Ц.Даваасүрэн: Хуулийн бус намын өмнө бөхийдөг төрийн түшмэдийн дунд бидний амьдрал өрнөж байна
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2013.09.03

Ц.Даваасүрэн: Хуулийн бус намын өмнө бөхийдөг төрийн түшмэдийн дунд бидний амьдрал өрнөж байна

Time.mn-ийн таван асуултад УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн дараах хариултыг өгчээ.

-Төсвийн орлого тасалдах нь тодорхой болж буйг олон хүн хүлээн зөвшөөрч байна. Одоо ямар гарц байгаа вэ?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шалгуураар харвал тодотгол хийх үндэслэл харагдахгүй байна. Уг хуульд төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас давсан тохиолдолд төсөвт тодотгол хийж байхаар хуульчилсан байдаг.

Гэтэл энэ оны эхний долоон сарын төсвийн гүйцэтгэлийг харахад төсвийн алдагдал 825 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн байхад харин ч 680 тэрбум төгрөгөөр сайжирч 145 тэрбум төгрөг болсон байна.

Ийм тохиолдолд төсөвт тодотгол хийх хууль зүйн үндэслэл байхгүй. Нөгөө талаар хямралыг давах арга зам бол төсвийн зарлагаа багасгаж бизнесийн идэвхжилээ бууруулж эдийн засгаа хөгжлийн хурдцаа саармагжуулах явдал гэж үзэхгүй байна.

-Татвар нэмэгдүүлэх замаар Төсвийн орлогыг бүрдүүлэхээс өөр арга бий юү?

-Төсвийн зарлага, санхүүжилтээ аль болох бизнесийн салбартаа хийж, идэвхжүүлэх замаар тэдний борлуулалтыг нэмж татвараа нэмэгдүүлэх бодлогыг явуулах нь үр дүнтэй. Ер нь Засгийн газрын бэлэн мөнгөний төлөвлөлт, удирдлагаас л хамаарна.

Орлогын урсгал тасалдлыг нөхөхөд зориулсан 800 гаруй тэрбум төгрөгийн бондын эрхийг УИХ-аас Засгийн газарт олгосон байгаа. Мөн Монголбанк дахь Засгийн газрын пассив энэ оны долоон сарын байдлаар 3.9 их наяд төгрөг байна.

Энэ бүхэн мөнгөний урсгал зохицуулалт хийхэд хангалттай мөнгө шүү. Төсвийн хүндрэлийг даван туулахад зориулсан Тогтворжилтийн санд л гэхэд 300 сая доллар хуримтлагдсан байна. Тэгэхээр тодотгоно, танана гэхээс өмнө байгаа бүх боломжоо ашиглах хэрэгтэй дээ.

-Өмнөх парламентад та сууж байсан хүмүүсийн нэг. Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан хүний хувьд энэ парламент хууль эрхзүйн орчны ямар өөрчлөлтүүдийг яаралтай хийх шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Эдийн засаг, төсөв, санхүүгийн зарим үзүүлэлтүүд төлөвлөсөн хэмжээнд биш байгаа нь үнэн. Гэхдээ үүнийг хямралд орчихлоо гэж төсөөлж болохгүй. Харин хямрал нүүрлэж байна гэвэл тийм гэж хэлье. Иймд байгаа боломжууддаа түшиглээд цаг алдалгүй оновчтой шийдвэр гаргаж түүнийгээ тууштай баримтлан ажил хэрэг болгоод явбал хямралыг тойрох бололцоо манайд бий. 

Манайд ганц, хоёр бус хэдэн 10, 100-гаар яригдах баялаг ордууд байж байна шүү дээ. Алтан дээр сандайлж суучихаад бүсээ чангална, өлсөнө гэхээр гадныхан биднийг цаагуураа тохуурхаж байгаа. Баялаг бол бидний маш том давуу тал. Дэлхий дээр харилцан үр ашигтай гэрээ хийгээд ордыг эргэлтэд оруулчих түншүүд мундахгүй.

Манайд ганц, хоёр бус хэдэн 10, 100-гаар яригдах баялаг ордууд байж байна.

Богино хугацаанд үр дүнгээ өгч, эдийн засгийг идэвхжүүлэх ямар арга замууд байж болох вэ гэдэг талаар товчхон саналаа хэлье. Гадны хөрөнгө оруулалтын эрх зүйн орчноо сайжруулаад гадна хөрөнгө оруулалтыг татах асуудал яригдаж байна. Энэ зөв. Тэгэхдээ үлдсэн гурав, дөрвөн сард үр дүн нь гарчих арга хэмжээ биш юм. Тодорхой хугацаа авна.

Валютын ханшийг тогтворжуулахын тулд валютын нөөцөө нэмэгдүүлэх ёстой. Энэ чиглэлд богино хугацаанд үр дүнгээ өгөх хоёр арга зам байх шиг байна. Экспортоо нэмэгдүүлэх, гаднаас зээл авах юм. Экспортын 90 хувь нь урд хөршөөс хамааралтай байгаа тохиолдолд тэдэнтэй хэл амаа ололцож, харилцан үр ашигтай бизнесийн үйл ажиллагааг цаг алдалгүй шуурхайлах хэрэгтэй байна.

Хойд хөрштэй ч гэсэн эдийн засгийн хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлагатай. Гадаад зах зээл дээрээс 1-2 тэрбум долларын зээл авъя. Энэ хэмжээний өр манай нэг л ордын хэдхэн хувь шүү дээ. Тэгээд аль нэг орд дээрээ гадны менежмэнт оруулан ашиглаж, олсон орлогыг нь төсөвт татахгүй, тусгай дансанд төвлөрүүлээд зөвхөн гадаад зээлээ төлдөг ирээдүйд өрийн дарамт үүсгэхгүй тогтолцоог бий болгоод явъя.

Ийм байдлаар импортоо санхүүжүүлэх хэмжээний валютын нөөц бүрдүүлж чадвал бизнесээ идэвхжүүлэхэд битгий гар тат, мөнгө хий, борлуулалтыг нь нэмэгдүүл, татвараа олж ав гэсэн бодлого бариад явахад үр дүн гарах байх аа.

-Энэ Засгийн газрын үед парламентийн үүрэг сул болж буйг зарим гишүүд хэлэх боллоо. Үүнтэй санал нийлэх үү?

-Бодит байдалд намуудын зөвшилцөл, шийдвэр гэдэг нь Үндсэн хууль болон бусад хуулиас давж үйлчилдэг болчихсон байна. Үүний тод жишээ түрүүн хэлсэн Үндсэн хуулиа зөрчсөн Сонгуулийн хуульд байгаа нам сонгодог заалт. Санал өгөх хуудсанд намуудын нэрийн ард төлөөлөх хүмүүсийн нэр байдаггүй. 

Намын бүлгийн шийдвэр нэрийн дор ард түмний төлөөлөл УИХ-ын гишүүдээр хүсээгүй зүйлийг нь хийлгүүлдэг зарчим өнөөдрийг хүртэл үйлчилж байна.

Зөвхөн намын нэр бичигдсэн учраас сонгогчид арга буюу түүнийг нь дугуйлсан. Намын нэрийн ард төлөөлөх хүмүүсийн нэр байж түүнээс сонгосон бол яая гэхэв. Тийм зүйл ч байсангүй. Үндсэн хуулийн манаач гэгдэж өөрийгөө дөвийлгөсөн Цэцийн гишүүд нь мэдсэн ч мэдээгүй мэт царайлж, нүдээ аниад өнгөрлөө шүү дээ. 

Хуулийн өмнө бөхийдөг бус намын өмнө бөхийдөг ийм л төрийн түшмэдийн дунд л бидний амьдрал өрнөж байгаа нь нууц биш юм. Уг нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10-д намууд хуулийг сахиж, дээдлэн биелүүлнэ гээд заачихсан.

Бодит амьдрал дээр энэ заалтыг намууд мөрддөггүй. УИХ-д л гэхэд намын бүлгийн шийдвэр гэдэг нэрийн дор ард түмний төлөөлөл УИХ-ын гишүүдээр хүсээгүй зүйлийг нь хийлгүүлдэг зарчим өнөөдрийг хүртэл үйлчилж байна. Ийм нөхцөлд Үндсэн хуулийг улам дордуулсан өөрчлөлтүүд хийж болзошгүй.

-Үнэ тогтворжуулах олон хөтөлбөр санаачилж, гардан хэрэгжүүлсэн ч ганцхан зах шатахад үнийн өсөлт эрс мэдрэгдэж эхэллээ. Засгийн газар энэ үед ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Энгийн жишээ хэлье. Иргэд цалин, тэтгэврээрээ талх, гурил, хүнсний ногоо худалдан авч худалдааны бизнес эрхэлж буй хүмүүсийн борлуулалтыг нэмэгдүүлнэ. Улсын хөрөнгө оруулалтаар барилга, байгууламж барихад тийм үйл ажиллагаа явуулж буй бизнесийн компаниудын орлого нэмэгдэж, татвар төлөх боломж бүрдэнэ биз дээ.

Төсвөөс санхүүжилтээ багасгая, нөгөө бараа нь борлогдохгүй, хийх ажил олдохгүй орлогогүй тохиолдолд ямар орлогоороо компаниуд татвараа төлөх вэ дээ. Ер нь татварын орлогын төлөвлөгөө биелүүлэх зорилго тавьж хасна, танана гэвэл зах зээлд буруу сигнал өгч бизнесийн орчин муудаж татварын орлого бүрдэхгүй болно.

Тиймээс миний хувьд төсөв тодотгох үндэслэл, шаардлагыг олж харахгүй байна. Харин аль болох зарлагаа санхүүжүүлж, бизнесээ идэвхжүүлэн орлогыг нь нэмэгдүүлэх замаар татвараа олж авахын төлөө л ажиллая гэх байна.