Эргүүлийн албан хаагчдын хүчийг зузаатгана
2017.04.05

Эргүүлийн албан хаагчдын хүчийг зузаатгана

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 800 гаруй эргүүлийн албан хаагч ажиллаж байна. Эргүүлийн офицер, эргүүлийн цагдаа жолооч, хэв журмын офицер, телекамерын жижүүрийн цагдаа гээд өөр өөрсдийн чиг үүрэг үүрэгтэй албан хаагчид нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг ханган ажилладаг. 

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гэмт хэргийн гаралт, эрүү хэв журмын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор 40 хоногийн хугацаанд /2017.01.23-2017.03.02/ нэгдсэн арга хэмжээ зохион байгуулжээ.

Энэ арга хэмжээнд нийт 2208 албан хаагчийг эргүүлээр ажиллуулсан бөгөөд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 35 мянга гаруй дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу эрчимтэй, шуурхай ажилласнаар гэмт хэргийн халуун мөрөөр явж, газар дээр нь таслан зогсоох арга хэмжээ авчээ. Эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг олж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан иргэдийг саатуулсан юм. Тодруулбал, 

  • Иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 35922 дуудлага, мэдээлэл хүлээн авсан.

  • 79 гэмт хэргийг халуун мөрөөр нь мөшгисөн.

  • 84 гэмт хэргийг таслан зогсоож, илрүүлсэн.

  • Эрэн сурвалжлагдаж байсан 51 оргодол этгээдийг олж тогтоосон.

  • Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрсан 5688 иргэнийг саатуулж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 2115 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн.

  • Зөрчил гаргасан 44956 иргэнд холбогдох хууль тогтоомжийн дагуу 264 сая гаруй төгрөгийн торгууль ногдуулсан.

  • 238 хутга мэс, зодооны хэрэгслийг хураасан авсан байдаг.

  • Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн газар

Эргүүлийн албан хаагчид нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хариуцлага тооцох ажилд тодорхой хувь нэмэр оруулж байгаа учраас цаашид ч эргүүлийн үүрэг гүйцэтгэж буй албан хаагчийн орон тоог нэмэх, эргүүлийн үйл ажиллагаанд орчин үеийн техник технологи нэвтрүүлэх, иргэд, олон нийтийг татан оролцуулахаар шийдвэрлэсэн. 

Цагдаагийн байгууллагын жижиг норматив батлах тухай Засгийн газрын тогтоолд, 50 000 хүн ам тутамд нэг цагдаагийн тасаг, 4 000 хүн тутамд 1 хэсгийн байцаагч, 15 000 хүн ам тутамд нэгээс доошгүй автомашин, хоёроос доошгүй хэв журмын эргүүл, хороо бүрт эргүүлийн цагдаа ажиллуулна гэж заасан байдаг.

Тэгвэл энэ жишиг, одоогийн орон тоог харьцуулан үзвэл 560 гаруй албан хаагч дутуу байгаа учраас "Эргүүл" дэд хөтөлбөрийн хүрээнд эргүүлийн албан хаагчдын хүчийг зузаатгана гэж Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс мэдээллээ.