2013.09.19

Х.Амгаланбаатар: Ажиллах хүчний ур чадвар гологдож байна гэдэгтэй санал нийлэхгүй

Өнөөгийн байдлаар “Оюутолгой” компанийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, бусад хэлтэс тасгууд хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 7000 монгол ажилтан ажиллаж байгаа ажээ.

Оюутолгой компани Монгол улсын засгийн газартай байгуулсан гэрээнд зааснаар нийт ажилчдын 90 хувь нь Монгол ажилчид байна гэж тусгасан бол өнөөдрийн байдлаар Монгол ажилчдын тоо хэмжээ 63 хувьтай байна.

Энэ талаараа Оюутолгой компанийнхан Монгол ажилчдын ур чадвар дутмаг байгаа тул гаднаас ажилчид авч ажиллуулж байгаа гэсэн тайлбар өгсөн.

Олон улсын жишгээр гэрээнд заасан хувь хэмжээнд хүрэхгүй байгаа тохиолдолд тухайн улсын засгийн газарт хувь хэмжээ дутуу байгаа иргэдийн тоо бүрээр мөнгө төлдөг. Харин Рио тинто манай улсад энэ талаар нөхөн төлбөр төлөөгүй. Энэ талаар:

Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:

Оюу толгой ХК-д 7000 монгол ажилтан ажиллаж байна

Манай улсад уул уурхайн чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчнүүд хангалттай байгаа. Ур чадварын хувьд ч гэсэн өмнө нь бэлтгэгдсэн өндөр боловсролтой инженер техникийн ажилтнууд байгаа учраас ажиллах хүчний ур чадвар гологдож байна гэдэгт санал нийлэхгүй байна.

Олон улсад мөрдөгддөг нөхөн төлбөрийн системд ур чадварын асуудлын талаар нарийн заасан байдаг. Хэрвээ хөрөнгө оруулалт авсан тухайн улс орны мэргэжилтнүүдийн ур чадварын шаардлага хангахгүй байгаа тохиолдолд нөхөн төлбөрийг тухайн компаниас засгийн газар авдаг.

Нөхөн төлбөрийн хөрөнгөөр тухайн засгийн газар дутмаг хүний нөөцийг мэргэшүүлж авдаг байна. Энэ талаар манай хөдөлмөрийн хуульд ч мөн адил заасан байдаг байна.