Саранчимэг.Б 2017.02.08 | Сонин: Монголын мэдээ

Б.Саранчимэг гишүүн УИХ-ын шатрын аварга боллоо

Б.Саранчимэг гишүүн УИХ-ын шатрын аварга боллоо
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

Сүүлийн үед УИХ-ын гишүүд тэр дундаа эмэгтэй гишүүдтэй холбоотой элдэв мэдээ цацагдах болсон. Харин тэгвэл нэгэн гэгээлэг мэдээ хүргэе.

УИХ-ын гишүүдийн дунд болсон “Цэцэн түшээ” шатрын тэмцээн өчигдөр өндөрлөж, дүнгээ гаргалаа.  Тэмцээний “Уран өрөг” шагналыг УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хүртэв. Тусгай шагналыг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Х.Болорчулуун нар авсан байна. Харин тэмцээний гуравдугаар байрт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, хоёрдугаар байрт УИХ-ын гишүүн Л.Энхболд шалгарч, тэргүүн байрыг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Г.Занданшатар нар эзэллээ. Өөрөөр хэлбэл,  эмэгтэй гишүүдээсээ Б.Саранчимэг  гишүүн авхаалж, сэтгэн бодох, стратеги тактик сайтай гэдгээ батлав бололтой.

Тэмцээний нээлтийн үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлсэн үгэндээ “УИХ-ын Тамгын газар Монголын шатрын холбоотой хамтарч зөвхөн УИХ-ын гишүүдийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг энэ жил анх удаа албан ёсоор зохион байгуулж байна.

УИХ-д шатрын спортыг дэмждэг, хөгжүүлэхийн төлөө явдаг, тоглодог гишүүд олон бий. оюун ухааны энэ спортыг хөгжүүлэхэд УИХ-ын гишүүд онцгой анхаарал хандуулж, идэвх санаачилгатай ажилладгийг дурьдахад таатай байна.

Үе үеийн парламентын гишүүд хоорондоо тоглож, хэн нь мундаг вэ гэдгээ сорьцгоодог ч албан ёсоор аварга тодроогүй. Тиймээс албан ёсоор аваргаа шалгаруулах нь зүйтэй гэж үзсэн” гэв. Б.Саранчимэг дун сургуульд байхдаа онц сурдаг, шатар тоглодог байжээ.