Г.Баярсайхан: Би Ц.Мөнхбаярыг нэг л удаа батлан даасан
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Гал үндэстэн” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүсийг батлан даалтад гаргахаар хөөцөлдөж байна гэх мэдээлэл гарлаа. Энэ талаар Г.Баярсайхан гишүүнээс тодруулав.
-Таныг Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүсийг батлан даалтад гаргах гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Монголд 6000 гаруй иргэний хөдөлгөөний байгууллага бий. Эдгээр байгууллагын хүмүүс санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэ ч үүднээсээ байгаль орчны талаар үзэл бодлоо илэрхийлдэг хүн олон бий.
Би хувь хүнийхээ хувьд, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргынхаа хувьд зарим зүйлийг нь дэмждэг. Гэхдээ буу барьж байгаа хүмүүсийг хэзээ ч өмөөрөхгүй.
-Тэгвэл энэ мэдээлэл хаанаас гарсан юм бол. Та үүнийг бодож үзсэн үү?
Буу барьж байгаа хүмүүсийг хэзээ ч өмөөрөхгүй.
-Ямар утга учиртайг нь мэдэхгүй байна. Гэхдээ М.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүсийг өмнө нь Төрийн ордон руу нум сум харвахад нь УИХ-ын гишүүн Д.Одхүү бид хоёр батлан даалтад гаргаж байсан юм. Тэд тухайн үедээ дахиж ийм хүч хэрэглэсэн байдлаар тэмцэл хийхгүй гэж ам тангараг өгч байсан хүмүүс л дээ.
-Та энэ хүмүүстэй уулзсан уу. Өмнө нь ямар харилцаа холбоотой байсан юм бэ?
-Уулзаагүй. Харилцаа холбоо гээд байх сүйдтэй зүйл байхгүй. Хааяа Байнгын хороонд хуулийн хэрэгжилттэй холбоотой шаардах бичиг явуулдаг байсан.