Ц.Дашдорж:Зэс хайлуулж,боловсруулах үйлдвэрээс 4-5 дахин илүү ашиг олно
Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр барьж байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Д.Дамба-Очир, Х.Бадамсүрэн, Ц.Баярсайхан, Г.Баярсайхан, Х.Наранхүү, Д.Одхүү, Ч.Улаан нарын 11 гишүүн санаачлан өргөн бариад буй. Тэдний нэг УИХ-ын гишүүн Ц.Дашдоржоос зарим зүйлийг тодрууллаа. Хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлын нэг нь уг тогтоол байх юм.
-Үйлдвэр байгуулах асуудал олон жил яригдаж байгаа. Энэ удаагийн тогтоолын төсөл бүтэлтэй болох болов уу?
-УИХ-аас баталсан Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2008-2009 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд "Эрдэнэт" үйлдвэрийг түшиглэн зэсийн баяжмал боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт дэвшүүлсэн байдаг юм. Гэсэн ч эдгээр баримт бичигт дурдсан зорилтыг хэрэгжүүлэх талаар дорвитой зүйл хийгдэлгүй өнөөдрийг хүрсэн. Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын үед техник, тоног төхөөрөмж, материалын үнэ буураад байна. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль ч ирэх оноос хүчингүй болно. Үйлдвэр барьж байгуулах зорилт төрийн бодлогын баримт бичигт тусгалаа олсон зэрэг эдийн засаг, хууль эрх зүйн таатай боломж бүрдсэнийг ашиглаж асуудлыг яаравчлах хэрэгтэй болж байна. Зэс хайлуулах анхны үйлдвэрийг Эрдэнэтэд хоёр дахийг нь Оюутолгой ордод түшиглэн байгуулах саналыг бид тавьсан.
-Тогтоол батлагдсанаар Засгийн газар тодорхой үүрэг хүлээнэ. Үүнийг тодруулах уу?
-Үйлдвэр барих асуудлыг судалж, шийдвэрлэх үүргийг Засгийн газарт өгч, тэд боловсруулсан хувилбараа УИХ-д танилцуулна. Энэ ажлыг 2010 онд багтаан эхлүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Оюутолгойд түшиглэсэн үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг энэ онд багтаан боловсруулж, танилцуулах үүрэг өгнө.
-Үйлдвэр байгуулснаар монголчуудын олж болох ашгийн талаар төсөл санаачлагчид ямар бодолтой байгаавэ?
-Үйлдвэр байгуулснаар "Эрдэнэт" үйлдвэрийн одоо олж буй үр ашиг 4-5 дахин нэмэгдэх боломжтой. Электрон техникийн болон бусад чиглэлийн шинэ технологи эзэмших, мэргэших, шинээр ажлын байр нэмэгдэх зэргээр цоо шинэ бололцоо монголчуудын өмнө нээгдэнэ. Монгол Улсын дэд бүтцийн хөгжилд мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ гэж тооцсон.
-Төсөл боловсруулах явцдаа Засгийн газраас санал авсан уу?
-Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн дагуу бид боловсруулсан төсөлдөө санал авахаар энэ оны хоёрдугаар сарын 18-нд албан ёсоор хандсан боловч хариу өгөөгүй. Тийм учраас тусгайлан өгөх саналгүй юм байна гэж үзсэн.
-Засгийн газарт хэдий хэрийн хугацаа өгч байгаа вэ?
-Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах оновчтой хувилбар сонгон, саналаа энэ оны зургадугаар сарын 1-нд УИХ-д танилцуулахыг үүрэг болгосон.