Г.Шийлэгдамба: Өчигдөр алдсан байж болно, өнөөдөр алдахгүй байх хэрэгтэй
Цаг үеийн асуудлаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай ярилцлаа.
-УИХ-ын ээлжит бус чуулган эхэлсэн ч эрх баригч нам, сөрөг хүчин үл ойлголцолд хүрээд байна. Шинэчилсэн Засгийн газарт хамтран ажиллаж буй МАХН энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Үл ойлголцолд хүрэх эсэх ч юу байх вэ дээ. Хамгийн чухал нь Улс орны эдийн засаг хүндхэн нөхцөлд байгаа энэ үед бид хамтарч хамгийн зөв арга зам шийдлийг олж эдийн засгийг тогтворжуулах үүрэгтэй.
Мэдээж намууд улс төрийн өнцгөөс гэхээсээ илүүтэй үүсээд байгаа нөхцөл байдалд бодитой хандаж өөрсдийн тавьж буй гарц, шийдлээ УИХ дахь бүлгээрээ дамжуулан гаргаж тавих хэрэгтэй. Түүнээс биш хэн нэгэндээ улс төрийн тулгалт үзүүлж хэрүүл уруулаар асуудалд хандах нь энэ улс оронд сайн зүйл авчрахгүй.
МАХН-ын хувьд цаг алдахгүй шаардлагатай асуудлаа засгийн газарт гарган тавьж, УИХ-аар хэлэлцэн шийдвэрлүүлэх нь зүй ёсны хэрэг гэж үзэж байна. Гэвч хэлэлцэж байгаа асуудлууд дотор тооцоо судалгаа муутай хэрэгжилтийн хэтийн үр дүн тодорхойгүй зэргээр шүүмжлэл дагуулсан асуудлууд байгааг анхаарахаас өөр яахав.
-Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн учраас ээлжит бус чуулган хуралдаж, таван хуулийн төсөл хэлэлцэж эхлээд байна. Асуудлыг заавал УИХ-аар шийдэх шаардлага байсан уу?
-Энэ бол зүй ёсны асуудал. Гэхдээ асуудлуудын гол нь УИХ ээлжит бусаар хуралдах эсэхдээ биш юм. Гол нь нөхцөл байдлыг сайжруулах нэгдмэл бодлогод УИХ хүрэх нь чухал.
-Эдийн засгийн хүндрэл үүсэхэд, хөрөнгө оруулалт буурахад манай улсын хууль эрх зүйн орчин нөлөөлсөн, өмнөх Засгийн газрын алдаа байсан гэж одоогийн эрх баригчид үзэж байгаа. Энэ оновчтой дүгнэлт мөн үү?
-Эдийн засгийн ноцтой хямрал үүссэн гэж үзэхгүй байна. Харин хөрөнгө оруулалт буурч орлого багассан уу гэвэл багассан. Аль ч цаг үеийн эрх баригчдад алдаа онооны асуудал хамаатай байдаг. Алдааг засаж авах, амжилтыг үргэлжлүүлж бататгах гэсэн энгийн нэг ойлголт бий. Тэр ч утгаараа бүхнийг өмнөх рүүгээ хамаатуулбал утгагүй хэрэг.
Одоогийн УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа нөхдүүд бас өмнө нь УИХ, Засгийн газарт ажиллаж л байсан шүү дээ. Тиймээс өчигдөр алдсан байж болно, өнөөдөр алдахгүй байх хэрэгтэй, бас үүрэгтэй. Ер нь УИХ, Засгийн газарт цус сэлбэлт хэрэгтэй болсон байна гэх хүмүүсийн яриаг чихнийхээ хажуугаар өнгөрүүлж боломгүй мэт.
Учир нь аанай л нөгөө хэд гэдэг шиг, сүүлдээ бүр хөрөнгө өвлүүлдэг шиг, угсаа залгамжилдаг юм шиг л болж байна. Сүүлийн 23 жилийн хугацаанд 200 гаруйхан хүн л тогтмол УИХ-ын сонгуульд өрсөлддөг, тэднээсээ 76 хүн л сонгогддог болж. Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэдэгчлэн шоолох ёгтлохын хооронд ард иргэд ярьж байна.
Тэгэхээр манай улсад эдийн засгийн хямрал үүссэн гэхээсээ өмнө улс төрийн шатандаа хүний нөөцийн хямрал үүссэн гэж үзэж болно. Тэгэхээр бид улстөрчдийн хүний нөөцийн бодлогод нэн түрүүнд анхаарал хандуулах хэрэгтэй болж байна.
-Сөрөг хүчин болох МАН-ын зүгээс шинэчлэлийн Засгийн газар ажиллахгүй, арчаагүй байснаас ийм байдал үүссэн гэж шүүмжилж, бүлгээс нь дүгнэлт хүртэл гаргалаа. Гэтэл МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй байсаар байна. Энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд ямар санал, бодолтой байгаа вэ?
-“Шударга ёс” эвслийн бүлгийн өмнөөс ямар нэгэн тайлбар, дүгнэлт өгөх эрх бүхий хүн би биш л дээ. Ер нь Засгийн газрыг ерөнхийд нь дүгнэж хэлэхэд үйл ажиллагаандаа дүн тавиулах цаг хугацаа их ойртож байгааг анхаарч байгаа болов уу гэж бодож байна.
Өмнө нь яаран дүгнэх цаг хугацаа хараахан болоогүй байгаа тухай хүмүүс болоод би хэлж байсан санагдана. Товчхондоо Засгийн газар ажиллахгүй байсан гэж яривал дэгсдүүлсэн хэрэг болно. Харин арчаатай байсан үгүйн тухайд өөр хэрэг. Ярих ёстой асуудал мөн.
-Хэрэв эрх баригчдын буруу байгаа бол танай намын сайд нарт ч хамаатай гэсэн үг биз дээ?
-Засгийн газар кабинетийн зарчмаар ажилладаг.
-Ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй асуудал болоод өнөөдөр нийгэмд үүссэн нөхцөл байдлын талаар МАХН дотооддоо ярилцаж, дүгнэлт хийсэн үү. УИХ дахь эвслийн бүлэгт ямар нэгэн чиглэл өгсөн үү?
-Тодорхой түвшинд ярилцаж, санал бодлоо солилцож л байна. УИХ-ын эвслийн бүлэгт шууд чиглэл өгөх нөхцөл байдал одоогоор үүсээгүй байна. Ээлжит бус чуулганы хувьд ийм байна.
Харин цаашлаад намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын хүрээнд тодорхой бэлтгэж, төлөвлөсөн асуудлууд байгаа. Ер нь цаашид МАХН-ын зүгээс УИХ дахь эвслийн бүлэгтэй харилцан ажиллах, харилцаагаа идэвхжүүлж ажиллах зүй ёсны шаардлага нөхцөл байдал тулгараад байгаа.
-Нийгэмд нэлээд дуулиантай асуудал гарлаа. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх Журмын тухай хуулийг өөрчлөхийг иргэний хөдөлгөөнийхөн эсэргүүцэж Төрийн ордны ойролцоо буун дуу гаргалаа. Үүний цаана ямар асуудал байгаа гэж харж байна вэ?
-Урт нэртэй хуулийн хувьд батлагдаад дөнгөж дөрвөн жил болж буй хууль шүү дээ. Өнөөдөр зайлшгүй өөрчлөх хэрэгтэй гэж байгаа нь цаанаа олон эрсдэлийг дагуулж байна. Өөрчилж болох хэдий ч ийм настай хуулийг баталж, нийгэмд бухимдал төрүүлэх нөхцөл бүрдүүлж байгаадаа УИХ ямар дүгнэлт хийж байгаа хэрэг вэ?
Манай улсад эдийн засгийн хямрал үүссэн гэхээсээ өмнө улс төрийн шатандаа хүний нөөцийн хямрал үүссэн гэж үзэж болно.
Ер нь бүхнийг иргэний хөдөлгөөнийхөн гэж хавтгайруулж хэрэггүй болов уу. Aрд түмэн үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрх нь нээлттэй. Гэхдээ аливаа асуудлыг хүчээр шийдэх гэж оролдох нь буруу. Тиймээс Монгол хүн ёс жудгаа бодсон ч тэр төрийнхөө ордон руу буу шагайна гэдэг байж болохгүй үйлдэл .
-Бүх зүйл хэн нэгний эсвэл хэсэг бүлэг хүмүүс, бүлэглэлийн захиалгатай хийсэн ажил гэж зарим улстөрчид хэлэх юм. Валютын ханш өссөн, хөрөнгө оруулалт буурсан, буун дуу гарсан нь санаатай, зохион байгуулалттай үйлдэл гэдэгтэй санал нийлэх үү?
-Тэгж хэлж байгаа улс төрчид нь хэн нэгэн, хэсэг бүлэг хүмүүс, бүлэглэлийн захиалгатай хийсэн ажлын цаадах эздийг нэрлэнэ биз. Эрхбиш улс байна даа. Тийм ч амархан гадна, дотныхны явуулгаар дотроо гэдсэндээ хөлөө жийлцэхгүй байлгүй дээ гэж найдаж байна. Tуйлын үнэн, туйлын худал гэж үгүй. Тэгэхээр үүнийг цаг хугацаа харуулна биз ээ.
-Тухайлбал, валютын ханшийг зохиомлоор хөөрөгдсөн этгээдийг олж хариуцлага тооцно гэж Ерөнхий сайд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байгаа шүү дээ?
-Ерөнхий сайд хүн хариуцлагагүй, баримт нотолгоогүй зүйл ярих ёсгүй юм. Tиймээс үүнийг хууль шүүхийн байгууллага шалгаж тогтооно биз.
-Нөхцөл байдал цаашид хэрхэн үргэлжлэх тухайд олон талын тайлбар дүгнэлт явж байна. Таван хууль өөрчлөнгүүт хөрөнгө оруулагчид манайх руу хошуурна гэж найдаж буй нэг хэсэг байхад, эдийн засгийн нөхцөл байдал ирэх он хүртэл хүндхэн үргэлжилнэ гэх юм. Эрх баригч намтай хамтран Засгийн газарт ажиллаж буй МАХН ямар дүгнэлт өгөх вэ?
-Нөхцөл байдал хэрхэн нааштай эргэж болохын тухайд Засгийн газар, УИХ-ын хамтын ажиллагаанаас голлон шалтгаална биз. Бага улстөржиж, ажил хэрэгч нийтлэг эрх ашгийн төлөө улс төрийн голлох намууд, улмаар УИХ дахь бүлгүүд нэгдмэл нэг байр суурин дээр хүрч ажиллаж чадвал гадна дотнох нөхцөл байдал, тэр тусмаа хөрөнгө оруулалтын орчинд эерэг хандлага гарах л болно.
Дүгнэж хэлэхэд бүх талын тогтвортой орчин л энэ улс оронд хэрэгтэй байна гэх үү дээ. Харин ард түмний эрх ашгийн эсрэг хийгдсэн, ард түмний баялгийг шударга бусаар хуваан авах байдлаар гарсан шийдвэрүүдээ даруйхан өөрчилж, засаж авах ёстой гэдгээ ойлгож авсан болов уу гэж хууль тогтоогч нарт найдаж байгаагаа хэлмээр байна.