С.Чинзориг: Өвөрхангай аймаг бичин жилдээ бүхий л салбарт одтой байлаа
Шинийн арван тавны билэгт сайн өдрийг тохиолдуулан Өвөрхангай аймаг нутгийн зон олон өчигдөр /2017.03.12/ нэгдсэн золголтоо хийлээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг золголт энэ удаад 13 дахь жилдээ болж байгаа бөгөөд өргөн дэлгэр сайхан боллоо.
Сар шинийн золголтод нутгийн үе үеийн удирдлагууд, уугуул суугуул иргэд, ахмадууд, алдартнууд ирж амар мэндээ мэндэлцэв. Хүндтэй зочдоор УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Их аварга Асашёорюү Д.Дагвадорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд нар хүрэлцэн ирсэн байлаа. Энэ үеэр өврийн сайхан хангай нутгийн алдартан, удирдлагуудын сэтгэгдлийг сонссон юм.
-Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд:
-Жил бүр нэгдсэн золголт хийж нутаг орныхоо өнгөрсөн оны ажлыг дүгнэж, ахмадуудтайгаа уулздаг. Энэ уулзалтыг Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл мөн АСА цирк хамтран ажиллаж, зохион байгуулдаг. Бид өнгөрсөн онд эдийн засаг болоод бүхий л салбарт амжилттай ажиллалаа. Төр засгаас манай аймгийн цөөнгүй хүнийг шагнаж урамшууллаа. Бид нутгийн золголтынхоо үеэр үйл ажиллагаагаар өнгөрсөн оны ажлыг дүгнэхээс гадна ирэх оныхоо ажлыг ярилцдаг. 2017 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 225 жилийн ой болно. Энэ ажилд нутгийн зон олон, нутаг орноос төрсөн хүмүүс сэтгэл санааны болоод эдийн засгийн тусламж үзүүлж байна. Төр засгаас хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан онцлогтой жил боллоо.
-Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Өрөвхөнгайчууддаа шинийн арван тавны мэндийг дэвшүүлье. Манай аймгаас олон гавъяат төрөн гарсан. Өвөрхангайчууд ардын хувьсгалын баяр наадмын морь, бөх, сурыг бүгдэд нь өнгөлсөн, Засгийн газрын тогтоолоор улсын аварга малчин, саалчин 10 шалгарсан гээд олон сайхан амжилт бүтээлээр үдлээ. Учран золгож буй гал тахиа жилдээ бид олон ажил, амжилтын эзэд байх болно гэдэгт би итгэлтэй байна. Гал тахиа жилд нутгийн зон олноо хоёр зүйлд хамтран ажиллахыг уриалж байсан юм. Энэ жил Арвайхээр хот үүсгэн байгуулагдсаны 290 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх, өвөрхангайчууд төдийгүй монголчуудыг бахархал болсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Д.Цэрэнтогтохын хүрэл хөшөөг босгохоор ажиллаж байгаа гэв. Тиймээс эдгээр ажилд Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй Өвөрхангай аймгийн нутгийн зон олныг хөрөнгө санхүү болоод сэтгэл санааны дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Улиран одож буй гал бичин жил манай өвөрхангайчуудын ажил үйлс бүтэмжтэй, өнгөтэй, бүхий л салбарт амжилттай, одтой сайхан байсан.
-Чөлөөт бөх, дэлхийн хошой аварга, хөдөлмөрийн баатар З.Ойдов:
-Жил бүр уламжлал болгон зохион явуулдаг нутийн золголтод оролцож нутаг орныхонтойгоо уулзах сайхан байдаг. Манай аймгаас урлаг, спортын олон сайхан алдартан төрсөн. Бичин жил ивээл даллагаа өгсөн сайхан жил байлаа. Нутаг орноос төрж байгаа залуу хүүхдүүд сайхан ажиллаж байгаад баяртай байна. Алтан унжлагад тахиа жилдээ Өвөрхангайчууд элгээрээ энх амгалан байх болтугай.
Үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн олон сайхан төр нийгэм, урлаг соёлын зүтгэлтнүүд энэ нутгаас төржээ. Тайз дэлгэцийн олон уран бүтээлд тоглож, найруулсан У.Батбаатар Монгол Улсын гавьяат жүжигчин цол аваад удаагүй байгаа билээ. Олон түмний талархлыг хүлээсэн түүнд нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж байх үеэр нь сэтгэгдлийг нь сонслоо. "Би Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын хүн. Нутаг орноороо маш их бахархаж явдаг. Бичин жил миний хувьд олон баяр давхацсан сайхан жил болоо. Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа. Мөн нутаг орныхоо хүмүүсээс шагнал авсандаа баяртай байна. Жил бүх нутгийн золголт хийж нутаг орныхоо хүмүүстэй уулзаж ярилцдаг сайхан уулзалт болдог” гэлээ.