Оюу толгойн ТУЗ-ийн шинэ гишүүд “Рио тинто”-той зөвшилцөхөөр явжээ
УИХ-ын нэр бүхий 16 гишүүн “Оюу толгой” төслийн нэмэлт санхүүжилтийн асуудлаар Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлэв. Энэ талаараа өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийж, зарим гишүүн байр сууриа илэрхийллээ.
“Рио Тинто” компани “Оюу толгой” төслийг хэрэгжүүлэхэд нэмэлт санхүүжилт шаардлагатай хэмээн Монголын Засгийн газарт энэ асуудлыг зөвшөөрч баталгаажуулах хүсэлт тавиад буй. Хэрвээ тэдний хүсэлтийг хүлээн зөвшөөрвөл Монголын ард түмэн хохирно гэж дээрх гишүүд үзжээ.
“Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах чиглэлээр Засгийн газар ажиллах ёстой гэж Засгийн газрын гишүүн Сангийн сайд Ч.Улаан, Шадар сайд Д.Тэрбишдагва, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Баярсайхан, Б.Болор, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Б.Наранхүү, А.Тлейхан, С.Одонтуяа, Л.Цог, Ц.Цолмон, Р.Бурмаа, Ж.Батсуурь, Ж.Батзандан нар гарын үсэг зуржээ.
“Рио Тинто” компани урт хугацаат их хэмжээний зээл зуучлан өөртөө баталгааны шимтгэл хэлбэрээр 5.7 тэрбум ам.доллар, менежментийн төлбөр болон роялти хэлбэрээр 1.4 тэрбум ам.доллар нэмж авсан. Мөн зээлийн барьцаанд “Оюу толгой” компанийн биет болон биет бус хөрөнгийг бүхлээр нь тавьж Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулж байгаа аж.
Засгийн газар “Рио тинто”-гийн болзлыг хүлээн зөвшөөрч хэрхэвч болохгүй. Зөвшөөрөх юм бол холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой хэмээн шаардах бичиг өгч буй нь энэ. УИХ-ын гишүүн Г.Уянга “Оюу толгой” компанитай холбоотой мэдээллийг ойрын үед УИХ-аар сонсч, тус компанийн ТУЗ-д Монголын талыг төлөөлж байсан гишүүдээс мэдээлэл авах ёстой гэлээ.
“Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах чиглэлээр Засгийн газар ажиллах ёстой.
Өнгөрсөн наймдугаар сараас хойш “Рио тинто”-той хэлцэл хийнэ гэж Засгийн газрын тэргүүн мэдээлж байсан ч есдүгээр сартай золгосон. “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтаараа Н.Алтанхуяг хэдэнтээ ингэж хэлж байсан ч өнгөрсөн бямба гарагт л ТУЗ-ийн шинэ гишүүд Лондонг зорив.
“Оюу толгой” компанид Монголын талыг “Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд, Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал Г.Тэмүүлэн нар төлөөлөхөөр болж, анхны уулзалтаа “Рио тинто” компанийнхантай хийхээр явлаа. Гэхдээ уулзалтаар ямар нэг шийдэлд хүрч чадах эсэх нь эргэлзээтэй байгаа. Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад шаардлага гардууллаа.
Оюу толгойн шинэ гүйцэтгэх захирал Крейг Киннел өнгөрсөн лхагва гарагт Уул уурхайн сайд Д.Ганхуягтай уулзаж, Монголын хууль, журам, хамтын ажиллагааны гэрээгээ чанд баримталж ажиллахаа хэлсэн. Тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдэх талаар ч ярилцаж. Тэгэхээр хоёр талаасаа зөвшилцөж, асуудлаа шийдэх гарц хайж буй учир ойрын үед Оюу толгойгоос шинэ мэдээлэл дуулдаж мэдэх нь.
Шинэ захирлын үг “Рио тинто”-гийн удирдлагуудынхаас хол зөрөхгүй болов уу. ТУЗ-ийн гишүүд уулзалт товлосон цаг хугацаа цаанаа учиртай байж ч болох.
Анхны хөрөнгө оруулалтын зардал төлөвлөснөөс хэтэрсэн талаар тодорхой тайлбарыг манай талаас хүсч байгаа. Түүнчлэн далд уурхайн хөрөнгө оруулалтын санхүүжилтэд Засгийн газраас зөвшөөрөл авах хүртлээ бүтээн байгуулалтаа хойшлуулсан. Нийтдээ 5.1 тэрбум ам.долларын өртгөөр далд уурхайн бүтээн байгуулалт хийх байсан ч үйл ажиллагаагаа зогсоож, нэг дор олон хүн ажлаас нь халсан.
Үүнээс нэг их удалгүй “Эрдэнэс Оюу толгой”-н захирал асан Ц.Сэдванчигийг ажлаас нь чөлөөлсөн. Оюу толгойн зээлийн гол нөхцөлүүд Монгол Улсын хууль, холбогдох гэрээтэй зөрчилдөж байгаа талаар тайлбарласан захидал бичсэн учир түүнийг Засгийн газар, УИХ-ыг төлөөлж илгээсэн хэмээн буруутгаад байгаа.
Ц.Сэдванчиг захидлыг боловсруулж, Засгийн газраар хянуулсны дараа илгээсэн гэдгээ хэлдэг. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг далд уурхайн хөрөнгө оруулалтыг УИХ-аар заавал шийдэхгүй, хуулийн талаас асуудал гарах юм бол Засгийн газар парламентад оруулах магадгүй гэж тайлбарлана.
Ямар ч байсан Оюу толгойг тойрсон энэ олон ээдрээтэй асуудлыг тайлах эхний гарц “Рио тинто” компанийнхантай Монголын талын ТУЗ-ийн гишүүдийн хэлцэл. УИХ-ын 16 гишүүн Ерөнхий сайдаас “Рио тинто”-гийн болзлыг битгий хүлээж ав, хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулахаар ажилла гэж шаардаж байна.
Тэгэхээр ээлжит бус чуулганаар Засгийн газрын оруулсан таван хуулийн төслийг хэлэлцэх хэдий ч залгуулан хуралдах намрын чуулганаар Оюу толгойн талаар яриа, асуулга тасрахгүй нь гэсэн үг боллоо. Монголын тал байр сууриа хамгаалж, Оюу толгойн ээдрээт олон асуудалд цэг тавьж чадах юм бол зугатаж алга болсон гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл жаахан ч гэсэн сэргэх болов уу.