“Монгол, Орос дахь улстөрийн үйл явцын онцлогууд” номын нээлт Москва хотод боллоо
УИХ-ын гишүүн Л.Болд
2017.04.11

“Монгол, Орос дахь улстөрийн үйл явцын онцлогууд” номын нээлт Москва хотод боллоо

УИХ-ын гишүүн Л.Болд, ОХУ-ын Буриадын бүгд найрамдах улсын Ардын хурлын депутат С.Калмыков нар хамтран “Монгол, Орос дахь улстөрийн үйл явцын онцлогууд” нэртэй ном бичиж хэвлүүлжээ.

Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотод Гадаад харилцааны яаманд нээлтээ хийсэн уг номын нээлт энэ сарын 13-ны өдөр ОХУ-ын Москва хот дахь Монгол улсын Элчин сайдын яаманд боллоо.

Уг арга хэмжээнд ОХУ-ын Төрийн дум, Холбооны зөвлөлийн гишүүд, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамны төлөөлөгчид болон монгол судлаач эрдэмтэд, Монголын анд нөхөд нийгэмлэгийнхэн зэрэг 100 гаруй хүн оролцсон байна. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Дэлгэрмаа номыг нээж хэлсэн үгэндээ “уг бүтээл нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулснаараа онцлог бөгөөд хөрш орнуудын 1990-ээд оноос хойших улс төр, нийгмийн шилжилтийн түүхийг товчоолсон бүтээл болжээ” гэжээ.

Babuskhkina2

Номын зохиогчид нь хоёул улс төрд хөл тавьсан цагаасаа эхлэн өөрийн орны парламентад тасралтгүй сонгогдож 20 гаруй жилийг туулсан улс төрийн туршлагатай парламентчид төдийгүй нэг нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан хүний хувьд Монгол, Орос хоёр улсын шинэ зуун, шинэ мянганд шилжин орсон сүүлийн 20 гаруй жилийн улс төрийн түүхийг товчоолж баримтжуулж буйгаараа уг ном ач холбогдолтой гэдгийг ёслолын арга хэмжээний үеэр үг хэлсэн зочид онцлон тэмдэглэж байлаа.

Delgermaa1

Харин номын зохиогч УИХ-ын гишүүн Л.Болд “Монгол, Орос хөрш улсуудын сүүлийн үеийн түүхэнд адил төстэй тулгамдсан асуудал олон байсан. Үүнийг тус тусын замаар хэрхэн даван туулж, алдаа оноог дэнсэлсээр өнөөгийн цаг үед ирснийг харьцуулан сонирхох хүн цөөнгүй байгаа байх гэж бодож байна. Тиймээс ч бид асуудлыг бодитоор харж, үнэнийг үнэнээр нь бичих ёстой гэдгийг гол зарчмаа болгон номоо бичилцсэн юм” гэлээ. Зохиогчид цаашид зөвхөн улс төрийн шилжилтийн төдийгүй бусад салбарын өөрчлөлт, шинэчлэл, хамтын ажиллагааны сэдвээр энэ мэт судалгааны ажлуудыг санаачлан дэмжиж хоёр орны найрамдалт харилцааг улам хөгжүүлэх чиглэлээр ажиллана хэмээн хэлсэн үгэндээ дурдаж байв.

УИХ-ын гишүүн Л.Болд мөн энэ үеэр Монгол улс ардчилсан өөрчлөлт шинэчлэлийн нэгэн үеэ давж хөгжлийн дараагийн үе шатанд ирээд байна. Дараагийн шатны илүү хөгжингүй, олон улсын түвшинд илүү нөлөөтэй, нэр хүндтэй Монгол улсыг цогцлоох нь бидний зорилго юм гээд энэ зорилгын төлөө ажиллах “Шинэ Монголын төлөө Санаачилга”-ын үйл хэргийг эхлүүлснээ зарлалаа.

Номын нээлтийн ёслолын үеэр ОХУ дахь “Монголын анд нөхөд” нийгэмлэгийн Ерөнхийлөгч В.А.Бабушкин УИХ-ын гишүүн Л.Болдын хоёр улсын харилцаанд оруулж буй хувь нэмрийг үнэлж “Найрамдал” медалиар шагнасныг гардууллаа.

Militaries