“Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” сэдэвт үндэсний чуулган эхэллээ
Эрхэм хүндэт ахмадууд аа,
Энд хүрэлцэн ирсэн хүндэт зочид оо,
Монголын ахмадын байгууллага үүсэж хөгжсөний 85 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Үндэсний чуулганд Монгол орныхоо өнцөг булан бүрээс өтгөс буурлуудаа төлөөлөн ирж оролцож байгаа Та бүхэнд, Та бүхнээр уламжлан Монголынхоо нийт ахмад настнуудад Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлж, эрүүл энх, урт удаан нас, элбэг дүүрэн жаргалыг хүсэн ерөөе.
Монголын төр, монгол түмэн нялхсыг өргөн тэтгэж, өтгөсийг асран хүндлэх ёс журмыг үеийн үед эрхэмлэн сахиж ирсэн сайхан уламжлалтайг та бид мэднэ.
Манай ахмад үеийнхэн бол төр улсын өмөг түшиг, түүхийг дархлан бүтээгчид, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын гэрч нь билээ. Та бүхэн бол эх орныхоо ирээдүйн эздийг, удам угсаа, өв соёлоо залгамжлагчдыг өсгөж өндийлгөсөн, элж бүдгэршгүй гавьяатай хүмүүс ээ.
Өнөөгийн манай ахмад үеийнхний амьдралын замнал бол бүхэлдээ XX-XXI зууны сэргэн мандсан, хөгжин дэвжсэн шинэ Монголын түүх юм. Энэ түүхийг хүндлэн дээдлэх, үргэлжлүүлэн бичих, та бүхнийхээ оюун ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулан байж бүтээсэн бүхнийг нэр төртэйгээр уламжлан авч явах эрхэм үүрэг өнөө цагийн бидэнд ногдсон билээ.
Энэ эрхэм хариуцлагатай үүрэгтээ эзэн нь байхын төлөө, эх орон, иргэн түмнийхээ язгуур эрх ашгийг урьтал болгож, цуцалтгүй хөдөлмөрлөж, хичээн зүтгэх ёстой гэдгээ бид гүнээ ухамсарлан ойлгож байгаа.
Хүндэт ахмадууд аа,
Эдүгээ дэлхий нийтээр “Бүх насныханд ээлтэй нийгмийн төлөө” хэмээх хөгжлийн бодлогод гол анхаарлаа хандуулж байна. Энэ хандлагад Монгол Улс, Монголын төр засаг, түүний дотор Монгол Ардын Намын бодлого, зорилт бүрнээ чиглэж байгаа гэдгийг Та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэднэ.
2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ хэдийгээр эхний ээлжит чуулганаа л өндөрлөж байгаа боловч, ахмадуудынхаа эрх ашгийг хамгаалсан шинэ хууль, тогтоомж батлахад онцгой анхаарлаа хандуулж ажиллалаа.
Ердөө нэг жилийн өмнө миний бие Тусгаар тогтнолын ордонд хэлсэн үгэндээ “Эзэн богд Чингис хаан, VIII Богд Жавзандамба хутагтын аль алины үед азай буурлуудаа хүндэтгэн, хишиг хүртээдэг сайхан уламжлалтай байсан. Энэ бол Монголын ёс. Энэ бол Монгол төрийн түүх ээ. Тиймээс манай нам ахмадууддаа зориулан “Ач санах хууль” батлуулж, өндөр насыг нь хүндлэн, хишиг хүртээх болно” гэж хэлж байсан. Миний хэлж байсан энэ үг өнөөдөр бодит ажил хэрэг болоод байна.
Монгол Улсын Их Хурлаас “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ахмадууддаа “Насны хишиг”-ийг жилд 2 удаа олгож байхаар боллоо. Олгож буй хишгийн хэмжээ, хүртээмжийг цаашид нэмэгдүүлэхийг бид зорих болно.
Түүнчлэн өнгөрсөн сонгуулийн үеэр амласан тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилтоо хэрэгжүүлж, жилийн 18 хувь байсан зээлийн хүү өнөөдрийн байдлаар 15 хувь болоод байна. Мөн “Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай” хуулийгхэдхэн хоногийн өмнө УИХ баталлаа. Цаашид бид ахмадуудынхаа нийгэм, эрүүл мэндийн арга хэмжээнд цогцолбороор хандах зорилгоор“Ахмад настны талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийг тусгайлан баталж гаргахаар төлөвлөж байна.
Эрхэм хүндэт ахмадууд аа,
Та бүхний үнэ цэнэтэй мэдлэг туршлагаа бусадтай хуваалцах, нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцох, өөрт таарсан хөдөлмөр эрхлэх, алдагдсан боломж, чадвараа нөхөн сэргээх, хүндлүүлэх, аюулгүй амьдрах, ялгаварлан гадуурхагдахгүй байх зэрэг эрхийг хангах, хамгаалах чиглэлд Монголын төр, засаг цаашид онцгой анхаарлаа хандуулсаар байх болно.
Ахмад настнууд бол гэр бүл, хамт олон, нийгмийн бүрэн эрхт гишүүд нь юм. Тиймээс аж ахуйн нэгж, бүхий л байгууллага, тэдгээрийн удирдлага ахмадуудыг халамжлах үүргээс чөлөөлөгдөх ёсгүй ээ. Түүнчлэн ахмадаа халамжлах нь гэр бүлийн гишүүн бүрийн, түүний дотор залуу хүн бүхний журамт үүрэг байх ёстой гэж үзэж байна.
Нөгөө талаар төр ёсны болон үндэсний уламжлал, зан заншлаа хадгалан хөгжүүлэх, залуусыг амьдрах ухаанд сургах, нийгмийн бүхий л хүрээнд хууль ёсыг сахиулан хэвшүүлэх, иргэдийн шударга хяналтыг бий болгоход Та бүхний үлгэр дуурайл нэн чухал гэдгийг хэлэхийг хүсэж байна.
Энэ чуулганаар төр, засгаас авч хэрэгжүүлэх бодлого, зорилт, Монголын ахмадын байгууллагатай хамтран зохион байгуулах ажлын шинэ сэдэл санаачилга, зөвлөмж ойлголцлын олон сайхан шийдэл гарна гэдэгт би итгэл дүүрэн байна.
Бид та нартайгаа байнга ойр байж, ямагт дэмжин тусалж, сургаал зөвлөмжийг тань сонсон, ажил хэрэгтээ тусган хэрэгжүүлж байх болно.
Азай буурлууд Та бүхний маань бие тэнхлүүн, ухаан цэлмэг байж, амьдрал үйлс, буян заяа тань өөдлөн дэлгэрэх болтугай.
Сар шинэдээ сайхан шинэлж, Хаврын тэргүүн сартай амар мэнд, ашдын бэлгэ дүүрэн золгохын ерөөл дэвшүүлье.