УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2013.09.06

Ц.Даваасүрэн: Бид ганцхан компаниас хамаардаг эдийн засагтай байж болохгүй

ТВ-9 телевизийн “Энэ өдрийн зочин”-оор УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн оролцлоо.

-Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэх ёстой. Төсвийн тодотголоор тодорхой зүйлүүдийг оруулах ёстой гээд байгаа. Энэ тал дээр?

-Миний хувьд төсвийн тодотгол хийх үндэслэл, хууль зүйн гаргалгаа олж харахгүй байгаа. Энэ жилээс эхэлж үйлчилж буй төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар ямар үед төсөв тодотгохыг хуульчилсан. Тухайлбал, төсвийн алдагдал ДНБ-ий таван хувиас дээш болсон тохиолдолд төсөв тодотгоно гэсэн заалттай.

Гэтэл эхний долоон сарын гүйцэтгэлийг харахад 840-өөд тэрбум төгрөгийн алдагдалтай байна гэж бодож байтал гүйцэтгэлээр 145 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Алдагдал нь сайжирсан байхад төсөв тодотгоно гэж ярьж болохгүй.  

-Экспорт буурсан гэсэн мэдээлэл бий. Гэтэл Засгийн газрын тэргүүн хэлэхдээ бид ашиг олохын тулд биш өрөө барагдуулахын төлөө ажиллаж байгаа гэсэн тайлбарыг хийж байгаа.

-Экспорт буурахад гол нөлөөлсөн зүйл нь үнэ. Бидний төлөвлөж байсан хэмжээнээс буурсан. Цаашид энэ бууралтаа нөхөхийн тул экспортынхоо объёмны хэмжээг нэмэгдүүлэх бололцоог харах ёстой. Тухайлбал, бидний урд хөршид нийлүүлж байсан нүүрсний хэмжээ хурдацтай буурсан. Түүнийгээ нэмэгдүүлэх гарцыг хайх хэрэгтэй.

Хямрал гэдэг зүйл хэдэн арван жил үргэлжлэхгүй. Хоёр гурван жилийн л зүйл. Тэр хугацаанд л өөрсдөдөө байгаа санхүүгийн арга хэрэгслүүдээ ашиглах ёстой. Бидэнд баялаг дээрээ түшиглээд янз бүрийн арга хэрэгсэл ашиглан, санхүүгийн зах зээлийг тогтвортой байлгах бололцоо бий.

-Олон нийтэд хүрч буй мэдээлэл улстөржсөн тайлбараар хүрч байгаа болохоос эдийн засаг хямраагүй гэж ойлгож болох уу?

-Төлөвлөсөн хэмжээнд биш гэж ойлгож болно. Авах арга хэмжээ, боломжуудаа л цаг алдалгүй авах хэрэгтэй. Долоон сарын гүйцэтгэлийг харахад Засгийн газарт мөнгө байсан ч гүйцэд ашиглаагүй зүйл харагдаж байна.

-Бондын зарцуулалтын талаар?

-Бондын мөнгөний ашиглалт муу байна. Төв банкин дээрх 3,9 их наядын пассивын дийлэнх нь бондын мөнгө байна. Бондын ашиглалт эрт эхэлсэн бол импорт, гаалийн татвар нэмэгдэх байсан.

Гэтэл өнөөдөр гаалийн татварын төлөвлөгөөний биелэлт 57-хон хувьтай байна. Тодорхой үр ашигтай байхын тулд бодлогоо зөв гарган, бодлогынхоо дагуу төлөвлөлтөө хийгээд санхүүжүүлээд явах хэрэгтэй.

-Оюутолгойн асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Энэ удаагийн Засгийн газрыг Оюутолгойтой гэрээгээ сайжруулах чиглэлээр зөв бодлого явуулж байна гэж харж байгаа. Үүнийг нөгөө компани нь янз бүрийн шахалт дарамт үзүүлэх чиглэлээр шийдүүлэх гээд байгааг ортой гэж бодож байна.

Яриад байдаг ч ажил хэрэг болдоггүй нь бидний төрөлхийн мэт сул тал болох гээд байна.

Гэхдээ бид нэг компаниас хамаардаг эдийн засагтай улс орон байж болохгүй. Бид хоёр хөршөөсөө нүүгээд явж чадахгүйгээс хойш тэр бол мөнхийн хувь заяа. Үүнийг хүлээн зөвшөөрнө.

Харин нэг компаниас хамаараад, тэр нь бидний хүлээж авахгүй бодлогыг тулгаад явна гэж байгаа бол тийм зүйл байхгүй. Тиймд олон талт эдийн засагтай байх чиглэлд, олон харилцагчтай байхын төлөө ажилла. Тэрнээс биш ганц Оюутолгойтой битгий зууралд гэж хэлэх байна.

-Төсвийн байнгын хорооны даргын хувьд Рио Тинто манай эдийн засгийн хямралд огт нөлөөлөхгүй гэж хэлж чадах уу?

-Тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ. Гэхдээ энэ их баялагтай улс орон байж ганцхан компаниас хамааралтай байж хэзээ ч болохгүй. Манай нүүрс гадаад зах зээлд нийлүүлээд экспортоо олоод явахад асар их бололцоотой салбар.

Зөвхөн бидэнд менежмент дутагдаад байна. Бид өөрсдөөсөө шалтгаалаад удаашралтай байгаа учир ганц төслөөс хамааралтай юм шиг харагдаад байгаа болохоос олон төслүүд бий.