УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.09.26

С.Ганбаатар: Бидний тэмцлийн арга барил өөр ч зүрх сэтгэл нэг

ТВ5 телевизийн “Монгол улсаа хөгжүүлье” нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцлоо.

-Ээлжит бус чуулганы 14 хоногт эдгээр хуулиудыг хэлэлцэх асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Бид алсын бодлогоо тодорхойлж ярих ёстой. Уул уурхай, алт гээд нарийн зүйл ярихаасаа илүү байнга ярьдаг боловсруулах үйлдвэрийнхээ төлөө яагаад юу ч хийсэнгүй вэ. Өнөөдрийн хувьд энэ зүйлүүдийг ярьж болно болохгүй, цагаа олсон олоогүй гэхээсээ илүү аль өнцгөөс ярих нь чухал.

Хамгийн чухал нь алтны тухай хууль байсан. Монголчууд өнөөдөр гадаад дотоодын хөрөнгө оруулагч компанийн орлогыг тэр бүр мэдэж чадахгүй. Түүнийг хянах чадвар монголын Засгийн газарт ч бага бий. Ийм үед буурай, хөгжиж буй орны хамгийн шударга авдаг зүйл бол рояалти.

Бид монголын уул уурхайн татварын орчинг өөрчилхөөсөө өмнө Оюутолгой Рио Тинтотой хэлэлцээр хийж, зөвшөөрөл авахаас өөр аргагүй байдалд орсон. Хэрэв рояалтиг 2,5 болговол миний тооцоогоор хоёр тэрбум долларыг Рио Тинтод бэлэглэж байна гэсэн үг.

-Энэ жил төрийн ордны гадна буун дуу гарлаа. Нэг талаасаа хууль бус хэдий ч нөгөө талаас иргэдийн төр лүү хандуулж буй нэг сануулга юм уу гэж. Энэ тал дээр?

-Хүмүүсийн амьдрал сайнгүй байгаа. Бид хүссэн шигээ хөгжихгүй байна. Энэ Засгийн газар зөндөө зүйл хийж байгаа ч дутагдаж буй нэг зүйл нь нийгэмд ойлголцол, зөвшилцөл, яриа хэлцэл, бие биенээ хүндэтгэн сонсдог зүйл алга.

Ц.Мөнхбаяр болон түүний нөхдүүдийг ийм байдалд хүрэхээс өөр аргагүй байдалд ортол нь байлгасан хүмүүсийн буруу гэж хэлмээр байна.

Миний хувьд маш олон зүйлийг иргэдтэйгээ ярьж, тэдний санаа бодлыг тусган, шийдвэрт оролцуулах гэж зүтгэдэг. Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс надтай олон жил тэмцэж явсан.

Гэхдээ бид нэг ч удаа хамтарч тэмцэл хийж байгаагүй. Бидний тэмцлийн арга барил өөр ч зүрх сэтгэл нэг.

Тэдний тэмцлийн ийм хэлбэртэй санал нэгддэггүй. Нөгөө талаасаа Ц.Мөнхбаяр болон түүний нөхдүүдийг ийм байдалд хүрэхээс өөр аргагүй байдалд ортол нь байлгасан хүмүүсийн буруу.

Шийдвэр гаргагчид яагаад тэдэнтэй ширээнд сууж ярьсангүй вэ. Байгаль орчноо хамгаалах нь бидний үүрэг. Үүргээ биелүүлэх гээд дуу хоолойгоо гаргаж чадахгүй, хүмүүсийн анхаарлыг татах гэж ийм зүйл хийсэн гэдэгтэй санал нэг байна.  

-Улс орон мөнгөгүйдээд алтны хэдэн компаниасаа татвар авч, алттай болохын тулд байгалийг хамгаалж буй томоохон хуульдаа өөрчлөлт оруулах гэж байна гэсэн хардлага бий.

-“Урт нэртэй” хууль бол өмнөх байсан нөхцөл, өмнөх хуулиасаа хамаагүй дээр. Гэхдээ миний хувьд арай дундаж байр суурьтай байдаг. Уул уурхай хөгжиж буй орнуудад байгаль орчныг сэндийлэх явдал олон гардаг. Энэ дээр олон орон уул уурхайгаа зогсоо боль гэсэн зүйлийг тавьдаг.

Бид түүний л нэг жишээ. Харин нөгөө хэсэг нь уул уурхайгаа ашигла. Энэ бидэнд ажлын байр, татвар бий болгож байна гэдэг. Миний барьж буй зүйл бол уул уурхайн маргаан болон зохицуулах асуудлыг тухайн нутаг дэвсгэр дээрх гурван талт байгууллагад нь эрх мэдлийг нь өгөх асуудлыг хуульчлаач гэдэг зүйл.

-Парламентийг харахад МАН, АН-ын Засгийн газар юм шиг үйл ажиллагаанд хандаж байгаа нь эдийн засаг унах, ард түмний амьдрал доройтох хандлага руу орж байна гэж шүүмжилж бий. Та үүнтэй санал нийлэх үү?

-Улс орон хөгжье гэвэл нэг лидер гарч ирээд хатуухан шиг чирээд гүйдэг биш ширээн дээр сууж ойлголцдог механизмаа бий болгох явдал. Миний санал болгож буй зүйл батлагдвал хамгийн түрүүнд урт нэртэй хуулийг дэмжиж буй ТББ-ууд байгаль орчны хүмүүстэй төр нь, холбогдох яам нь өөрөө, тухайн аймаг суман дахь төрийн төлөөллийн байгууллагууд нь өөрт буй бүх мэдээллээ хуваалцах үүрэг хүлээж байгаа.

Ойлголцож чадвал тэд маш олон зуудаг нохой, хамгаалалтын алба хөлслөх шаардлагагүй.

Дараа нь компаниуд нь хэн нэгэн улстөрчийн халаасанд мөнгө хийх шаардлагагүй. Ойлголцож чадвал тэд маш олон зуудаг нохой, хамгаалалтын алба хөлслөх шаардлагагүй.  Айдас, үл ойлголцолтой байгаа учраас уул уурхайн компани хамгийн их хамгаалалтын алба авдаг.

Олон өөр бодолтой, өөр тийшээ харж буй хүмүүс нэг тийшээ явахыг ардчилал гэдэг. Ерөнхий сайдын үндсэн үүрэг бол нийгмийн дээр өөрөө гарчихаад чирээд явах биш, нийгмийн дотоод ойлголцол, зөвшилцлийг бий болгох ширээг эзэмшсэн байх явдал.