УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Тост-Тосон бумбын нуруунд ажиллалаа
2017.04.10

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Тост-Тосон бумбын нуруунд ажиллалаа

Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Амарзаяа болон БОАЖЯ-ны хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нарын албаны хүмүүс Гурвантэс суманд ажиллаж байна.

Алдарт Тост, Тосон Бумбын нурууны маргаан өнөөдрийг хүртэл тус бүс нутагт тасраагүй байгаа. Говь нутгийн байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэхүү нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах хилийн цэсийн тогтоохдоо South Gobi Coal Trans компанийн лицензтэй талбайг хэвээр үлдээснийг иргэд эсэргүүцсээр байгаа юм.

Мөн "Уг нурууны энгэр Хөвд, Хуршуутын гол нь төв Азийн цөлийн дунд оршдог, дэлхийд цорын ганц, өнөөг хүртэл гүйцэд судлагдаагүй, унаган зэлүүд, Альшаа цөлийн тойргийн эхлэл цэг дэлхийн шинжлэх ухааны нэгэн чухал газар нутаг юм.  Тост- Тосон бумбын нуруунаас хөрсөн дээр ил болон доогуур урсаж, олон саяны тэртээгээс урссаар байгаа, өнөөг хүртэл энэ орчны амьд бүхнийг ундаалан тэтгэсээр өдийг хүрсэн Хөвд, Хуршуутын баян бүрдэд заавал очиж үзээрэй" гэж "Гайхамшигт говь" аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр өөрийн нүүр хуудсаар дамжуулан УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлагуудад хандсан билээ.

Энэхүү хүсэлтийн дагуу Гурвантэс суманд ажиллах үеэрээ дээрх ажлын хэсгийнхэн тухайн бүс нутгийн иргэдтэй уулзан санал солилцож байна. Дээрх компанийн талбайд Монгол Улсын "Улаан ном"-нд орсон "Монгол бүйлс" их хэмжээгээр ургадаг бөгөөд говийн маш ховор модны нэг элдэв навчит улиас буюу Тоорой модны төгөл ч байдаг байна.