Л.Энхболд: Бид хийх ёстой ажлаа л хийж байна
УИХ-ын гишүүн Л.Энхболд
2017.02.13

Л.Энхболд: Бид хийх ёстой ажлаа л хийж байна

“76-аас асууя” буланд Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболдтой шинэ парламентын анхны чуулган өндөрлөх дөхөж байгаатай холбогдуулан хийсэн ажлынх нь талаар ярилцав.

УИХ-д сонгогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямар хуулийн төслүүд дээр ажиллав?

Миний хувьд нийгэмд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа хуулийн төслүүд дээр ажиллахыг эрмэлзэж байна. Жишээлбэл, Оффшор бүсэд данс эзэмших, мөнгө хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулах асуудлыг хуульчлахыг нийгэм шаардаж байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар төрийн өндөр албан тушаалтныг татваргүй бүсэд мөнгө байршуулах, компани байгуулахыг хориглох юм.

Иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хууль эрх зүйн орчин бүрдүүлэх замаар шийдвэрлэж, иргэдийнхээ аж амьдралыг сайжруулах нь миний баримталж буй гол зарчим.

Мэдээж эдийн засагч мэргэжилтэй учраас Монгол Улсын баялгийн үр ашигтай хуваарилалт, татварын орлого бүрдүүлэлтэд түлхүү анхаарч, энэ чиглэлийн хуулийн төслүүд дээр ажиллана.

Та Казиногийн тухай хуулийн төслийн ахлагчаар томилогджээ. Ажлаа юунаас эхлэх вэ?

Ажлын хэсгийн ахлагчийн хувьд өмнөх Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл санааг өөрчлөх бодолгүй байна. Монгол хүн тоглохыг хориглосон, зөвхөн гадны жуулчдыг татах зорилготой иж бүрэн үзвэр, үйлчилгээний цогцолбор байгуулахыг дэмжиж байгаа.

Монгол Улсын эдийн засагт үр өгөөж авчрах хуулийн төсөл учраас Монголчууд бидэнд гарах эрсдлийг сайн тооцож, хуулийн төсөлд тусгах хэрэгтэй.  

Та Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг шалгах ажлын хэсэгт багтсан. Шалгалтын явцад ажлын хэсгийн гишүүдэд маш их шахалт дарамт үзүүлж байсан УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэлсэн шүү дээ. Ажлын хэсгийнхэн хэр хүнд нөхцөлд ажиллав?

Яахав, тэр бол байх л зүйл. Бид яах гэж сонгогдсон юм бэ? Хууль тогтоож, хэрэгжилтэд хяналт тавих гэж л шүү дээ.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг шалгах ажлын хэсгийнхэн хэсэг бүлэг этгээд хууль зөрчсөн байж болзошгүй кэйс дээр ажилласан хэрэг. Бид хийх ёстойгоо л хийж байна.

Ярианы сэдвээ бага зэрэг өөрчилье. Монгол төрийн түшээ гэж ямар хүнийг хэлэх вэ, тодорхойлооч гэвэл?

Мэдээж маш эрхэм хүн байх ёстой.

Монгол Улсын хувь заяаг УИХ-ын 76 гишүүн шийддэг. Тэгэхээр бүхэл бүтэн улсын хувь заяаг шийдвэрлэж байгаа учраас маш өндөр хариуцлагатай хүн байх ёстой гэж боддог.

Наад зах нь хэлснээ хийдэг, амлалтаа биелүүлдэг, ёс зүйтэй байх ёстой. Монголчуудын хүсэн хүлээдэг тэр л зарчимд нийцсэн хүн төр түшэлцэж яваасай гэж хүсдэг.

Таны хүндэлж явдаг, хамгийн үлгэр жишээ төрийн түшээ хэн бэ?

Нямаагийн Энхболдыг би үнэхээр мундаг төрийн түшээ, бэлтгэгдсэн парламентч гэж хүндэлж явдаг.

Энэ парламентад хэр чадамжтай баг бүрдсэн гэж харж байна?

Энэ парламент чадамжтай гэж бодож байна. Тэр тусмаа 41 шинэ хүн парламентын гишүүнээр сонгогдлоо.

Маш олон боловсролтой залуучууд байна, хашир туршлагатай парламентчид ч байна. Ер нь бол хангалттай сайн баг бүрдсэн гэж ойлгож болно.

Тойрогтоо хэр ажиллаж байна?

Би өөрийгөө тойргийн иргэдтэйгээ их ойрхон ажиллаж байгаа гэж боддог. Амралтын өдрүүдээр голдуу тойрог руугаа явдаг. Хамгийн түрүүнд төрийн байгууллагын ажиллагсдын аж амьдрал, ажлын байртай нь танилцаад явж байна.

Төрийн албан хаагчид бол төрийн нэрийн өмнөөс ард түмэндээ үзүүлж буй үйлчилгээг үзүүлж байгаа хүмүүс. Тэдний амьдрах, ажиллах орчин нь сайн байвал ард түмэнд очих үйлчилгээ тэр хэрээр сайжирна гэж боддог.

Чуулганы завсарлагаанаар сум, орон нутгаа тойрч, малчидтайгаа уулзалт хийх төлөвлөгөөтэй байгаа. Тойрогтоо ойрхон ажиллаж тэдний аж байдалтай танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр идэвх зүтгэл гарган ажиллах болно.