УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.10.03

С.Ганбаатар: Хэрэв надаас мөнгө гарвал сэтгүүлчдийн ордон байгуулахад зориулна

Ийгл телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцлоо.

-Оюутолгой компанийн монгол талын гишүүд мэдээлэл хийлээ. Та ямар талаас нь харж, хэр амжилттай байна гэж дүгнэж байна вэ?

-Тэд явж ирээд Рио Тинтотой ярьсан зүйлээ мэдээлсэн нь том соёл. Болсон болоогүй хамаагүй иргэдийн өмчийн тухай яриа хэлэлцээр хийчихээд, өмчийн эздэд нь ирж хэлсэн нь маш сайн зүйл.

Харин тэр 30 асуудалд ийм ийм зүйл орсон гэдгийг ард иргэдэд тодорхой хэлэх хэрэгтэй. Тэр ярьж буй хүмүүс бол уул уурхайн гэрээний мэргэжилтнүүд биш. Энэ талаар мэдээлэл нууц байгаа нь асуудал.

Рио Тинто Монголын Оюутолгойн баялгийг, уурхайн лицензийг, өмчийг, газар нутгийг барьцаанд тавиад зээл авах гэж байна. Энэ нь Рио Тинто монголоос гараад биднийг 16 банкны мэдэлд өгнө гэсэн үг. Тэд Монгол УИХ-аас баталсан гэрээгээ зөрчиж, Монгол улсын өмчийн эрхэд халдаж байна.

-Хэрэв Оюутолгойг 34:51 хувийн ашиг хүртэнэ гэхгүйгээр 100 хувь тэдний мэдэлд өгөөд тэдний хөрөнгө оруулалтаас бид ашиг авахаар гэрээ хийсэн бол ашигтай ажиллаж чадах уу?

-Хамгийн гол сайн хувилбар бол рояалтигаа нэмэх явдал байсан. Түүнийхээ тодорхой хувийг аваад бусад нь бидний асуудал биш гэдэг зүйл л бий.

-Өнөөдөр бидэнд алдсан бол алдаагаа засах боломж бий юу?

-Би алдсан гэж бодохгүй байна. Энэ бол алдаж болохгүй зүйл. Рио Тинтогийн олж буй орлого бол өнөөдрийн өнгөрсөн 20 жилийн монголын уул уурхайн баялгаас бий болсон баялгийг долоо дахин их хэмжээний орлого олж ирнэ.

Энд сайн ашигтай ажиллуулъя гэдэг саналыг тавиад асуулга асуух нь бидний ажил. Хамгийн гол нь улстөрчид өөрсдөө тайлбарлахаасаа илүү мэргэжлийн, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэйгээр ярих ёстой. Гол нь өрөнд тавьсан уу. Тавиагүй юу гэдэг ганц асуултад л хариулт хэрэгтэй.

-Ээлжит бус чуулгантай зэрэгцээд Ц.Мөнхбаяр гэдэг хүн төрийн ордныг нилээн доргиулах шиг боллоо. Жагсаал цуглааныг яаж хийх ёстой вэ. Энэ хуулиас болоод байна уу. Эсвэл цаана нь популист улстөрч байна уу?

-Ц.Мөнхбаяр гэдэг хүний ард ямар ч улстөрч, бүлэглэл, юу ч байхгүй гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Үүнийг дэмжин, араас нь санхүүжүүлээд, өөртөө халгайтай, аюултай зүйл хийдэг улстөрч, мөнгөтэй хүн монголд байхгүй.

-Монголчууд буу шийдэмдээ хүрэхдээ тулчихсан юм уу?

-Дөнгөж өчигдөр яриад өнөөдөр буу шийдэм барьж байгаа бол туйлын буруу. Би буу шийдмийг эсэргүүцэж байна. Ц.Мөнхбаяр бид нар журмын андууд хэдий ч тэмцлийн арга хэлбэр дээр маш зөрүүтэй байдаг.

Улстөрчид эмнэлгийн даргыг томилоход хүртэл бүлэглэл, фракциараа оролцох нь хэтэрхий гаарч, нүдний булай, хошин шог болж байна.

Бид бол хэлэлцье, ярилцъя, ойлголцъё, ширээнд сууя гэдэг. Ц.Мөнхбаяр болон түүний нөхдүүдийг буу шийдэм барьж, ард иргэдийн анхаарлыг татахаас өөр аргагүй байдал руу оруулсан. Шийдвэр гаргагч түвшний хүмүүс ярьж, хэлэлцэж, суух ёстой.

-Сая ГССҮТ-ийн эмч нар суулт зарлан, халагдах өргөдлөө өгөөд байна. МҮЭ-ийн ерөнхийлөгч байсны хувьд эрүүл мэндийн салбарынхан ажил хаях ёс зүй байдаг уу?

-Манай улстөрчид эмнэлгийн даргыг томилоход хүртэл бүлэглэл, фракциараа оролцдог явдал хэтэрхий гаарч, нүдний булай, хошин шог болж байна. Эцсийн эцэст удирдах гэж буй хүн нь хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Үүнийг тохироогоор, гар хурууны үзүүрээр шийддэг гэж бодохгүй байна.

-Та үнэхээр Рио Тинтогоос цалин авдаггүй юм бол хөрөнгө оруулгынхаа мэдүүлгийг олон нийтэд зарлаад ил болгож болохгүй юу. Таныг тэгж хэлээд байхад нэр төрөө сэргээлгэе гэсэн бодол байхгүй юу?

-Миний нэр төрөө сэргээлгэе гэдгээр хөөцөлдөх юм бол би энэ их хүчтэй ажлаа хийх ямар ч боломжгүй болно. Намайг тэгж бичсэнээрээ Рио Тинтогоос гэрээгээр байна уу, зөвлөх үйлчилгээ гэж мөнгө аваад хүүхдүүдээ хооллож буй тэр ганц нэг хөлсний сэтгүүлч, нийтлэлчдэд би буян хийж байгаа.

Ийм олон хүнд тус болох нь миний ажлын нэг хэсэг. Миний талаар хэн нэгэн сэтгүүлч, хүнд ийм гүтгэлгийн чанартай зүйл байвал маргааш тагнуул, мөрдөн байцаах газар өгөх ёстой. Хэрэв өгсөн байгаад мөнгө гарч ирвэл би тэр мөнгийг сэтгүүлчдийн ордон байгуулахад зориулна.