Д.Батхуяг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж 192 тусгай зөвшөөрөл олгосон
АМГ-ын дарга асан Батхуяг үүрэг ажлаа гүйцэтгэж байхдаа 28 компани 192 лицензийг сонгон шалгаруулалтгүйгээр өгсөн хэргээр буруутгагдаж шүүхээс ял сонсоод байгаа. түүний албан тушаалаа урвуулан ашигласан үйлдлээс үүдэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь хүчингүй болж хохирсон гэх иргэдийн өргөдлийг өргөдөл, байнгын хорооны хурлаар хаалттай хэлэлцлээ.
Ашиг малтмалын хуулийн дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ААН-үүдэд сонгон шалгаруулалтаар олгодог. Гэтэл энэ хуулиас гадуур ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж 192 тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Эдгээр тусгай зөвшөөрлүүдийг гурван шатны шүүхийн шийдвэрээс цуцалсан байдаг.
Сонгон шалгаруулалтгүйгээр олгосон 192 тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан 28 компаний зарим нь шүүхийн шийдвэрийг хүлээн авсан байдаг. харин эдгээр нэгжийн ихэнх нь тухайн талбайд их хэмжээний хөрөнгө зарж судалгаа, шинжилгээний ажил хийж, нөөцлийг тогтоох гэх мэт ажил хийсэн. Үүний үр дүнд 28.5 тэрбум орчим төгрөгөөр хохирсон. Тиймээс энэ байдлыг харгалзан үзэх хүсэлтийг өгөгдлийн байнгын хороонд ирүүлжээ.
Дахин ийм асуудал гарахаас урьдчилан сэргийлэх арга замыг ч энэ асуудалтай хамт нарийвчлан судлах ёстой
УИХ-ын гишүүн Р.Бурмаа: “28.5 тэрбум төгрөгийг зарцуулсан байна гэж уул уурхайн яам мэдээллийг өгч байна. Энэ мөнгийг дараагийн сонгон шалгаруулалт явуулахад тооцох боломж байна уу гэдгийг гишүүд асуулаа. Тухайлбал, сонгон шалгаруулалт явуулахдаа тухайн хайгуул хийсэн гэх талбайг үнэ цэнэд оруулах ямар боломж байна гэсэн."
Тусгай зөвшөөрлүүдийг сонгон шалгаруулалтгүйгээр авсан аж ахуйн нэгжийн талбайд дахин сонгон шалгаруулалт явуулж олгох нь шударга бус зарчим болохыг хуралд оролцогч гишүүдийн зүгээс илэрхийлж байсан гэдгийг тэрээр хэлж байлаа. Учир нь нэгэнт хөрөнгө мөнгө зарж нөөц баялгийг тогтоосон газар тусгай зөвшөөрөл олгож байгаа тул бүгдэд тэгш боломж олгох үүднээс харах нь зүйтэй.
Мөн нөгөө талд АМГ-ын дарга асан Д.Батхуягийг хууль зөрчин тусгай зөвшөөрөл олгож байхад энэ асуудалд гар бие оролцсон хүмүүс хариуцлага хүлээгээгүй. Дахин ийм асуудал гарахаас урьдчилан сэргийлэх арга замыг ч энэ асуудалтай хамт нарийвчлан судлах ёстой гэсэн байр суурь дээр байнгын хорооын гишүүд санал нэгджээ.