Иргэдийн ажил орлого ба нийгмийн сэтгэл зүй
УИХ-ын гишүүн, доктор Ж. Батсуурь
2014.07.02
УИХ-ын үйл ажиллагаа

Иргэдийн ажил орлого ба нийгмийн сэтгэл зүй

Монгол Улсын Их Хурлын гишүүн, доктор Ж. Батсуурь

Би энэ өгүүллээрээ өнөөдөр манайд бий болсон нийгэм эдийн засгийн байдал иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ажил орлогод ямар нөлөө үзүүлж, хүний ааш араншин, ёс суртахуун, нийгмийн сэтгэл зүйг яаж өөрчилж байгаа тухай санаа бодлоо илэрхийлэхийг зорилоо.

Бодлого яаж тодорхойлогдож, бодит амьдрал яаж өрнөж байна вэ?

Бодлого тодорхойлох нь Үндсэн хуулиар олгогдсон төрийн үүрэг. Төр бодлогоо боловсруулах, батлахад мэргэжлийнхэн, эрдэмтэн судлаачид, иргэд олон нийтийн оролцоог хангаж, санаа бодлыг тусгаж байх нь ардчилсан нийгмийн зөрчиж болохгүй хууль.

Энэ бүхнийг өнгөц харахад манайд бүх юм ёсоороо хийгдэж байгаа мэт санагдана. Харин жаахан гүнзгийрүүлээд нягталбал байдал бараг эсрэгээрээ гэхээр шахам болчихсон байгаа. Засгийн газар, эсвэл Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн бодлого хуулийн төсөл боловсруулж, өргөн бариад түүнийг нь парламент хэлэлцэж батлаад явж байгаа.

Тэд бүхнийг хуульд нийцүүлж хийсэн гэж ярина, сурталчилна. Гэтэл үнэн хэрэгтээ нэр нь төрийн байгууллага боловч цаана улс төр-бизнесийн олигархи бүлэглэлийн явцуу, цаг зуурийн эрх ашиг нуугдаж байдаг. Энэ байдал бүх шийдвэр дээр биш л дээ.

Ихээхэн хөрөнгө мөнгө шаардсан томоохон хэмжээний төсөл хөтөлбөрөөр дамжиж хэрэгжих эдийн засгийн бодлого дээр энэ тодорхой харагддаг.

Бодит жишээ нь Оюу толгой, алт, ашигт малтмалын татвар, үнэ тогтворжуулах хөтөлбөр, дотоод гадаадын бонд гээд захаас аван нэрлээд байж болно.

Үүний уршигаар төрийн бодлого заримдаа гармагц хэл ам, хэрүүл маргаан дагуулна. Бүр хэрэгжиж эхлэхгүйгээр өөрчлөгдөнө. Эсвэл улс орон, ард түмэнд ашиг тусаа өгөхгүйгээр улс төрчдийн сүржин яриа, толгой эргүүлсэн хэдэн тоо болж хэрэгжинэ.

Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоогоор хэмжигдэж дэлхийд дээгүүрт яваа гээд байх. Гэтэл хэдэн ажлын байр шинээр бий болов? Иргэдийн бодит орлого яаж нэмэгдэв? Худалдан авах чадвар хэрхэн сайжрав?

Аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн чадавхи хэр нэмэгдэв? гээд амьдралын тодорхой асуудлуудад өгөх хариулт нааштай өөдрөг гэхээсээ илүү бараан сүүдэртэй байгааг бараг амтай болгон ярьж байна. Байдал ийм байхад бодлого зөв, амьдрал хэвийн байна гэх суртал нэвтрүүлэг хүний дургүй хүргэхээс хэтрэхгүй юм.

Сүүлийн жилүүдийн статистик мэдээгээр нэг иргэнд ногдох ДНБ-ний хэмжээ 1000 орчим доллараар буурч, тэр хэмжээгээр иргэний болон айл өрхийн жил, улирал сарын орлогын өсөлт 30 гаруй хувь байснаа 2013 оны дүнгээр найм орчим хувь болж бараг дөрөв дахин буурчихаад байна.

Албан ёсны тоон мэдээ ингэж гараад, амьдрал дээр мөнгөны эргэлт удааширч, иргэдийн худалдан авах чадвар доройтож, бараа ажил үйлчилгээний үнэ өссөөр байхад дэлхий даяар иймэрхүү юм болж байхад манайх харин ч гайгүй гэж яриад байх нь хариуцлагатай засаг төр мөн үү гэдэг асуудал зүй ёсоор тавихад хүргэж байна.

Бодлого буруу, алдаатай, хэрэгжихгүй байгаагийн цаана бас учир шалтгаан бий. Тэр бол тогтолцооны согог. Нийгэм бүхэлдээ олон шатлал бүхий дэд тогтолцооноос бүтдэг.

Тогтолцоо бүрд баримтлах хууль, хэрэгжүүлэх бодлого, тэр бүрийг гүйцэтгэх байгууллагын бүтэц, хүн хүчний нөөц, ажил хэргийн чадавхи, соёл, ёс.суртахуун гэж байдаг. Тэгвэл өнөөдөр манайд тогтолцоонууд бол бараг л бүгд бий. Харин хэр зөв бүрдсэн бэ гэдэг л асуудал байна. Бодлого хуулийн тухайд амьдралаас тасарсан, гадны өөр өөр эрх зүйн тогтолцооноос сохроор дуурайгаад хуулчихсан зүйл олон байдаг нь Монголынхоо амьдралдээр гараад хэрэгжихгүй.

Энэ бол аль ч тогтолцоонд байгаа нийтлэг согог. Бид болохгүй байгаа зүйлийг нийт тогтолцооных нь хэмжээнд биш, тухайн болж бүтэхгүй байгаа зүйлийг салангид барьж аваад засах гэж оролдох, засчихлаа гэж өөрсдийгөө хуураад байгаа нь хамгийн гол алдаа гэж болно.

Жишээ нь, одоо ярьж эхлээд байгаа Төрийн хяналтын тухай асуудал байна. Өнөөдөр эрх баригчдын ярьж засна гээд байгаа тэр зүйлүүдийг 2000 оны эхэнд одоогийн хуулийг батлах үед бараг нэг бүрчилэн ярьж байсан. Өнөөдөр яг давтаж яриад хэлбэрийн төдий бүтцийн өөрчлөлт, баахан халаа сэлгээ, үр дүнгүй хоосон бужигнааны эхлэлийг тавих гээд байх шиг санагдана.

Зүй нь энэ асуудлаа тогтолцоогоор нь нэг сайн судалж байгаад нухацтайхан ярих ёстой.

Одоогийн өргөн барьсан төслөөр бол 100-хоногийн эрчимжилтийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд саад болно уу гэхээс биш, нэмэр болох зүйл харагдахгүй байна.

Иргэдийг ажил орлоготой байлгах үүрэг, хариуцлагыг хэн хүлээдэг вэ? 1990-ээд оноос хойш парламентын сонгуульд оролцсон бүх улс төрийн нам, Ерөнхийлөгчийн сонгуулийн бүх нэр дэвшигч, орон нутгийн сонгуулийн бүх мөрийн хөтөлбөрүүдэд ажлын байрыг нэмэгдүүлж, Монгол хүний ажил хөдөлмөр эрхлэх боломж, орлогыг нэмэгдүүлнэ гэсэн амлалт маш уран сайхнаар, тоо тооцоогоороо тусгагдсан байдгийг хүн бүр л мэднэ.

Тухайлбал, одоогийн эрх баригч намын сонгуульд оролцсон хөтөлбөр, УИХ- аар батлагдсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Ажилтай, орлоготой Монгол хүн” гэсэн томоохон бүлэг бий. Түүнд олон том зорилт тусгагдсан. Гэтэл өнөөдөр Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа талдаа орох гэж байна.

Энэ хугацаанд хэдэн Монгол хүн шинээр ажилтай, орлоготой болсон бэ? ажил орлоготой байсан хэсгийн хэд нь ижил ч үгүй, орлого ч үгүй болчихсон бэ? хүн амын бодит орлого хэр нэмэгдэв ээ? гэдэг асуултанд эрх баригчид тодорхой хариулах үүрэггэй. Одоогоор тоймтой хариулт хэн ч өгн чадахгүй л байгаа. Харин амьдрал өөрөө амлалт чинь биелэхгүй нь байна шүү гэсэн дохио сануулгыг байнга л өгсөөр.

Аль ч улсын иргэн ажил орлоготой байж хэвийн амьдрах нь дан ганц төрөөс хамаардаг зүйл биш ээ. Энд төр, түүний байгууллагууд, хувийн хэвшлийн ажил олгогч  эзэд, өрхийн болон иргэний бизнес, иргэд гэсэн олон субьектын уялдан зохицсон үйл ажиллагаа чухал.Төр гэхэд л бодлого, үйл ажиллагаагаараа боломжийг нь хангаж өгөх үүрэг хүлээнэ.

Өөрөөр хэлбэл, төр бол төрийн байгууллагууд, төрийн өмчийн компаниудаар дамжуулан ажил олгогч, ажлын байрыг шууд бий болгогч, харин бодлого, үйл ажиллагаагаараа бол бусад ажил олгогч эзэд, хувийн болон өрхийн бизнес эрхлэгчид, иргэдэд ажилтай орлоготой байх боломжийг бүрдүүлэх үүрэгтэй, үүнийхээ төлөө тодорхой хариуцлага хүлээх ёстой субьект мөн.

Төр ажил олгогчийнхоо хувьд олон мянган төрийн албан хаагчийг халж сольж, ажил, орлогоос нь салгасан. Гэтэл төрийн албаны орон тоо, зардал урьд хожид байгаагүйгээр нэмэгдээд байдаг.

Валютын ханш, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, төсөв санхүү, мөнгө зээлийн бодлогын буруу тооцоо алдааны улмаас олон мянган бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид эдийн засгийн хүндрэлд орж, үүд хаалгаа арих, дампуурлаа зарлах омжээндхүрээдбайна.

Оюу толгойгоос эхлээд гадаадын хөрөнгө оруулалт зогсож, ажилчдаа хэдэн зуугаар нь номхотгож байхад манай Засгийн газар дэлхийгээр сүлжсэн бүтэцтэй үндэстэн дамнасан корпораци ажилчдаа цомхотгож байхад бид яах юм гэх аятай тайлбар хийгээд ажилгүй, орлогогүй болсон иргэдээ яах вэ? гэдэг талаар нэг ч үг дугарахгүй байгааг юу гэх вэ?

Ер нь төр иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэр биелүүлж байна вэ? гэдгийг хянах үүрэг ардчилсан нийгэмд иргэд, иргэний нийгмийн байгууллага, улс төрийн цөөнх гээд олон субьектэд бий. Үнэнийг хэлэхэд одоохондоо иргэд ч, иргэний нийгмийнхэн ч энэ үүргээ хангалттай сайн биелүүлж чадахгүй байна.

Харин парламент дахь цөөнх, УИХ-ын бие даагч гишүүд бас парламентын шударга гишүүд энэ асуудалд тодорхой анхаарал тавьж эрх баригчдаас мэдээ, мэдээлэл шаардах, мэдэгдэл шаардлага хүргүүлэх, хариуцлага нэхэх зэрэг хэлбэрүүдийг ашиглаж хуулийн хүрээнд асуудал тавьсаар байна.

Харамсалтай нь эрх баригчид бүх юм болж бүтэж байна, болохгүй бүтэхгүй байгаа бүх зүйл урьдах засгийн үед хийгдсэн, бид түүнийг нь залруулах гэж хамаг цаг хүчээ барж байна, мөнгө л зээлж, өр л үүсгэхгүй бол асуудал шийдэх арга байхгүй гэх мэтийн тайлбар хийсээр өнөөдрийг үзлээ. “Ажил хийе гэвэл гарц олдоно, арга саам хийе гэвэл шалтаг олдоно” гэдгийн үлгэрээр төр, засгийн ажил явж болохгүй.

Ажил олгогч бол дан ганц төр биш ээ. Хувийн хэвшлийнхэн энд шийдвэрлэх үүрэгтэй. Манайд хувийн хэвшлийн ажил олгогчид бол- нэлээд сайн зүгширч яваа гэж би боддог.

Хувийн хэвшлийн дийлэнх нь мөнгө хөрөнгөө босгоод, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа арилжаагаа эрхлээд иргэдээ ажилтай, орлоготой, хоол хүнстэй, мөр бүтэн амьдрах боломжийг нь хангаад явж байна. Өсөлтийн үед ч, хямралын үед ч ачааны хүндийг төр биш, хувийн хэвшлийнхэн үүрч явдаг, авч гардаг гэдэгт би итгэдэг. Зах зээлийн хууль нь ч тийм юм.

Тэгвэл хувийн хэвшилд ямар хүндрэл байна вэ? Энд гурван зүйлийг онцолж хэлмээр байна. Нэгд,төрийн оролцоотой хагас гэж хэлж болох холимог өмчийн хэвшлийхэнд учирдаг гол бэрхшээл бол төрийн шууд оролцооноос хамаарсан хүнд суртал чирэгдэл, хууль бодлогын тодорхойгүй байдал гол бэрхшээлийг учруулдаг. Тэнд төр удирдлагыг нь томилох, менежментийн багийг нь бужигнуулах, хөрөнгө санхүүг нь боймлох, бараа бүтээгдэхүүн шахах гээд олон зүйл байдаг бололтой юм билээ.