Ц.Дашдорж сайд Тайшир-Алтай төслийг танилцуулав
2008.01.01

Ц.Дашдорж сайд Тайшир-Алтай төслийг танилцуулав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Алтай хотын иргэдийн ундны усан хангамжийг сайжруулах “Тайшир-Алтай” ус хангамжийн төслийг Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад оруулах асуудлыг ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж оруулж хэлэлцүүлээд дэмжлэг авсан байна. Сайд хуралдаанд танилцуулахдаа Говь-Алтай аймгийн төв  Алтай хотын ундны усны чанар нь хүн амын ундны усны стандартын шаардлагыг хангадаггүй, кальци, магнийн харьцаа алдагдсан, хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгаа талаар олон судалгаа, дүгнэлт гарсан.

Нөгөө талаар усны нөөцийн хэмжээ ус хэрэглээний өнөөгийн хэрэгцээг ч хангаж чадахгүй байна.

Иймд Говь-Алтай аймгийн төвийн ундны усны энэхүү хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд тус төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг 2011 онд “Усны үндэсний төв” ТББ санаачлан, Престиж групп ХХК, Престиж Инжиниринг ХХК, Германы Ferrostaal Industrieanlagen GmbH ХХК, Пайплайн Инжинер Тийм ХХК, Монгол-Швейцарийн хамтарсан Евро-Хан ХХКомпаниуд хамтран боловсруулсан.

Төслийн гол зорилго нь Тайширын УЦС-ын усан сангаас эргийн далд байгууламжаар усыг шүүрүүлэн авч 52.8 км урт 250мм голчтой далд яндан хоолойгоор дамжуулан хүн амын ундны, ахуйн шаардлага хангасан усыг Алтай хотын оршин суугчдад тасралтгүй, найдвартай хүргэхэд оршино.

2012 оны 3 дугаар сард ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр тус яам, Германы Ferrostaal Industrieanlagen GmbH компани хооронд “Тайшир-Алтай” төслийг хамтран хэрэгжүүлэх Эрмэлзэх захидалд гарьн үсэг зурсан билээ. Ийнхүү Алтайчуудын цэвэр ус хэрэглэх асуудлыг нутгийн сайд санаачлан оруулж, засгийн газар дэмжлээ.