2009.01.26

Бүх даатгалыг өвлүүлэх чиглэлээр хууль санаачилна

Намрын чуулганы үеэр хийсэн ажлаа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдөр танилцуулав. 77 хоног үргэлжилсэн чуулганы үеэр тус байнгын хороо багагүй ажил амжуулжээ. Тухайлбал Азийн эмэгтэй парламентч, сайд нарын бага хурлыг зохион байгуулж, Ази, Номхон далайн бүсийн 21 орны 80 гаруй төлөөлөлтэй хамтран мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвлөлдсөн байна.

Дараа нь «Мини НҮБ» үндэсний чуулганыг зохион байгуулж, хүүхэд залуусын дуу хоолойг сонсож, тэдний хүмүүжил, ёс суртахууныг зөв төлөвшүүлэх, ажилгүйдэл ядуурлын эсрэг хамтдаа хөдөлмөрлөх, бэлгийн замын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ярилцжээ. Мөн нийгмийн амьдралд зайлшгүй шаардлагатай байгаа хууль тогтоомжийн нэмэлт өөрчлөлт, шинэ-чилсэн найруулгыг батлуулахад хороо анхаарч ажилласан байна.

Ялангуяа ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, дайнд оролцсон ахмад настнуудад энэ оны нэгдүгээр сарын нэгнээс сард нэг удаа 200 мянган төгрөг олгодог болсон нь тус хорооны шийдвэрлүүлсэн чухал ажлуудын нэг байсан аж.. Учир нь улсын хэмжээнд 85-100 орчим настай, дайнд оролцсон ахмад 1600 орчим байдаг ч тэд улсын баатар болон хөдөлмөрийн баатар цолтнуудаас 5-6 дахин бага хангамж авч байжээ. Харин Монгол улсыг «Халамжийн улс» гэж хэлүүлэхэд хүргээд байгаа нийгмийн халамж хүрэх ёстой эзэндээ очихгүй байх буюу давхардуулан олгох явдал ихсэж байгааг тас-лан зогсоох зорилгоор тус хороо нийгмийн халамжийн бүх хуулинд энэ хаврын чуулганаар өөрчлөлт оруулахаар зэхэж байна. Түүнчлэн мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг анхны хэлэлцүүлгийг нь хийж, одоогоор эцсийн хэлэлцүүлэгт нь бэлтгэж байгаа аж.

Тус салбарт 1960 оноос хойш хөрөнгө оруулалт хийгдэж байгаагүй бол энэ удаа Мянганы сорилын сангаас 25 мянган ам.доллар олгохоор болсон учраас хуулиа боловсронгуй болгох нь хамгаас чухал байгаа юм. Эдгээрээс гадна нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор бүх төрлийн даатгалын үйлчилгээг өвлүүлэх зорилго тавьж, төрийн сангаас хөрөнгө их зарцуулдаг салбарын үйлчилгээг сайжруулах чиглэлээр дорвитой ажил хийхээр төлөвлөөд байгаа аяс.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.