыг  тодорхойлж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, "Төрийн цэргийн байгууллын хөгжлийн стратеги-2030" стратегийн баримт бичгийн хэрэгжилтийг хангах үүднээс "Зэвсэгт хүчний байгуулалтыг 2016-2020 онд хөгжүүлэх хөтөлбөр"-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, албажуулж байна.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын хуралдаанаар "Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр", "Хуурай замын болон Агаарын цэргийн командлал байгуулах тухай" санал, БХИС-ийг "Үндэсний батлан хамгаалахын их сургууль" болгон зохион байгуулах, БХХСАХНЭ-ийн зэрэглэлийг  ахиулж 3-р шатны төв эмнэлгийн статустай болгох зэрэг олон чухал асуудлыг хэлэлцүүлэн  шийдвэрлүүлж чадлаа. 

Товчоор дүгнэж хэлэхэд Зэвсэгт хүчнийг цаашид хөгжүүлэх төрийн бодлого ч шинэчлэгдлээ, хөгжлийн стратеги ч шинээр гарлаа, Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр ч Засгийн газраар батлагдан гарлаа.

Нэг үгээр хэлбэл Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ үеийг эхлүүлэх бодлогыг Монгол Улсын төр, засаг хууль тогтоомжоороо зарлан тунхаглалаа.

Одоо хэрэгжилтийг шат шатандаа оновчтой төлөвлөх, ухаалаг зохион байгуулах, гүйцэтгэлд үр нөлөөтэй хяналт тавих ажил эрхэм захирагч, дарга Та нарыг хүлээж байна. 

"Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т батлан хамгаалах бодлогын чиглэлээр "Монгол Улсын батлан хамгаалах эрх зүйн орчныг төгөлдөржүүлж, улс орныг батлан хамгаалах чадавхыг бэхжүүлж, Зэвсэгт хүчний хөгжлийг эрчимжүүлэн батлан хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох" зорилгын хүрээнд 10 үндсэн зорилт, 42 арга хэмжээг тусган хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд:

- Зэвсэгт хүчний эрх зүйн орчныг боловсронгуй болгож, стратегийн төлөвлөлтийн баримт бичгүүдийг шинэчлэн, мөрдүүлэх;

 - Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцийн бодлого, цэргийн сургалт бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох;

- Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техник, хэрэгслийг шинэчлэх, сэргээн сайжруулах;

- Зэвсэгт хүчний материал, техникийн хангалтын тогтолцоог шинэчилж, бие бүрэлдэхүүний алба хаах орчин нөхцөлийг сайжруулах гэсэн тодорхой, хэрэгжихүйц зорилтуудыг тусгасан байгаа.

Түүнчлэн батлан хамгаалахын багц хуулийн зүйл, заалтуудад нийцүүлэн  60 гаруй дүрэм, журам, зааварыг  Батлан хамгаалах яам ЗХЖШ-тайгаа хамтран шинээр болон шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна.

 Эрх зүйн хэм хэмжээг шинэчлэн тогтоох эдгээр  баримт бичгүүд нь цэргийн нэгтгэл, ангиудыг шинэчлэх, хөгжүүлэхэд нэн чухал хөшүүрэг болгох тул  төслүүдийг Сайд, сайдын зөвлөл ул суурьтайгаар судлан хэлэлцэж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар батлуулан гаргах болно. 

Өнгөрсөн хагас жилд Сайд би БХЯ, ЗХЖШ-ын удирдах дарга нарын хамт Зэвсэгт хүчний цэргийн зарим нэгтгэл, анги, салбаруудын ажил байдалтай танилцаж, тухайн цэргийн анги, салбарт тулгамдаж байгаа асуудлыг анхааралдаа авч, зарим асуудлыг байгаа нөөц, боломжийнхоо хэмжээнд шуурхай шийдвэрлэж  байлаа.

Тухайлбал: Дунд хугацаанд Агаарын цэргийн зэвсэглэлийг шинэчлэх бодлогын чиглэлийг гаргаад байна.

Дараагийн долоо хоногоос Зэвсэгт хүчний ар талын цэргийн зарим ангиудын ажил, байдалтай  танилцах бөгөөд энэ ондоо багтаж Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудын ажил, байдалтай танилцахаар төлөвлөж  байна.  

Эрхэм генерал, офицерууд аа!

 Өнөөгийн дэлхийн болон бүс нутгийн цэрэг-улс төрийн ээдрээтэй байдал, орчин үеийн  техник, технологийн үсрэнгүй хөгжил, мэдээллийн орон зайн шинэ нөхцөл нь улс орны аюулгүй байдлыг хангахад урьд урьдаас улам илүү анхаарахыг нөхцөлдүүлж байна.

Дэлхийн улс орнуудын батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаанд гарч буй нийтлэг өөрчлөлтийг харгалзан, өөрийн орны батлан хамгаалах бодит хэрэгцээ,  байгаа нөөц, бололцоонд тулгуурлан улс орныхоо батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлж бэхжүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчнийг хөгжүүлэх төрийн бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх нь Та бидний эрхэм зорилго болон дэвшигдэж байна.

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт "Аюулгүй байдлын орчин ба мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин" гэсэн сэдвээр төлөвлөн зохион байгуулж байгаа тул цугларалтын сэдэвт холбогдох зарим асуудлаар Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн Та нартай санал бодлоо солилцьё. 

Нэгдүгээрт, Цэргийн байгууллагад төрийн хууль тогтоомж, цэргийн дүрмээр тогтоосон хэм хэмжээ хэлбэрэлтгүй мөрдөгдөж, биелэгдэж байх нь ардчилсан нийгмийн үндсэн зарчмын нэг мөн билээ.

Ийм учраас шинээр батлагдсан хууль тогтоомж, цэргийн албаны хэм хэмжээг тогтоосон шинэ болон шинэчлэгдэн батлагдсан дүрэм, журмыг бие бүрэлдэхүүндээ суртачлан таниулах ажлыг оновчтой хэлбэрээр зохион байгуулж, биечлэн удирдаж явуулах ажлыг төрлийн цэргийн командлагч, цэргийн анги, байгууллагын захирагч, дарга нар хариуцаж ёстой.

Энэхүү ажлын үр дүнг энэ оны эцэст ЗХЖШ-ын удирдлага, төрлийн цэргийн командлал өөрийн харьяа цэргийн анги, байгууллага бүрээр тооцож нэгтгэн танилцуулаарай.

Цэргийн албаны хэм хэмжээг шинэчлэн тогтооход Зэвсэгт хүчний үндсэн нэгжид ажиллаж байгаа захирагч, дарга Та нарын оролцоо нэн чухал шүү. Иймд дүрэм, журмын төсөл боловсруулахдаа ЗХЖШ цэргийн алба хаагчид, тэр дундаа цэргийн анги, байгууллагыг удирдаж байгаа захирагч дарга нарын оролцоог хангах арга хэмжээг оновчтой зохион байгуулах нь нэн ач холбогдолтой болно.

Тухайлбал цэргийн нийтлэг дүрмүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах, офицер, ахлагчийн алба хаах журам, цэргийн албыг зохион байгуулах заавар зэрэг цэргийн албаны хэм хэмжээ тогтоосон чухал дүрэм, журам заарыг шинэчлэхдээ цэргийн анги, байгууллагын саналыг заавал авч тусгахыг БХЯ, ЗХЖШ-ын удирдлагад чиглэл болгож байна.

Хоёрдугаарт, Батлан хамгаалах багц хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  цэргийн нэгтгэл, анги байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчний байгуулалтын зарчимд нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага урган гарч байна.

Тиймээс эрхэм захирагч Та бүхэн захиран удирдаж байгаа алба хааж байгаа офицер, ахлагч нараа ажил албандаа өсч хөгжихөд нь байнгын дэмжлэг туслалцаа үзүүлж байх нь Зэвсэгт хүчний хөгжилд оруулж буй Захирагч Та нарын томоохон хувь нэмэр  байх болно шүү. 

Та нар захирагсадынхаа эрхэлсэн ажлын үр дүн, хөдөлмөр, зүтгэлийг бодитой үнэлэх, урам зориг өгөх, бүтээлч оролцоо, идэвхийг сэргээн арвижуулж байх ёстой. 

Өнөөдрийн залуу офицер, ахлагч нар бол манай зэвсэгт хүчний нүүр царай, захирагч Таны  залгамж халаа гэдэг үүднээс тэдэнд хүндэтгэлтэй хандаж байх учиртай.

Мэргэжсэн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх ойрын үеийн тулгамдсан зорилт нь цэргийн гэрээт албыг өргөжүүлэн бэхжүүлэхийг нөхцөлдүүлж  байна гэж үзэж болохоор байна.

 Хэрэв тийм бол БХЯ, ЗХЖШ хамтран энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд цэргийн гэрээт албыг бэхжүүлэх төслийг тусгайлан боловсруулж хэрэгжүүлэхээр ажиллах нь ач холбогдолтой байж болох юм.

Цэргийн гэрээт албыг бэхжүүлэх ажил тэдний алба хаах журмыг үндсээр нь шинэчлэхээс эхлэх учиртай. Энэхүү шинэчлэлт нь цэргийн гэрээт алба хаагчдын алба хаах журмыг өөрчилснөөс хязгаарлагдахгүй, алба хаах, амьдрах нөхцөлийг эрс өөрчлөх, тэдний цалин, хангамжийг сайжруулах зэрэг олон асуудлыг зохистой шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.

Товчоор хэлэхэд цэргийн гэрээт албыг бэхжүүлэхгүйгээр мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчинтэй болох зорилт тун бүрхэг байгааг БХЯ, ЗХЖШ-ын  удирдах бүрэлдэхүүн, цэргийн нэгтгэл, ангийн захирагч нар мэдэрч, зохион байгуулалт, зохицуулалтын арга хэмжээг нөөц боломжоо дайчлан авч хэрэгжүүлэхийн ач холбогдыг анхаарч ажиллаарай.  

Гуравдугаарт, Цэргийн анги, салбарын гүйцэтгэх үүрэгт нь зохицсон зэвсэглэл, цэргийн техникээр хангах нь зэвсэгт хүчний байгуулалтын үндсэн зарчим мөн билээ.

Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техникийн талаар  БХЯ-наас баримталж байгаа бодлогыг                

1-т: Зэвсэгт хүчинд байгаа зэвсэглэл, цэргийн техникийн арчлалт, хамгаалалтыг сайжруулах үндсэн дээр тэдгээрийн техникийн чанар байдлыг хадаглах;

2-т: Үндсэн төрлийн зарим зэвсэглэл, цэргийн техникт төсвийн бодлогоор баталгаажсан төлөвлөгөөний дагуу сэргээн сайжруулах техникийн үйлчилгээ, засвар хийж, цэргийн анги, салбарын ашиглалтад авах;

3-т: цэргийн удирдлага, холбоо мэдээллийн салбар, нэгжүүд,  агаарын довтолгооноос хамгаалах болон энхийг дэмжих ажиллагаанд оролцох үүрэг бүхий цэргийн ангиудын зэвсэглэл, техникийг  ээлж дараатайгаар сольж шинэчлэх гэж тодорхойлж болно. 

Эхний ээлжид агаарын цэргийн зарим зэвсэглэл, техникийг шинэчлэн сайжруулахаар ажиллаж байгаа талаар би дээр товч дурьдсан. 

Гэхдээ улс орны эдийн засгийн  өнөөгийн нөхцөл байдалд  нийцүүлэн манай БХЯ эдгээр төсөл, хөтөлбөрийн гол агуулгыг цэргийн гадаад харилцаа, цэрэг-техникийн хамтын ажиллагааны бодлогыг тодорхойлоход чиглүүлэхийг чухалчилж байна. 

Дүгнэж хэлэх аваас итгэмжлэн хариуцуулсан цэргийн ангийнхаа зэвсэглэл, цэргийн техникийн арчлалт, хамгаалалтыг хангах талаар  дүрэм, журмаар хүлээсэн үүрэгт ажлаа бүрэн гүйцэтгэж байхыг эрхэм захирагч, дарга Та нарт Сайдын хувьд онцгойлон даалгаж байна.

4-т: Цэргийн анги, салбарын бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэлийн тогтолцоо, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сургалтын зохион байгуулалтад зарчмын шинэчлэл хийхгүйгээр  мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчинтэй болох талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлж чадахгүй болох нь хэн бүхэнд ойлгож байгаа гэдэгт итгэж байна.

Тийм учраас цэргийн сургалтын бодлого, сургалтын тогтолцоо, сургалт бэлтгэлийн хөтөлбөр, төлөвлөгөөгөө шинэчлэхээс Батлан хамгаалах багц хуулийн тулгуур заалтуутыг хэрэгжүүлэх ажил эхлэх учиртай гэж би ойлгож байна.

Төрийн бодлогыг бодиттой хэрэгжүүлж цэргийн анги, салбараа мэргэжлийн цэрэгт суурилсан байхаар өөрчлөн шинэчилье гэвэл цэргийн анги, салбарын сургалт бэлтгэлийг байнгын бүрэлдэхүүн төвтэй сургалтад шилжүүлэх шаардлагатай.

Өөрөөр хэлбэл цэргийн ангийн захирагч, штаб байнгын бүрэлдэхүүнтэй байлдааны салбар, нэгжийн сургалт, бэлтгэлд онцгой анхаарал хандуул гэсэн үг. Энэ бол байнгын бүрэлдэхүүнийг мэргэжлийн цэрэг болгоход чиглэгдсэн Зэвсэгт хүчний зарчмын шинэчлэл болох учиртай.

Цэргийн анги, салбарт явагдах сургалт бэлтгэлийг шинэчлэхдээ бие бүрэлдэхүүний бүтцийн ангилалаар, албан тушаалын зэрэглэлээр, алба хаасан жилээр ялгавартайгаар зохион байгуулах шаардлагатай ч анхаарч авч үзэх нь чухал болно.

Ер нь цэргийн сургалт бэлтгэл нь тухайн цэргийн алба хаагчийн хөгжих, мэргэших хэрэгцээг хангахад чиглэгдэж байж л үр дүнгээ өгнө шүү гэдгийг онцлон тэмдэглэе. 

Тавдугаарт, цэргийн ангийн бүх үйл ажиллагаа зөвхөн хууль тогтоомж, цэргийн дүрмийн хүрээнд явагдаж байх зарчимтай. Энэ зарчим нь захирагч Та нарыг ажил, албандаа туйлын хариуцлагатай хандаж байхыг шаардаж байгаа юм.

Захирагч, дарга бүр хуулийг хэрэглэх, хэрэгжүүлэхийн үлгэр дуурайллыг биеэрээ үзүүлдэг байх нь орчин үеийн удирдагч хүнд байвал зохих эрхэм чанар гэж би үздэг.

Захирагч бүр төр, засаг, цэргийн командлалаас хүлээлгэсэн итгэлийг бүрэн ухамсарлаж, хариуцуулсан алба, ажлыг хэнтэй ч хуваалцахгүй гүйцэтгэх үүрэгтэй.

Тэгэхдээ Таныг захирагчийн албан тушаалд томилогдсноор бүхнийг мэдэгч, бүхийг ганцаараа шийдэгч болгож буй хэрэг огтхон ч биш гэдгийг гүнээ ухамсарлавал зохилтой.

Захирагч Та  захиран удирдаж байгаа доод шатны албан тушаалтныхаа санал, бодлыг байнга сонсож, тэдэнд итгэл хүлээлгэж, бүтээлч санаачлагыг хөхиүлэн дэмжиж ажилсанаар Таны удирдаж байгаа цэргийн ангийн ажил, үйлс өөдрөг байдаг жамтай болох нь амжилттай ажиллаж байгаа байгууллагын туршлагаар нотлогдсон болохыг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа бизээ.

Батлан хамгаалахын сайдын зүгээс Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхийн төлөөх зоримог санаа, эрч хүчтэй ажлын санаачлагыг бодлогоор, шийдвэрээр тууштай дэмжих болно.

Бид төрлийн цэргийн командлалыг байгуулж, хууль, дүрмээр зохих эрх мэдлийг олгож,  бие даалган ажиллуулж эхэллээ. Төрлийн цэргийн командлагч бол Зэвсэгт хүчний цэргийн захиргааны удирдлагын үндсэн байгууллага мөн. 

Тиймээс төрлийн цэргийн командлагч  хариуцан удирдаж байгаа цэргийн нэгтгэл, анги, салбарынхаа бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхи, бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэл, сахилга  дэг журмыг ЗХЖШ-ын даргын өмнө, улмаар Батлан хамгаалахын сайдын өмнө бүрэн хариуцах болж байгаа шүү.  

ЗХЖШ-ын удирдлага  Сайд миний өгсөн үүргийн дагуу шинээр байгуулагадсан төрлийн цэргийн командлалуудаа зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх, үйл ажиллагааг төлөвшүүлэх чиглэлээр удирдлага, зохицуулалтын арга хэмжээ авах болно. 

Ер нь Батлан хамгаалахын сайдын хувьд, бас хуульч хүний хувьд Зэвсэгт хүчинд ажлын хариуцлагыг чангатгах, үйл ажиллагааг эрх зүйн хэм хэмжээний хүрээнд явуулахад анхаарч ажиллах болохоо энэ дашрамд хэлье.

Зургаадугаарт, Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн хямралт байдал, төсөв, санхүүгийн нэн хязгаарлагдмал боломж нь манай Засгийн газраас үндэсний хэмжээний хэмнэлтийн бодлого явуулахыг нөхцөлдүүллээ.

Засгийн газрын энэ бодлогын хүрээнд Зэвсэгт хүчин, цэргийн нэгтгэл, анги, байгууллага бүр төрийн өмч, хөрөнгийг хууль дүрмийн дагуу зүй зохистой ашиглах, батлагдсан төсвийг үйл ажиллагааныхаа салаа мөчир бүрт туйлын хэмнэлттэй зарцуулах ажлыг төлөвлөн зохион байгуулж, хэрэгжилтэд хатуу хяналт тавьж ажиллах үүрэг хүлээж байна.

Засгийн газрын хэмнэлтийн энэ бодлогыг хэрэгжүүлэхэд Зэвсэгт хүчин манлайлах ёстой.

Цэргийн анги бүр төрийн өмч, улсын төсвийг хэмнэх бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөөндөө  цахилгаан, дулааныг зохистой хэрэглэх горимд шилжих, шатахуун, түлшний үргүй зардлыг багасгах, өр авлагыг барагдуулах, шинээр өр авлага үүсгэхгүй байх гэх мэт ажил, арга хэмжээг жижиг гэлгүй тусган хэрэгжүүлж, гүйцэтгэлд хатуу хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

Цэргийн анги, байгууллагад төрийн өмч хатуу хамгаалалтад байх учиртай. Цэргийн алба хаагч бүр төрийн өмч хөрөнгийг үрэгдүүлэх, шамшигдуулах гэмт хэрэгт орооцолдох эрхгүй байх ёстой. Энэ бол цэргийн алба хаагчийн цэргийн тангарагаар баталгаажсан үүрэг, хууль, дүрмээр зохицуулагдсан ёс зүй.

Засгийн газрын хэмнэлтийн бодлогыг  цэргийн анги, байгууллага бүрт хэрхэн хэрэгжиж байгаад БХЯ, ЗХЖШ өөрсдийн бүтцийн нэгжүүдээрээ дамжуулан байнгын  үр нөлөө бүхий хяналт тавиж байхыг даалгаж байна.

Миний энэ даалгаврын биелэлтийн явц, үр дүнг хагас жилээр надад илтгэж байгаарай.    

Эрхэм хамтран зүтгэгчдээ!

Та бид төрийн батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр дэвшүүлсэн зорилго, зорилтдоо хүрэхийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хамтдаа зүтгэж, амжилтад хүрнэ гэдэгт би итгэл төгс байна.

Монгол Улсынхаа оршин тогтнохуйн аюулгүй байдлын төлөө зүтгэж буй Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн Та бүхэнд Эх орноо батлан хамгаалах, Зэвсэгт хүчнээ хөгжүүлэх их үйлсдээ улам их амжилт гаргахыг хүсье.

Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадраг!