Мэндчилгээ
Эрхэм хүндэт Авто замчид,
Зам хэрэглэгчид ээ,
Та бүхэндээ сар шинийн мэндийг дэвшүүлж, сайн сайхны ерөөл өргөн мэндчилье.
Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх улаагчин тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол орныхоо алтан шар замын үйл хэргийн төлөө бүхий л бие сэтгэл оюунаа зориулж ирсэн үе үеийн замчид болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд Монголын авто замчдын холбооны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж аз жаргал, эрүүл энх, ажил бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Улиран одож буй Гал Бичин жил авто замчин бидний хувьд амжилт бүтээлээр дүүрэн сайхан жил болж өнгөрлөө.
Авто замчид бид 2016 онд Улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар нийт 26 чиглэлийн 1544.21 км авто зам болон 6 байршилд 1057.2 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажилласан бөгөөд үүнээс 11 чиглэлийн 506.04 км авто зам, 4 хэсэгт 634.7 у/м гүүрийн барилгын ажлыг дуусгаад байна.
Энэ онд Монголын авто замчдын холбоо Зам, тээврийн яамтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд нэлээдгүй ажлыг хийж гүйцэтгэлээ. Тухайлбал зайлшгүй шинэчлэх шаардлагатай “Зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв бодох заавар”, “Авто замын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм”, “Авто замын салбарын ажил мэргэжлийн стандарт”-ыг 18 мэргэжлээр боловсруулан батлууллаа.
Бид гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр ХБНГУ-ын Саксон-Анхалт муж улсын Инженерүүдийн танхим, Казахстан улсын авто замын эрдэм шинжилгээ судалгааны институттай хамтарсан шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх, мэргэжилтэн бэлтгэх, шинэ техник технологийг үйлдвэрлэл практикт нэвтрүүлэх, сургалт, семинар зохион байгуулах талаар хамтран ажиллахаар тохиролцоонд хүрч судалгааны ажлаа эхлүүлээд байна
Монгол эх орныхоо өнцөг булан бүрт түмэн олныхоо аялах алтан шар замыг барьж, засч буй олон зуун замчид, нийт хамт олон, зам хэрэглэгч Та бүхний алтан шар зам өлзийтэй байж, юу санасан есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Та бүхэн Монгол түмний уламжлалт цагаан сарын баяраа айл хотол, ахан дүүсээрээ өргөн дэлгэр тэмдэглэж, Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
Алтан шар замын хишиг буян
Ашид мөнхөд ивээх болтугай.
МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Т.БЯМБАА