Дуут дохио дуугарах үед иргэд яах вэ?
Засгийн газрын тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гарагт буюу өнөөдөр /03.23/ 16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна.
Дуут дохионы үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдах юм.
Гамшгаас хамгаалах улсын албад, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны “Нуугд-Суу-Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсоно.
Хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарахдаа гараараа болон гарын доорхи зүйл ашиглан толгойгоо хамгаалан “Гүйхгүй, эргэж буцахгүй, хашгирахгүй, түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларч дадлага сургуульд оролцох юм.