Оюундарь.Н 2017.04.17 | Сонин: Өдрийн сонин

Н.Оюундарь: Оффшорын хууль сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудад хамааралтай

Н.Оюундарь: Оффшорын хууль сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудад хамааралтай
УИХ-ын гишүүн Н.Оюундарь

УИХ-ын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль буюу бидний хэлж заншсанаар оффшорын хуулийг баталсан. Уг хуулийн ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдсан. Гэхдээ уг хуульд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 39800 албан хаагч түүний хамаарал бүхий этгээдүүд хамрагдсан. Ингэснээр хуулийн үйлчлэл нь өргөн цар хүрээг хамарч байгаа болохоор хэрэгжихэд нэлээд түвэгтэй болчихов уу?

-Аливаа хууль батлагдсаны дараа хэрэгжих болов уу яах бол гэдэг яриа гардаг. Өмнө нь Тамхины хяналтын тухай хууль шинэчлэгдэн батлагдахад “Энэ хууль хэрэгжихгүй” хэмээн ярьсан ч уг хууль амьдрал дээр хэрхэн сайн хэрэгжсэн билээ дээ. Ямартай ч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг УИХ баталчихлаа. Тиймээс цаашаа хэрэгжээд явна. Уг хуульд дөрвөн гол өөрчлөлт орсон юм.

-Тэр нь юу гэж. Засгийн газрын зүгээс өргөн барьсан хуулийг УИХ дээр тэс өөр болгоод баталчихлаа гэсэн шүүмжлэл байна л даа?

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл дээр аймаг, дүүргийн дарга, газрын дарга нараас дээш албан тушаал бүхий хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 301 хүнд хамаатуулахаар оруулж ирсэн. Сонгогдсон болон төрийн захиргааны төв байгууллагын цөөн хүнд хамаарах болчихоод байсан тул шүүх, прокурор, цагдаагийнхан гээд эдгээрээс бусад албан тушаалтнууд уг хуульд хамрагдахгүй байсан тул хуулийн үйлчлэлийн хүрээг өргөтгөсөн юм. Тиймээс хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 39800 хүн уг хуульд хамрагдахаар болсон. Төрийн албанд алба хашиж байгаа бол уг хуульд хамрагдах нь зөв.

Дараагийн алхам нь төрийн албан хаагч болон түүний гэр бүл гэж байсан л даа.

Хууль бусаар мөнгөтэй болсон хүмүүс өөрийнхөө болон эхнэр, хүүхдийнхээ нэр дээр данс нээлгэж мөнгөө хийдэггүй. Тиймээс хамаатан садныхаа нэр дээр данс нээж нуудаг. Тэр утгаараа уг хуулийн үйлчлэлийн хүрээг тэлж өгсөн.

-Гэхдээ хамаарал бүхий этгээд гэдэг нь тодорхой бус байгаа юм биш үү. Яг тэр тэрийг хамаарал бүхий этгээдэд хамруулна гэсэн зүйл байхгүй хууль болчихлоо гэх юм?

-АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг хүснэгтэд өөрийн төрсөн ах. эгч, дүү. Аав, ээж, эхнэр, нөхөр, хүүхэд, нөхөр болон эхнэрийн ах, дүү нар гэж байдаг. Тэр хүрээгээрээ орж байгаа юм. Ингэснээр татвараас зугтаалгасан мөнгийг нуух газаргүй болгож байгаа хэрэг л дээ.

Засгийн газрын зүгээс өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд хууль хэрэгжиж эхэлснээс хойш зургаан сарын дотор оффшор данстай бол дансаа хаалгаж, оффшор бүст байршуулсан мөнгөө эргүүлэн оруулж ирнэ гэсэн заалттай байсан. Үүнийг ажлын хэсэг дээр ярилцаж байгаад хариуцлагыг нь дээшлүүлэх үүднээс зургаан сар гэсэн хугацаа байсныг гурван сар болгож өгсөн.

Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Уг хууль жижиг дунд бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхэнд огт хамааралгүй. Тэд өмнө нь хийж байсан бизнесээ хийгээд явах боломж хэвээрээ байгаа. Уг хууль сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудад л хамааралтай гэдгийг лахин хэпье

-Тэр бизнес хийж байгаа хүмүүс нь ХОМ гаргадаг 39800 этгээдийн хэн нэгний хамаатан садан, найз нөхөд байвал яаж зохицуулах юм бэ?

-Харилцан хамаарал бүхий хүмүүст найз нөхөд хамаарахгүй. Тухайлбал, төрийн албанд ажиллаж байгаа хүний найз нь оффшор бүст данс эзэмших, эзэмшихгүй байх нь тухайн хүмүүсийн хоорондын асуудал. Харилцан хамаарал бүхий гэдэгт нэг аж ахуйн нэгжид хамтдаа хөрөнгө оруулснаар, тэндээс хамтдаа ашгаа хүртэхийг харилцан хамааралтай гэж байгаа юм. Тэр аж ахуйн нэгж нь оффшор бүст данс эзэмшиж байгаа бол найз нөхөд, хамтрагч нь энэ хуульд хамаарна. Түүнээс нэлэнхүйд нь найз нөхөд гээд хамруулан ойлгож болохгүй.

-39800 албан хаагчийн ах, эгч, дүү, аав, ээж, эхнэр, нөхөр, хүүхэд, нөхөр болон эхнэрийн ах, дүү гээд явахаар хэчнээн хүн уг хуульд хамаарах болчихоод байгаа вэ?

-Нарийн тоог нь яг хэлж мэдэхгүй байна. Өөр дээрээ жишээ авахад Оюундарь гэдэг хүний нөхөр, үр хүүхэд, ах дүү, нөхрийн ах, дүү, гээд тооцоод үзэхээр 10 гаруй хүн оффшор бүст данс эзэмшиж болохгүй болчихож байх жишээтэй. Татвараас зугтаалгасан, терроризмоос олсон, мөнгө угаасан мөнгийг л оффшор бүст хадгалж болохгүй. Ариун шударгаар бизнес хийж байгаад олсон мөнгөний талаар огт яригдах ёсгүй.

Мөрөөрөө бизнесээ хийгээд явж байгаа хүн оффшор бүст мөнгөө нуух шаардлага байхгүй.

Засгийн газраас гадаад улс оронд данстай байж болохгүй гэж оруулж ирснийг ажлын хэсэг дээр ярилцаж байгаад олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагуудаас оффшор бүс гээд зарласан давхцлыг нь түүгээд 42 орныг оффшор бүс гэж хамааруулахаар болсон. Гэхдээ жагсаалтыг Засгийн газар батална. Монгол Улс хамтын ажиллагаатай, хөрөнгө оруулалт татдаг, манай орны зүгээс дипломат төлөөлөгчийн газартай, Монгол Улсын иргэд ихээр зорчдог Англи, Финлянд, Швейцарь, Хонгконг ч гэдэг юм уу, эдийн засаг, улстөрийн хүрээнд ойрхон ажилладаг орнуудыг оффшор бүсийн оронд хамруулахгүй байх эрх нь Засгийн газарт бий. Түүнээс шууд энэ 42 орныг хамааруулна гээд байгаа юм байхгүй.

-Ядаж л Швейцарьт очоод ганц цаг, гар утас авахад л оффшорын хуулийг зөрччих хэмжээнд батлагдсан хууль боллоо хэмээн зарим гишүүд ярьж байна л даа?

-Уг хуульд хөдлөх, үл хөдлөх хөрөнгө орно гээд тусчихсан юм. Үл хөдлөх хөрөнгөд байшин барилга ороод явчихна. Хөдлөх хөрөнгө гэхээр гар утас, цаг, завь, машин, хувцас ч байдаг юм уу ороод явчихна. Бид яагаад хөдлөх хөрөнгийн талаар ярьсан бэ гэхээр 2-3 сая ам.долларын үнэ бүхий автомашин худалдан авч оффшор бүст хамааран оронд тавьчихаж болно. Татвараас машиныг авчихсан байж болно оо доо. Тэр утгаараа зарим гишүүд ингэж яриад байгаа юм.

-Уг хуулийн хариуцлага нь хэрхэн суусан юм бол?

-Ямар нэгэн байдлаар алдаа гаргасан сонгогдсон албан тушаалтан албан тушаалаа өгнө. Томилогдсон бол мөн л албан тушаалаа өгч хариуцлагаа хүлээх заалттай.

-Гэхдээ уг хуулийн үйлчлэлийг өмнөх цаг хугацаанд хамаатуулах гэж зарим гишүүд нэлээд зүтгэж байх шиг байсан. Хуулийг нөхөн хэрэглэхгүй гэдэг шүү дээ?

-Өмнө нь төрийн албан хашиж байхдаа оффшор бүст данс эзэмшсэн хүмүүст хариуцлага тооцох ёстой гэдэг иргэдийн хандлага их байсан. Хуулийг буцааж хэрэглэхгүй гэдгийг манайхан сайтар ойлгох ёстой. Хууль батлагдсанаас хойш төрийн албанд ажиллаж байгаа, төрийн ажиллах хүмүүст хамаарна. Сахилга, баттай улс төр, төрийн албаны ажлаа хий. Эсвэл төрийн албан хамааралгүйгээр бизнесээ хийгээд оффшор бүст дансаа нээнэ үү, байна уу хамаагүй. Өмнөх хүмүүст хариуцлага тооцсонгүй гээд байгаа ч нотлох баримтаар татвараас нуусан, буруу замаар мөнгө олсон, түүнийгээ оффшор бүст байршуулсан нь тогтоогдвол Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиар хариуцлага хүлээнэ.

Гагцхүү бид хий хоосон хардах биш, нотлох л ёстой болчихоод байгаа юм.

Манайхан 17 тэрбум ам.доллар оффшорт байна гэж яриад байгаа. Хэн, хэзээ, хаана хэлсэн юм бэ. Яг 17 тэрбум ам.доллар оффшор бүст байгааг хэн мэдээд байгаа юм. Хамгийн гол нь нотлох баримт чухал. Цагдаа, прокурор, тагнуул, АТГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулан шүүгээд тогтоох хэрэгтэй. Цаанаа хардаж, сэрдүүлээд байгаа хүндээ ч гэсэн амар шүү дээ. Худлаа бол “Уучлаарай, таны нэр хүндийг гутаасан байна” гээд гаргаад ирэх хэрэгтэй.

-Хуулийн хэрэгжилт хэзээнээс эхэлж байгаа вэ. Батлагдсан өдрөөсөө даган мөрдөж байгаа юу?

-Их хурал хуулиа баталчихсан. Одоо соёрхон батлаад, Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэн өдрөөсөө хүчин төгөлдөр болох учиртай. Өмнө нь Ардчилсан нам засгийн эрх барьж байхдаа оффшорын хуулийг батлах гээд оруулж ирсэн ч баталж чадаагүй.

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэх мэдээлэл гарах боллоо. Үнэхээр Үндсэн хууль зөрчсөн хуулийг Их хурал баталчихав уу?

-Зарим хүмүүсийн ойпгож байгаагаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хүний эрх зөрчсөн гэж байгааг дуулсан.