Ж.Батсуурь: Цэцэрлэгийн сургалтыг өөрчилнө
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь
2017.02.02

Ж.Батсуурь: Цэцэрлэгийн сургалтыг өөрчилнө

Ж.Батсуурь: Цэцэрлэгээс нь гадаад хэл, хөгжим, урлаг, сампин гээд  олон төрлийн нэмэлт болон тусгай хичээл орж байгаа нь бага насны хүүхдүүдийн ачааллыг нэмэгдүүлж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та саяхан Боловсролын салбарт шинэчлэл хийх талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн нийтлэл гаргасан байсан.  Сургуулийн өмнөх боловсролын салбар хүүхдүүдэд хэт их ачаалал өгч байна гэсэн таны дүгнэлттэй зарим талаар санал нийлж байна. Энэ сэдвээр тодруулж ярилцъя.

-Сургуулийн өмнөх боловсрол бидний анхаарлаа онцгой хандуулах халуун цэг болж хувираад байна. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын стандарт хөтөлбөрийг боловсруулж байгаа. Цэцэрлэгт ямар стандартаар, ямар хэмжээний боловсрол олгох ёстой вэ гэдгийг нэг мөр болгох шаардлага байна. Сүүлийн үед цэцэрлэгүүд урлаг, гадаад хэл болон нэмэлт хичээлүүд зааж байгаа нь сургуулийн өмнөх боловсрол эзэмших жинхэнэ стандарт биш юм. Цэцэрлэг бүр хүүхдүүдэд янз бүрийн ачаалал өгч байгааг нэг мөр болгож, нэгдсэн стандарттай болгох ёстой гэж үзэж байгаа.

Өмнө нь байсан стандартыг шинэчилж, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Дэлхий улс орнуудын 80 орчим хувь нь хүүхдийг зургаан настайд нь ерөнхий боловсролын сургуульд элсүүлдэг. Гэтэл манайд цэцэрлэгээс нь гадаад хэл, хөгжим, урлаг, сампин гээд  олон төрлийн нэмэлт хичээл, тусгай хичээл орж байгаа нь бага насны хүүхдүүдийн ачааллыг нэмэгдүүлж байна гэж үзэж байгаа. Тиймээс бид сургуулийн өмнөх боловсролд дэлхий нийтээр ямар жишиг барьж ажиллаж байна, тэр стандартад нийцүүлж боловсруулна. Цэцэрлэгийн сургалтын стандартыг өөрчилнө. 

-Сургуульд орохоос нь өмнө хүүхдийг дугуйлан маягийн сургалтад хамруулах нь буруу гэсэн үг үү?

-Цэцэрлэгт гадаад хэл заах, гадаад хэлний боловсрол эзэмшүүлнэ гэх мэтийн тусгай сургалтууд байж болохгүй юм. Бага насны хүүхдийн насны онцлогт тохирсон хөтөлбөрөөр хичээлийг нь явуулах ёстой. Одоогийн байгаа стандартыг шинэчлэхгүй, засч залруулах, цаг үетэйгээ нийцүүлсэн маягаар өөрчлөлт хийхийг үгүйсгэхгүй. Манай яамнаас ажлын хэсэг томилогдоод, ажиллаж байна. Харин бүх цэцэрлэгүүд энэ стандартыг мөрддөг байх нь чухал.

БСШУСЯ мөн бага, дунд боловсролын стандарыг сайжруулах, сурах бичиг шинэчлэх, сайжруулах ажилд анхаарч байна.  Бүрэн дунд боловсрол эзэмшсэн бол шууд гадаадын их, дээд сургуульд элсэх боломжийг бүрдүүлсэн стандарт бий болгоно. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гадны их, дээд сургуулиудад шууд суралцах боломжийг хангасан стандарттай мөрдөнө.

Манай сурагчид  12 жилийн боловсрол эзэмшээд, дэлхийн аль ч улс орны сургуулиудад суралцаж болно. Бид тэдэнд аль ч улсын сургуульд гологдохооргүй ерөнхий боловсролын стандарт эзэмшүүлэх ёстой. Энэ боломжийг олгоход бүх ерөнхий боловсролын сургуулиуд, тэдний багш нар дэлхийн жишигт нийцсэн стандартыг эзэмшүүлэхэд анхаарч ажиллана.

Их, дээд сургуулиудад элсч байгаа оюутнууд арван жилдээ эзэмших ёстой дунд боловсролоо бүрэн эзэмшиж чадахгүй байна гэдэг шүүмжлэл их хэлдэг. Өөрөөр хэлбэл, их, дээд сургуульд суралцах бэлтгэл хангагдаагүй учраас оюутнуудын сургалтын чанар муу байна гэдэг дүгнэлт байна. Тиймээс сургалтын хөтөлбөрийг тухайн сурагчид бүрэн эзэмшүүлэхэд анхаарна. 

-Сүүлийн үед ахлах ангийн сурагчид зөвхөн эзэмших мэргэжлийнхээ дагуу хичээлээ судалдаг болсон нь ерөнхий боловсролын сурагчдын чанарт нөлөөлдөг байх талтай юу?

-Ахлах ангиудад мэргэжлийн чиг баримжаа олгож байна гэсэн нэрээр хичээл сонголт хийлгэдэг болсон. Гэтэл зарим хичээлээ бүрэн эзэмшээгүй, бусад хичээлээ орхигдуулж байгаа нь бүрэн дунд боловсролын стандартыг зөрчиж байгаа явдал юм.

Орох ёстой бүх хичээлийн цагийн тодорхой хувьд нь л ямар нэг хичээл сонгон суралцаж болно. Түүнээс тухайн сурагч ямар боловсрол эзэмших, судлах ёстой тэр стандартын дагуу л явах ёстой. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад бүх төрлийн хичээлийн мэдлэгийг олгох нь ерөнхий боловсролын стандартын зорилго.

-Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд зөв бичиж чадахгүй байгаа нь хичээлээ дутуу судалсан, боловсролын стандартаа бүрэн эзэмшээгүйтэй холбоотой юу. Нөгөө талаар их олон зөв бичгийн дүрэм гарч ирсэн нь төөрөгдөлд оруулчихав уу?

-Энэ олон төрлийн шалтгаантай байх. Сүүлийн үед зөв бичиж чаддаг хүн их ховор болсон байна. Их, дээд сургуулийн оюутнууд зөв бичих дүрэм мэдэхгүй байгаа учраас Ц.Дамдинсүрэн гуайн зөв бичгийн толь бичгийг шинэчлэн, сүүлийн үед гарсан шинэ нэр томъёог оруулж, толь бичиг гаргахаар ажлын хэсэг ажиллаж байна.

Энэ толь бичгийг энэ оны эхний хагас жилд зохиож, төрийн байгууллага, бүх сургуулиадад тараахаар бэлтгэж байна. Энэ толь гарсанаар зөв бичгийн толь нэг мөр цэгцлэгдэнэ гэсэн үг.

-Ерөнхий боловсролын сургалтын стандартыг сурагчдад эзэмшүүлэхэд  багш нарын маань чадамж нийцэх үү?

-Зарим нэг асуудал гарч ирж болзошгүй. Гэхдээ стандартад нийцээд явахад багш нарын мэдлэг дутна гэж байхгүй. Зарим нэг хүний сэтгэл дутдаг байж магадгүй. Би гэхэд олон жилийн өмнө говийн бяцхан сууринд ерөнхий боловсрол эзэмшээд нэг жил хэлний бэлтгэл хийгээд гадаадад суралцаж байсан. Дээд сургуульд сурч байхад говийн бяцхан суурингаас олж авсан мэдлэг дутаагүй.

Энэ стандартын шаардлага өмнө ч хангагдаж байсан гэж би бодож байгаа. Харин одоо хэт чамирхаад, ардчилалын далбаан дор өөрчлөлт оруулаад, багш, сурагчдын хэнэггүй зангаас болж хичээлдээ анхаардаггүй алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй. Ер нь сургалтын чанарыг сайжруулахын тулд манай яам өөрсдөөс шалтгаалах бүх зүйлийг хийнэ.

-Их, дээд сургуулидын чанар муу, нэг мэргэжлээр хэт олон төгсөгчтэй байгаа нь ажлын байрны хомсдол үүсгэдэг гэх мэтчилэн олон зүйл яригддаг. Их, дууд сургуулийн боловсролын чанарт ямар өөрчлөлт орох вэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн боловсролоо бүрэн эзэмшсэн хүүхдүүдэд бол их, дээд сургуульд ажрахгүй төгсч байна. Харин ерөнхий боловсролын сургуульд авах ёстой боловсролоо бүрэн авч чадаагүй байгаа нь их, дээд сургуулийн чанарт нөлөөлж байна гэдгийг их сургуулийн багш нар хэлдэг. Тиймээс ерөнхий боловсролын сургуульд хүүхдийг зөв хүмүүжилтэй, хичээлдээ анхаардаг байлгахын тулд ерөнхий боловсролд нь эзэмших ёстой боловсролыг нь эзэмшүүлэе гэсэн бодлого баримталж байгаа. Гэхдээ их, дээд сургуулиудыг эрдэм шинжилгээний байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах, оюутан залуучуудын хүмүүжил, төлөвшилд анхаарах үүрэг өгсөн.

Тиймээс их, дээд сургуулиуд сургалтын чанарт онцгой анхаарч ажиллаж байна. Ер нь бол нэг мэргэжлээр хэтэрхий олон хүн төгсч байна гэсэн гомдлууд байдаг. Гэхдээ энэ мэргэжил монголын нөхцөлд хангагдсан гээд дараагийн тийм мэргэжил эзэмших хүсэл сонирхолтой хүүхдүүдийг хаах асуудал байж таарахгүй. Зах зээлийн боловсролын байгууллагын үүрэг зорилго бол тухайн хүнд эзэмшихийг хүссэн мэргэжлийг нь олгох нь чухал. Боловсролын байгууллага бол зах зээлийн нийгэмд хүн ардын боловсролын хэрэгцээг хангах чиг үүрэг, зорилготой байдаг. Олсон мэргэжлээ зах зээлийн нийгэмд яаж ашиглах вэ гэдэг нь тухайн нийгмийн тогтолцооны онцлог.

-Чанартай боловсрол эзэмшихийн тулд өндөр төлбөр төлөх ёстой юу. Цаашид их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдэх үү?

-Манай их, дээд сургуулиуд нэг талаасаа айл өрхийн орлого, эдийн засгийн чадавхид суурилсан байх ёстой. Иргэдийн хувьд төлбөрийн чадвар олон янз байгаа ч их, дээд сургуулийн сургалтын төлбөр маш бага.

Чанартай боловсрол олгоё гэж байгаа бол сургуулиудынхаа лаборатори, сурах бичиг, тоног төхөөрөмжийн хангамж зэрэг олон асуудлыг сайжруулах ёстой. Үүний тулд сургалтын төлбөр нэмэгдэхгүй нэг түвшинд байна гэдэг нь харьцангуй ойлголт. Цаашдаа мөнгөний ханш унаж байгаа нөхцөлд сургалтын төлбөр аажмаар нэмэгдэхийг үгүйсгэх аргагүй. Их, дээд сургуулиуд өөрсдөө ч харилцан адилгүй байдаг гэдгийг хэлдэг.

-Төрийн өмчийн их, дээд сургуулиудын удирдах зөвлөлийг өөрчлөх асуудал улстөржөөд байна уу гэж харагдаад байна. Төрийн өмчийн сургуулиудын удирдах зөвлөлийг шинэчлээд эхэлсэн чинь зарим сургуулийн удирдлагууд эсэргүүцээд байгаа?

-Ер нь бол өмчийн эзэн л өмчөө яахыг шийддэг. Төрийн 100 хувийн өмчтэй. Сургалтын үйл ажиллагааны тогтмол зардлуудыг жил бүр улсын төсвөөс төлж байгаа хэдхэн их, дээд сургуулиуд байгаа. Энэ хэдэн их, дээд сургуулиа цаашдаа удирдлага зохион байгуулалт, ямар механизмаар боловсрол олгох вэ гэдгээ бодлогы түвшинд төр өөрөө хариуцна.

Хувийн сургуулиудын хувьд бид нийтлэг шаардлагаа тавина. Төрийн өмчийн их, дээд сургуулиудаа төрийн бодлогоор удирдах зөвлөлийг томилно. Энэ удирдах зөвлөлөөр дамжуулан тухайн сургуулийн сургалтын процесыг удирдах, бүтэц зохион байгуулалтыг хэлэлцэх чиг үүрэгтэй. Удирдах зөвлөлийн дарга ч гэсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилж асуудлыг шийдэж байгаа.

-Их, дээд сургуулиудын удирдах зөвлөлд МАН-ынхан дүүрлээ, сайд намынхаа хүмүүсийг томилж байна гээд л шүүмжлээд байсан шүү дээ. Удирдах зөвлөлд ямар хүмүүсийг томилсон юм бэ?

-Удирдах зөвлөлд намын гишүүн, улстөрийн албан тушаалтан нэг ч байхгүй. Их, дээд сургуулиуд удирдах зөвлөлийг улстөрийн албан тушаалтнаар дүүргэлээ гэж шүүмжилж ирсэн.  Их, дээд сургуулиудын удирдах зөвлөлийн 60 хувь нь төрийн төлөөлөл багтдаг. Үүнд мэргэжлийн яамд, манай яамнаас гол бүрэлдэхүүн орсон. Бусад бүрэлдэхүүн нь сурагчид, сургуулийн төлөөлөл байдаг. Ихэнхи сургуулийн удирдах зөвлөл 15 хүнээс бүрдсэн. Энэ хүмүүсийн ес нь төрийн төлөөлөл, гурав нь сургуулийн багш, хоёр нь төгсөгчдийн төлөөлөл, нэг хүн нь суралцагчдын төлөөлөл байна гэдгийг хуульд заасан байдаг.

Энэ дагуу тухайн сургуулиуд нь сонгон шалгаруулалтаар нэрээ ирүүлсэний дагуу томилгоо хийсэн. Харин удирдах зөвлөлийн дарга нарыг академийн удирдлага, эрдэмтэд, манай яамны газрын дарга нар гэсэн хүмүүс байгаа. Жишээлбэл, МУИС-ийн удирдах зөвлөлийн даргаар академич Рэгдэл, ШУТИС-ийн удирдах зөвлөлийн даргаар академич Бэгз, АШУИС-ийн удирдах зөвлөлөөр шинжлэх ухааны бодлогын газрын даргаар ажиллаж байсан академич Ган-Эрдэнэ гэх мэт мэргэжлийн томилгоо хийгдсэн.

-Таныг удирдах зөвлөлд намынхаа хүмүүсийг томилохын тулд боловсролын тухай хууль болон Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулсан гэх яриа гарсан.  Яагаад хэдэн сарын өмнө оруулсан өөрчлөлтийг дахин өөрчлөх болов?

-Өмнөх Засгийн газар 2016 оны дөрөвдүгээр сард Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулсан байсан. Дээд боловсорлын тухай хуульд удирдах зөвлөлийн нийт гишүүдийн 40 хувь нь хараат бус байж, зургаан жилийн хугацаанд ганцхан удаа сайд томилно гэж заасан байсан.

Төрийн төлөөлөл 30 хувь, бусад хувийг сургууль өөрөө мэдэж томилох нэмэлт өөрчлөлт байсан. Тиймээс шийдвэрлэх боломжгүй маргаантай асуудал байсан учраас өөрчлөлт оруулсан. Хуучин Боловсролын тухай хуульд байсан удирдах зөвлөлийг томилох, бүрдүүлэх заалтыг сэргээж оруулж өгсөн.  

-Төрийн их, дээд сургуулиудыг хувьчлах асуудал нэг хэсэг яригдаж байсан. Их, дээд сургуулиудыг хувьчлах ёстой юу?

-Төр бол их, дээд сургуулиудаа эзэмшилдээ байлгах нь зөв.

-Хөгжим бүжгийн коллежийг консерциум болгоно гэсэн чинь СУИС-тай Хөгжим бүжгийн коллежийг нэгтгэх нь гэсэн хардлага яваад байна?

-Хөгжим бүжгийн сургуулийн багш, ажилчдын ажил байдалтай танилцаж уулзсан. СУИС болон Хөгжим бүжгийн коллеж хоёрыг нэгтгэх, нийлүүлэх асуудал огт байхгүй. Ийм асуудал яригдаагүй. Хэн нэгэн хүний нэр төрийг сэвтүүлэх, хүмүүст буруу ойлголт өгөхийн тулд дамшиглаад буруу ойлголт төрүүлэх сонирхол байх шиг байна. Энэ яриа үүний нэг байх л гэж бодож байна.

Энэ хүмүүс олон нийтийн сүлжээ ашиглаад хүний нэр төрд халдах явдал хэрээс хэтэрсэн байна. Өмнө нь нэг цагийн хичээл зааж үзээгүй хүн боловсролын салбарын сайдаар ажиллаж байсан шүү дээ. Би хөдөлмөрийнхөө гарааг дээд сургуулийн багшаас эхэлж, 10 гаруй жил их сургуулийн багш, ректор хийж явсан хүн. Би бол боловсролын байгууллагыг тодорхой хэмжээгээр мэднэ.

-Олон нийтийн сүлжээ гэснээс таныг сурагчдынхаа амралтыг шийдэж чаддаггүй сайд гээд л шуугив. Ганц шийдвэр гаргаж чадахгүй сайд гээд л. Яагаад сурагчдын амралтыг сунгана, сунгахгүй дээрээ хүрсэн юм бэ?

-Сурагчдын амралтыг сайд санаачлагаараа шийддэг асуудал биш. 2016-2017 оны хичээлийн жил гэдэг бол есдүгээр сарын 1-ээс эхлээд хичээлийн бүтциййг  гаргасан байдаг. Өвлийн амралтыг сунгах асуудал хүмүүс янз бүрээр хандсан. Хүйтрэл, утаа, ханиад томуу их байна хичээлээ амраа гээл нэр төрд, эрхэнд маш их халдсан.

Хичээлийн амралтыг сунгах юм бол хичээлийн шинэ жилийн бүтэц алдагддаг. Сая долоон хичээлийн өдөр сунаж хичээлийн өдрийг дарагийн амралтаар нөхнө. Нийслэлийн Засаг даргад Эрүүл мэндийн яамнаас хүүхдүүдийн ханиад томуугийн өвчлөл их байгаа учраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг сунгах асуудал хэлэлцэж шийдсэн. 

-Ирэх жилүүдэд сургууль, цэцэрлэг нэмэгдэх үү. Ялангуяа нийслэлд хичнээс сургууль, цэцэрлэг нэмэгдэх вэ гэдэг?

-Сургууль, цэцэрлэгийн баригдаж, өнгөрсөн онд дуусгаж амжаагүй хэд хэдэн барилгын ажлыг дуусгахаар ярилцаж байна. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хаана, ямар хэмжээтэй сургууль, цэцэрлэг барих жагсаалтыг бид гаргаж өгсөн. Тэд үүнийг судлаад,  судалгааны баг Монголд ажиллаж байгаа. Ирэх гуравдугаар сарын эхээр судалгааны дүнгээ танилцуулж, ийм газар цэцэрлэг, сургууль барина гэдгээ тоддорхой болгосоны дараа УИХ-д танилцуулж, зээлийн хэлэлцээр батлагдвал энэ онд сургууль, цэцэрлэгийн барилгын ажлуудаа эхлүүлнэ. Ойролцоогоор 50 сая орчим ам.долларын хэмжээний зээл байж болно гэдгийг Азийн хөгжлийн банкнаас хэлсэн. 

Мөн сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар хийх хүсэлтээ гаргасан. Засгийн газарт 32 сургууль, цэцэрлэгийн барилгыг концессын гэрээгээр барих хүсэлтээ өгсөн. Дан ганц нийслэл гэхгүй хөдөө орон нутагт ч концессын гэрээгээр сургууль, цэцэрлэгийн барилгыг барьж байгуулахад онцгой анхаарч ажиллана. Сүүлийн жилүүдэд төрөлт эрс нэмэгдсэн, хөдөө орон нутгаас нийслэлийн зорих нүүдэл их байгаагаас шалтгаалаад сургууль, цэцэрлэг барьж байгаа хурд төрөлтийн хурдыг гүйцэхгүй байна. 

Ш.ЧИМЭГ