Аз жаргалтай байх нэг үзүүлэлт: Аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд нийслэл юу хийж байна?
2017.03.30

Аз жаргалтай байх нэг үзүүлэлт: Аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд нийслэл юу хийж байна?

Аз жаргал, аз жаргалтай байна гэдэг харьцангуй ойлголт. Олон улсад аз жаргалыг төрөл бүрийн аргаар хэмждэг. Өргөн утгаараа нь авч үзвэл ямар байр, сууцанд амьдардаг болох, гэрлэсэн үү эсвэл ганц бие үү, ажил, сургуульдаа ямар унаагаар явдаг, жилд хэдэн удаа аялж байгаа эсэх нь аз жаргалтай байхын нэг үндэс болдог байна.

Мөн ямар хоол хүнс түлхүү хэрэглэдэг, цахилгаан бараа, тавилга, үнэт эдлэл зэрэг өдөр тутмын хэрэглээнээс бусад зүйлд хэр их мөнгө зарцуулдаг, хорт зуршилтай эсэх, бие бялдраа хөгжүүлэхэд хэр цаг, мөнгө зарцуулж байна гэдэг нь чухал үзүүлэлт.

Олон нийтийн болон сайн дурын арга хэмжээнд хамрагддаг эсэх, та өөрөө болон таны ойр тойрныхон зүрхний өвчин, хавдраар өвчилсөн үү, ажилдаа дуртай юу, хэр стресстдэг гээд олон асуумжаар таныг аз жаргалтай хүн үү, аз жаргалтай хотод амьдардаг уу гэдгийг тодорхойлж болдог.

Явцуу хүрээнд бол ажил эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол, хүрээлэн буй орчин, нийгмийн оролцоо гэсэн үндсэн үзүүлэлтээр аз жаргалыг хэмждэг байна. Ажил эрхлэлт гэдэгт ажил эрхлэлтийн чанар, орлого, ажилгүйдэл гэсэн асуудлууд хамардаг бол хүрээлэн буй орчин гэдэгт аюулгүй байдал, орон байрны нөхцөл, тээврийн хэрэгсэл, ногоон байгууламж багтдаг. Тэгвэл бидний өнөөдрийн ярих сэдэв аюулгүй байдал гэдэгт илүү чиглэнэ. Гэхдээ аюулгүй орчинд ажиллаж, амьдрахад хүн амын ажил эрхлэлт, орлого, амьдралын чанар чухал нөлөөтэй учраас аз жаргалын индекст хамаарах бүлэг асуудлууд өөр хоорондоо харилцан хамааралтай. 

НИТХ-аас 2016-2020 онд нийслэл Улаанбаатар хотыг “Аз жаргалтай хот” болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Дээр өгүүлсэн аз жаргалын индексийн нэг үзүүлэлт болох аюулгүй орчинд амьдрахын нэг баталгаа нь олон нийтийн газар, гэр орондоо байхдаа гэмт хэрэгт өртөхгүй байх, гэмт хэргийн хохирогч болохгүй байх явдал юм.

Нийслэлийн иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох, цагдаагийн байгууллагын чадавх, ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх, цагдаагийн албан хаагч гэмт хэрэгт өртөж болзошгүй иргэдийг хамгаалахад бэлэн байх, гэмт хэрэг их гардаг дүүрэг, хороодод хяналтаа улам чангатгах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн удирдлагууд чухалчилж байна. 

"Аюулгүй хот" хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, тодорхой төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих үүргийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан ажлыг зохицуулах зөвлөл хүлээдэг. Тус зөвлөлийг НИТХ-ын дарга Ц.Сандуй даргалдаг бөгөөд бүрэлдэхүүнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга нар болон холбогдох албаны хүмүүс багтаж байна.

Зөвлөлийн анхдугаар хуралдаан 2017 оны нэгдүгээр сард болж, өнгөрсөн хугацаанд “Телекамер”, “Эргүүл” дэд хөтөлбөр, “Ухаалаг цагдаа” төсөл, “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний явц, үр дүнг танилцуулж, цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв. 

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хуралдаан

Мөн тус зөвлөлөөс зохион байгуулсан "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь-2017" нэгдсэн зөвлөгөөний үеэр цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа зөвлөлийн дарга Ц.Сандуй танилцуулсан юм.

Тэрээр “Аз жаргалтай хотыг цогцлооход нийслэлийн удирдлагууд хүч, нөөцөө төвлөрүүлэх болно. Энэ хүрээнд “Аюулгүй хот” хөтөлбөрийг боловсруулан батлуулж, үе шаттай хэрэгжүүлнэ. Иргэдийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон зарим эрх зүйн актыг шинэчлэх төлөвлөгөөтэй байна” гэсэн юм.

Тус зөвлөл цагдаа, хууль сахиулах байгууллагын нэгдмэл үйл ажиллагааг хангахын тулд энэ 4 дүгээр сард Нийслэлийн прокурорын газартай хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулахаар болсон байна.

Зөвлөлийн зүгээс телекамерын хяналтыг эрс шинэчилж, хотоо телекамерын бүрэн хяналтад авах зорилт дэвшүүлжээ. Одоогийн байдлаар “Ухаалаг цагдаа” төслийн хоёрдугаар үе шат болох “Гэмт хэргийн хяналтын цогц систем бүхий нэгдсэн төв” байгуулах ажлыг эхлүүлсэн байна.

Мөн аюулгүй орчин бүрдүүлэхэд иргэдийн оролцоог хангах зорилгоор урамшуулалт эргүүлийг ажиллуулснаар зарим төрлийн гэмт хэргийн гаралт 46 хувиар буурчээ. Цаашид гэр хорооллын 5900 гаруй гудамж, орон сууцны 3675 байр нийт 9600 орчим цэгийг урамшуулалт эргүүлийн хяналтад авахаар ажиллаж байна.

“Бид нэг гэр бүл” нийгэмд чиглэсэн аяны хүрээнд нийгэмд эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ. Сүүлийн жилүүдэд анхаарал татаж буй мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хэрэглээг багасгах, таслан зогсоох үүднээс түүний хор уршгийг тайлбарлан таниулах сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.

Бага насны хүүхдийг зам тээврийн осол, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын 16 сургуулийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахаар төлөвлөжээ. Гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцлийг бодитой тодорхойлох судалгаа хийх болсноо нийслэлийн удирдлагууд хэлж байна.

Ингээд нийслэлийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал хийгээд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгааг танилцуулья. 

НИЙСЛЭЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ: БУУРАХ БА ӨСӨХ 

Сүүлийн гурван жилийн гэмт хэргийн нөхцөл байдлыг илэрхийлсэн тоон үзүүлэлтээс харахад, гэмт хэргийн гаралт нийслэлд дорвитой буурахгүй байна. 2014 оныг 2015 онтой харьцуулахад өссөн дүнтэй байхад 2015 оныг 2016 онтой харьцуулахад бага хувиар буурчээ. Энэ нь ирэх жилүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хүч, нөөцөө дайчлах хэрэгтэйг харуулж байна.  

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд гэмт хэргийн илрүүлэлт 59-63 орчим хувьтай байгаа нь нийслэлд жилд дунджаар 17700 хэрэг гардгийн 10800 орчим хэргийг илрүүлж байна гэсэн үг. Гэмт хэргийн гаралт буурахгүй, илрүүлэлтийн хувь хангалттай бус байгаа нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил үр дүн сул, цагдаагийн ажилтнуудын чадавх чадамж, тэдний хичээл чармайлт бага байгааг энэ талаар харуулсан үзүүлэлт гэж дүгнэж байна. 

Гэмт хэрэг нь ядуурал, ажилгүйдэл, боловсрол, нийгмийн бухимдал зэргээс голлон гардаг гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Тиймээс НИТХ-аас гэмт хэрэг үйлдэгдэж буй учир шалтгааныг нарийвчлан судалж, түүнд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. 

Гэмт хэргийн гаралтыг 1 хувиар бууруулна

Камерын хяналт

2010 оноос хойш нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 1483 хяналтын камер тавьсан байна. Гэсэн хэдий ч нэгдсэн төлөвлөлт, зохион байгуулалтгүйгээр тавьснаас болж, камер үүргээ хангалттай биелүүлж чаддаггүй, засвар үйлчилгээ тогтмол хийдэггүйгээс хэвийн ажиллагаа нь доголддог байна. Тиймээс нийслэлийн гудамж талбайд байрлах хяналтын камер, түүний дагалдах тоног төхөөрөмжийг засварлаж, ашиглалтад оруулах, гэмт хэрэг, зөрчил хамгийн их гардаг эмзэг цэгүүдийг бүрэн камержуулах, “Хяналтын камерын удирдлагын нэгдсэн төв” байгуулах, эргүүлийг цахим хэлбэрт шилжүүлэх зорилгоор “Телекамер” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.

Уг хөтөлбөрийг Улаанбаатар хотын цагдаагийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэдээллийн технологийн газар хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд 2020 он гэхэд гэмт хэргийн илрүүлэлт урьд онуудаас 0,2 хувиар өсөж, гэмт хэргийн гаралтыг 1 хүртэл хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна.

Гудамж, талбайд суурилуулж буй камер нь хүний царай төрхийг таньдаг, эрэн сурвалжлагдаж байгаа хүнийг шуурхай мэдээлэх хүчин чадалтай байх шаардлагыг тавьж байна. Ингэж камерыг цахим эргүүл болгон ашигласнаар гэмт хэрэг, зөрчлийг тухай бүрт нь бүртгэх, мэдээллийн сан үүсгэх, шаардлагатай тохиолдолд лавлагаа, мэдээлэл өгөх боломжтой болох юм.

Камер суурилуулсан тэр дундаа гэмт хэргийн гаралт ихтэй, эмзэг цэг гэж тодорхойлж болох газруудад “Камерын хяналтын бүс” нэртэй самбарыг байрлуулсанаар тус бүсэд гэмт хэрэг, зөрчлийн гаралт багасна гэж албаныхан тайлбарлаж байна.

Мөн гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад иргэдийг татан оролцуулах, тэр дундаа сайн дурын бүлэг байгуулж, өөрсдийн санаачилга, хөрөнгөөр амьдарч буй орчин тойрноо камержуулсан тохиолдолд урамшуулал олгохоор төлөвлөжээ. 

эргүүлийн бие бүрэлдэхүүний хүчийг зузаатгана

Өнгөрсөн хугацаанд эргүүлийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг Засгийн газрын тогтоол, Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар хэд хэдэн удаа өөрчилсөн байдаг. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод нийт 823 эргүүлийн албан хаагч ажиллаж байна. Үүнээс,

  • Авто эргүүлийн 68 автомашинд эргүүлийн офицер: 272
  • Эргүүлийн цагдаа жолооч: 272
  • Цагдаагийн хэлтсийн харьяа 17 дэд хэсэгт хэв журмын офицер: 102
  • Цагдаа, эргүүлийн цагдаа: 121
  • Телекамерын жижүүрийн цагдаа: 56

Цагдаагийн байгууллагын жижиг норматив батлах тухай Засгийн газрын тогтоолд, 50 000 хүн ам тутамд нэг цагдаагийн тасаг, 4 000 хүн тутамд 1 хэсгийн байцаагч, 15 000 хүн ам тутамд нэгээс доошгүй автомашин, хоёроос доошгүй хэв журмын эргүүл, хороо бүрт эргүүлийн цагдаа ажиллуулна гэж заасан байдаг. Тэгвэл энэ жишиг, одоогийн орон тоог харьцуулан үзвэл 560 гаруй албан хаагч дутуу байна. Нөгөө талаас нийслэлийн хүн амын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, гэмт хэргийн гаралт дорвитой буурахгүй байгаа юм. 

Тиймээс эргүүлийн үүрэг гүйцэтгэж буй албан хаагчийн орон тоог нэмэх, эргүүлийн үйл ажиллагаанд орчин үеийн техник технологи, нэвтрүүлэх, иргэд, олон нийтийг татан оролцуулах, газар зүйн мэдээллийн системд суурилсан “Гэмт хэргийн цахим зураглал”-ыг бий болгох зорилгоор “Эргүүл” дэд хөтөлбөрийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл санаачлан хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Гэмт хэргийн цахим зураглалын системийг ашиглан гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн цагийг 24 цагийн дотор газрын зурагт тэмдэглэн эмзэг цэгүүдийг тодорхойлж, тухайн цэгт хөдөлгөөнт болон явган эргүүл ажиллуулж, зөөврийн хяналтын камер байршуулан ажиллажээ. Тухайлбал, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 51 цагт 80 гаруй камерыг суурилуулж, дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс хяналт тавьж байна.

Хөтөлбөрийн хүрээнд идэвхтэй иргэд буюу хэв журмын урамшилт эргүүлүүд ажиллуулж, иргэд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд сайн дураар оролцож байгаа нь гэмт хэргийн гаралт буурсан нэгэн шалтгаан юм.

Цаашид эргүүлийн албан хаагчийн орон тоог нэмснээр тэдний ажлын бүтээмж дээшилж, тэр хэрээрээ гэмт хэрэг, зөрчлийн тоо буурч, цагдаагийн үйлчилгээ сайжирна гэж хөтөлбөрийг санаачлагчид үзэж байна. Мөн дэлхийн томоохон хотуудын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх туршлагыг судалж, шинэлэг арга, техник хэрэгсэл нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа албаныхан хэлж байлаа.

Хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Одоогоор нэгдүгээр буюу бэлтгэл үе шатандаа явж байгаа бөгөөд энэ үе шат нь 2017 оныг дуустал үргэлжилнэ. 

Цагдаагийн албан хаагчид орчин үеийн техник технологи ашиглана

Энэ төсөл нь хоёр үе шаттай хэрэгжиж байна. Өнгөрсөн жилээс эхэлсэн “Ухаалаг цагдаа” төслийн хүрээнд цагдаагийн 152 хороо, дэд хэсгийн байрыг интернэтийн нэгдсэн сүлжээнд холбож, Гэмт хэргийн орон зайн мэдээлийн систем, Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний нэгдсэн хяналтын систем зэргийг нэвтрүүлжээ.

Одоогийн байдлаар мэдээлэл дамжуулах системийг өргөтгөж, цагдаагийн албан хаагчид хоорондоо мэдээллээ солилцдог ухаалаг төхөөрөмжтэй болох, гэмт хэргийн гаралтын шалтгаан, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Цагдаагийн байгууллагад мэдээллийн технологийн шийдлүүдийг нэвтрүүлж, албан хаагчдыг орчин үеийн техник хэрэгслээр хангаснаар хэргийн газар дээр түргэн шуурхай очих, болзошгүй аюулаас иргэдийг хамгаалах, гэмт хэргийн гаралтыг бууруулах ач холбогдолтой.

“Телекамер”, “Эргүүл” дэд хөтөлбөр, “Ухаалаг цагдаа” төслийг хэрэгжүүлсний үр дүнд нийслэлийн хэмжээнд 2017 оны оны эхний хоёр сард 2987 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.2 хувиар буурч, бүртгэгдсэн гэмт хэргийн илрүүлэлт 4.6 хувиар өссөн гэж Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээллээ.