Отгонтэнгэр, Хан Хэнтий, Онон Балж зэрэг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн дэд бүтцийг хөгжүүлнэ
2015 оноос Герман улсын буцалтгүй тусламжийн хүрээнд “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл хэрэгжиж байна.
Уг төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран 2015-2020 оны хооронд 4 үе шаттай хэрэгжүүлэх юм.
Эхний шатанд тусгай хамгаалалттай газар нутгийг бие даан орлого олох боломжоор хангаж, тус бүс нутгуудад экологи, эдийн засгийн суурь судалгаа хийн, эдгээр нутгийн захиргаадыг шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр ханган, интернэтийн сүлжээг сайжруулж өгчээ.
Одоогоор төслийн хоёрдугаар үе шат хэрэгжиж эхэлсэн. Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн бүх бүс нутаг энэ шатанд хамрагдах боломжтой. Дэд төслийг хэрэгжүүлэхэд 200 саяас 1.5 тэрбум төгрөг зарцуулна гэж төлөвлөжээ.
Монгол орон биологийн олон янз байдал түүний дотор ховор ба ховордсон зүйлээр баялаг орон. Харин байгалийн өвөрмөц төрх, экосистемийг доройтуулж, сүйтгэж байгаа нь ан амьтан, ургамал оршин байхад улам л хүнд хэцүү боллоо.
Биологийн төрөл зүйл устаж, үгүй болж байгаа нь байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулаад зогсохгүй, орон нутгийн иргэдийн амьжиргаанд ч сөргөөр нөлөөлж, аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг сулруулж байна гэдгийг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хэллээ.
Монгол Улсын Засгийн газар биологийн төрөл зүйлийн хамгаалалт, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгоход чиглэсэн Ногоон хөгжлийн шинэ бодлого хэрэгжүүлж байгаа. Энэ шинэ бодлогыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам хийгээд түүний харьяа агентлаг, нэгж гардан хариуцаж байна.
Ногоон хөгжлийн бодлогын гол амин сүнс нь биологийн олон төрөл зүйлийг хамгаалахад оршиж байгаа бөгөөд ан амьтан, ургамал, байгалийн онгон байдлыг хэвээр хадгалахын тулд тусгай хамгаалалттай газар нутгийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай.
Тусгай хамгаалалттай газар нутаг гэдэгт улсын тусгай хамгаалалттай газар нутаг, дархан цаазат газар, дурсгалт газар, цогцолборт газар, байгалийн нөөц газар, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг, олон улсын ач холбогдол бүхий газар нутаг, эгч дүүс парк, хил дамнасан газрууд, дэлхийн өв, хүн ба шим мандал, рамсар зэрэг хамаарна.
Үүнээс дээр дурдсан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хоёрдугаар үе шатанд Хангай, Төв, Зүүн бүсүүдийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн дэд бүтэц, менежментийг сайжруулахыг зорьж байна гэж салбарын сайд хэллээ.
Мөн ой хээрийн түймэр, хортон шавьжтай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, орчны бүсийн өөртөө туслах сан байгуулж, улмаар биологийн олон янз байдлыг хамгаалах болон хамтын менежментийн гэрээний хэрэгжилтийг ханган, хяналт, үнэлгээний системийг бий болгож, сайжруулах төлөвлөгөөтэй байна гэв.